| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2019/00697/И |
| Дугаар | 102/ШШ2019/01277 |
| Огноо | 2019-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2019/01277
| 2019 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2019/01277 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК-д холбогдох
148,912,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь манай компанитай 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Т/334 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах” гэрээ байгуулсан. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан Т/334 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Худалдан авагч 4.2-т заасан нөхцөлөөр авсан тохиолдолд хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Худалдан авагч нь шатахуун болон барааны төлбөрийг тээврийн хөлсний хамт энэ гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө”, “Алдангийн үүссэн үүрэг тус бүр /шатахуун болон бараа нийлүүлэлт тус бүр/-т тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно” гэж заасан. Иймд “С” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Т/334 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 99,275,200 төгрөг, алданги хуульд заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги болох 49,637,600 төгрөг, нийт 148,912,800 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.
Талууд гэрээний дагуу шилжүүлсэн зүйл болон тооцоолол дээрээ ямар нэг маргаангүй байна. Хариуцагч талаас алданги чөлөөлүүлнэ гэж хүсч байгаа нь үндэслэлгүй. Бид өөрсдөө цаашаа зээлтэй, зээлийн өндөр хүү төлөөд хохирч байдгийг хариуцагч тал ойлгох хэрэгтэй байна гэжээ.
Хариуцагчийн “С” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК-иас тус компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тус хоёр компанийн хооронд 2018 оны 6 дугаар сарын 27-нд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ"-ээс үүссэн үндсэн өрийн үлдэгдэл 99,275,200 төгрөгийг төлөх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бид улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг тул өнөөдрийн байдлаар энэхүү төлбөрийг төлөх боломжгүй байгаа бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлөх боломж гарч ирэх учир тэр үед төлөх хүсэлтийг тавьсан. Манай хоёр байгууллага олон удаа хамтран ажиллаж байсан бөгөөд өмнө нь ийм хүндрэл, чирэгдэл учирч байгаагүй. Энэ жил санхүүгийн нөхцөл байдал хүнд, төлбөрийн чадвар муу байгааг, мөн олон удаа хамтран ажиллаж байсан нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжилсэн алдангийг бууруулж өгнө үү гэж шүүхээс хүсч байна гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Ш” ХХК болон “С” ХХК-иуд Т/334 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ.
Дээрх гэрээний дагуу “Ш” ХХК нь “С” ХХК-д стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахуун нийлүүлэх, үүний хариуд “С” ХХК нь тодорхой төлбөрийг төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулж 148,912,800 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 99,275,200 төгрөг, уг гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйн хариуцлага буюу алданги 49,637,600 төгрөг, нийт 148,912,800 төгрөгийг хариуцагчаас шаардана” гэж тайлбарласан.
Хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Т/334 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийг бүрэн гүйцэд биелүүлээгүй буюу үлдэгдэл төлбөр нь 99,275,200 төгрөг байгаа, мөн гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ нь 49,637,600 төгрөг болсон эсэх тал дээр маргаагүй.
Харин “...алдангийн хэмжээ хэт өндөр байгаа”, “...төлбөрийг төлөхөд хугацаа хэрэгтэй” гэсэн агуулгаар өөрсдийн татгалзлаа шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, үүний хариуд худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн шатахууны төлбөрийн үлдэгдэл болох 99,275,200 төгрөгийг шаардах эрхтэй.
Түүнчлэн, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар тохирсон тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй. Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тодорхой хэмжээгээр буюу 19,637,600 төгрөгөөр багасгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч “С” ХХК-иас нийт 129,275,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 129,275,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,637,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 902,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 804,326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ