Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

 

 

 

 

 

 

 

  2023        01          23                                   2023/ШЦТ/78

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан эрүүгийн 2311 00000 0020 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт О-ын Ц /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр, Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, дууны найруулагч мэргэжилтэй, ХХХ студийг эрхлэн ажиллуулдаг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэв фильм” нэртэй кино студи дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Я.Т руу шилэн эд зүйл шидэж хохирогчийн толгойн тус газарт онож хүний биед нь баруун зулайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогч Я.Т-гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 19 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч О.Ц:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч О.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэв фильм” нэртэй кино студи дотор согтуруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Я.Т руу шилэн зүйл шидсэний улмаас толгойн тус газарт оносны улмаас хүний биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Дугаар 19 тоот дүгнэлтээр тогтоогдсон “...Я.Т-гийн биед баруун зулайн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” (хавтаст хэргийн 23-24 дэх тал) гэх гэмтлийг учруулсан болох нь хохирогч Я.Т-гийн мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нээлтэнд очиж амжаагүй, орой хүлээн авалтанд Хүнсний 1 дэлгүүрийн Фрийдом ресторанд хүлээн авалтанд нь очоод байж байтал тухайн газрын хаах цаг болоод СУИС-ын хойно байрлах Зэв фильм, Халх продакшны оффис дээр очоод бид нар салаад тус тусынхаа оффис руу орсон. Би Халх продакшны залуучууд болох Лхагважаргал, Эргэжийбуу, Чойлхагва, Одгэрэл, Амартүвшин бид нар 0,7 литрийн 1 шил архи ууж дуусаад би Одгэрэлтэй хамт дэлгүүр орж пиво авчихаад орж ирэхэд О.Ц манай өрөөнд ороод ирчихсэн, хүмүүстэй юм яриад байсан. Тэгсэн манай найз Бат-Эрдэнэ “тэнгис дээр хүмүүстэй муудалцаад байна, чи хүрээд ир” гэж надад хэлэхээр нь би гарах гэсэн чинь О.Ц ахтай хамт орж ирсэн Буянтогтох “намайг байж бай” гэсэн, тэгэхээр нь би “явчихаад хүрээд ирье” гэж хэлсэн чинь О.Ц ах намайг “чи хэгжүүрхээд байна уу” гэхээр нь би “үгүй” гэсэн. Миний хажууд байсан Лхагважаргал “О.Ц ах чинь манай Өвөрхангай нутгийн ах байгаа” гэж хэлсэн. О.Ц надаас “аль сумынх” гэж асуухаар нь би “Хужиртынх” гэхэд би бол “Ёсөн зүйлийнх” гэхээр нь “манай өвөө Ёсөн зүйлийнх” гэж хэлэхэд ууж байсан пивотой аягаа над руу шидээд баруун талын чихний дээд хэсэгт онохоор нь би уурлаад бид хоёр барилцаж аваад өрөөнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би ярилцаад сууя гэсэн чинь над руу дайраад гарах уу гэхээр нь гарья гээд Чойлхагватай хамт гарсан. О.Ц түрүүлж гараад намайг гадаа хүлээж байсан. Гараад очиход шууд намайг барьж аваад зүүн талын шанаа хэсэгт цохиод намайг унагаасан, газарт ноцолдож байгаад би дээр нь гараад нүүр хэсэгт нь нэг цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал) гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл  (хавтаст хэргийн 3 дахь тал) болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ц нь хохирогч Я.Т-гийн биед халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч нь өөрийн хууль зөрчиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 69 дэх тал), хохирогч Я.Т, шүүгдэгч О.Ц нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 62-63 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 70 дахь тал) зэрэг болно.

5. Шүүгдэгч О.Ц-ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон гэж үзэхээр байна.

 6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Ц-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

7. Хохирогч Я.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой 120.000 төгрөгийн лазер мед эмнэлэгийн бэлэн мөнгөний орлогын баримт (хавтаст хэргийн 28 дахь тал) гаргаж ирүүлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Ц нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мэдүүлсэн “...Я.Т нь 2022 оны 12 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвийн яаралтай тусламжийн төвөөс 48.000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг О.Ц-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №04/5705 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг баримтууд авагдсан байна. Шүүгдэгч О.Ц нь 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 48.000 /дөчин найман мянга/, 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тус тус тушаасан баримт (хавтаст хэргийн 64 дэх тал) хэрэгт авагдсан байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч О.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

9. Шүүгдэгч О.Ц нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, дээрх гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн хэдий боловч урьдаас төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-ын Ц /РД:хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ц-эд сануулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч О.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.ГАЛБАДАР