Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/98

 

      2023        01          30                                    2023/ШЦТ/98

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Г” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч Ш.Э  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даравгай овгийн Ш.Э д холбогдох эрүүгийн 2311 00000 0006 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Даравгай овгийн Ш.Э , 1980 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хүчит Шонхор захад мах шулагч ажилтай, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар .....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Э  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оч бүрд” караокены үүдэнд хохирогч Б.О ыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр лүү нь гараараа цохих, унагах, биеийн цээж хэсэг рүү нь өшиглөж, хана мөргүүлж зодон эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун 5-р хавирганы зөрүүгүй далд хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салсад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хүзүү, хоёр өвдөгт зулгаралт, зулай, дагз, зүүн хоншоорт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай найз ажил тарахад хамт жаахан ууж сууя гэж дуудсан ба биднийг “Оч бүрд” караокед хамт сууж байхад булангийн ширээнд Б.О  таньдаг тэрэгчинтэй орж ирж суусан. Мөн түүний хажуугийн  ширээнд нь миний таньдаг хэдэн тэрэгчин сууж байсан тул би тэдэн дээр очиж мэнд мэндчихээд буцаж ширээндээ суусан. Манай найз нэг шил архи авсныг бид ууж байтал Б.О  манай ширээн дээр ирж суугаад юм ярьж байсан ба бид хамт гадаа гарж тамхи татаад буцаж орж ирснээ санаж байна. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ш.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.О ыг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр лүү нь гараараа цохих, унагах, биеийн цээж хэсэг рүү нь өшиглөж, хана мөргүүлж зодон эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун 5-р хавирганы зөрүүгүй далд хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салсад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хүзүү, хоёр өвдөгт зулгаралт, зулай, дагз, зүүн хоншоорт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- хохирогч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр би ажлаа тараад найз дүүгийн хамт Оч бүрд гэх караокед ороод нэг шил архи хувааж уугаад сууж байтал хажуу талын ширээнд миний танил дүү Б.А гэх залуу сууж байхаар нь явж очоод хамт суугаад ганц нэг пиво авч өгөөд ширээнд нь сууж байтал Б.А тай хамт явж байсан зүс таних ганц нэг удаа бол харж байсан залуу босож яваад бусад ширээнд очиж хүн хүнтэй маргалдах гээд байхаар нь би тухайн залууд хандаж “ахын дүү тайвшир хүнтэй битгий мууд их согтсон байна хоёулаа гарч тамхи татах уу” гэж хэлээд тухайн залууг дагуулж гараад гадаа тамхи татаад зогсож байтал Б.А гийн найз гэх хамт явж байсан залуу нь гэнэт намайг барьж аваад цохиж газар унагаад дээрээс дэвсээд өшиглөөд байсан тэгтэл тухайн караокеноос хүмүүс гарч ирээд салгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.. миний биед надад мэдэгдэж байгаагаар бол зүүн талын нүд хөхөрсөн дээд уруулны зүүн талын хэсэг сэтэрсэн /5 оёдол тавиулсан/, цээжний баруун тал хөндүүртэй амьсгал авч болохгүй байна Ш.Э .. намайг зодсон гэх залуу мөн байна...”, “...Би эрүүл мэндийн даатгал төлж үзээгүй тухайн хэрэг гарсан цагаас хойш би ямар нэгэн төрийн байгууллагаас төлбөртэй эмнэлгийн үйлчилгээ бол аваагүй өөрийн хувийн зардлаар хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ, сувилгаа хийлгэсэн. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардал болон бусад хохирол бүрэн барагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18 дахь тал/,

- гэрч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...найз Ш.Э атай өдөр 19 цагийн үед “Оч бүрд” караокед орж нэг шил архи аваад ширээнд сууж байтал Б.О  бид хоёрын ширээн дээр хүрч ирээд надтай хамт сууж байсан.. Б.О  нь Ш.Э ыг 2-3 удаа цохиод шорон яриад муудалцаж байгаад гадаа гарч учраа олно гэж гараад зодуулчхаад ороод ирсэн гэж надад хэлсэн.. тухайн үед Б.О  нь махны ченж гэсэндээ Ш.Э ыг шулаачин хийдэг учраас дээрэлхээд томорч байгаад зодуулсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- гэрч М.П ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр би “Оч бүрд” караокег ажиллуулж байхад үйлчлүүлж байсан хоёр хүн хоорондоо муудалцаж маргалдаж зодолдсон учраас би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... Б.О , Ш.Э  нар нь за за одоо зүгээр бид хоёр гараад учраа олоод тамхи татчихаад ороод ирье гээд гараад явсан тэгээд хэсэг орж ирэхгүй удаад байхаар нь би санаа зовоод араас нь гараад хартал ахын хамраас цус гарчихсан хамаг хувцсаа тайлаад шидсэн хоорондоо хэрэлдээд зогсож байсан юм. Тухайн хоёр хүн бол зөвхөн хоорондоо л зодолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 16439 дугаар “...Б.О ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун 5-р хавирганы зөрүүгүй далд хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салсад няцарсан шарх, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хүзүү, хоёр өвдөгт зулгаралт, зулай, дагз, зүүн хоншоорт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- шүүгдэгч Ш.Ш.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...өөрийн гаргасан үйлдэлдээ гэм буруугаа ухаарч ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ш.Ш.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Ш.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ш.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ш.Э д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.О  нь баримтаар 1.022.300 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлсөн байх бөгөөд хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Даравгай овгийн Ш.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ш.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болох тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН