Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

   2023        01          30                                    2023/ШЦТ/92

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан эрүүгийн 2211016212055 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Г-н С, регистрийн дугаар хх000000, Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хими, технологич мэргэжилтэй, “ххххххххх” ХХК-д химич ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамжны 00 тоотод оршин суух, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 65 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-тай “найзыг нь газарт чирсэн” гэх асуудлаас маргаан үүсгэж, улмаар түүнийг газарт унагааж, нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас хүний биед зүүн нүдний доод зовхи, дух, зүүн чамархай, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Б.М-ын мэдүүлэг, гэрч Б.Ариунтамир, Б.Саруулбуд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар 12059 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Г.С:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Г.С нь 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-тай “найзыг нь газарт чирсэн” гэх асуудлаас маргаан үүсгэж, улмаар түүнийг газарт унагааж, нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсний улмаас хүний биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Дугаар 12059 тоот дүгнэлтээр тогтоогдсон “...Б.М-ын биед зүүн нүдний доод зовхи, дух, зүүн чамархай, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (хавтаст хэргийн 16-17 дахь тал) гэх гэмтлийг учруулсан болох нь хохирогч Б.М-ын мэдүүлсэн “...Саруулбуд хажуугаас орж ирээд маргалдсан. Тэгээд би машинаас буугаад Г.С-той заамдалцаад байж байтал миний нүүр рүү цохихоор нь би нүүрээ нуугаад газарт хэвтсэн чинь миний нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрч Б.Ариунтамирын мэдүүлсэн “...засвар дээр очоод манай нөхөр граж руу ороод би машин дотор сууж байсан чинь тэр хоёр хоорондоо маргалдаад М-, Саруулбудыг машинаас чирж гаргаад хувцасыг нь татаж чангаагаад байж байсан чинь манай нөхөр ирээд тэр хоёрыг салгаад М-ыг “чи яагаад бие муутай хүн дээрэлхээд байгаа юм бэ?” гэж хэлээд манай нөхөр М хоёр зууралдаад байсан ба энэ үед би машин дотроо сууж байсан болохоор яг сайн хараагүй. Тэгээд би машинаас буугаад харсан чинь манай нөхрийн дух нь шалбарсан, М-ын хамраас цус гарсан байдалтай байсан... Саруулбуд нь М-ыг огт цохиж зодоогүй ямар ч тийм зүйл болоогүй, тэр хоёр мөнгөний асуудал ярьж маргалдаж байгаад М- Саруулбудыг машинаас чирч буулгаад газраар чирээд байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), гэрч Ц.Саруулбудын мэдүүлсэн “...гаднаас авч орж ирсэн пивоо уугаад сууж байгаад М- бид хоёр мөнгөний асуудлаас болоод маргалдсан ба М- намайг алгадсан тэгсэн чинь Г.С гэрт маргалдлаа гар гээд хэлсэн чинь М- гарахгүй байсан тэгээд Сандагаа би машинаа явж засуулна бүгд гаръя гээд Г.С-, түүний эхнэр Ариунтамир, М бид дөрөв Зурагтад байх кузов засвар дээр ирээд Сандагаа засвар руу ороод бид гурав машинд нь сууж байтал М- намайг үгээр идээд, хатгаад намайг машинаас чирч буулгаад бид хоёр маргалдаж байсан чинь Г.С бид хоёрыг ирээд салгасан ба М- Г.С-той маргалдаад тэр хоёр дээр доороо ороод газарт өнхрөлдөж байгаад босоод ирсэн чинь М-ын хамраас цус гарч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), шүүгдэгч Г.С-ийн яллагдагчаар мэдүүлсэн “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ...Б.М Саруулбудыг газарт чирээд байж байхаар нь би очоод М-ыг татаж аваад салгасан чинь Б.М над руу дайрахаар нь би “чи үхсэндээ над руу дайраад байгаа юм” гээд Б.М-ыг хөлөөрөө хавсраад газар унагаасан ба бид хоёр шороон дээр өнхрөөд дээр доороо ороод ноцолдсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл  (хавтаст хэргийн 4 дэх тал) болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С нь хохирогч Б.М-ын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч нь өөрийн хууль зөрчиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.С-ийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 70 дахь тал), хохирогч Б.М, шүүгдэгч Г.С нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 62-63 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг болно.

5. Шүүгдэгч Г.С-ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон гэж үзэхээр байна.

 6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.С-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

7. Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн баримт гарган өгөөгүй ба цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Г.С-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

9. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Г-ын С /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.С-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.С-ид сануулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Г.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ГАЛБАДАР