| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0643/з |
| Дугаар | 221/МА2024/0722 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2024/0722
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э
Нэхэмжлэгч: “Х” ХХК /РД: /
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0749 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, И.Ө
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0643/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0749 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Том татвар төлөгчийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан НА-21230000085 тоот нөхөн ногдуулалтын актыг 15 хонгийн дараа шуудангаар хүлээн авсан. Уг нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах хууль зүйн шаардлагыг хангаагүй. Үүнээс үүдэн нэхэмжлэгч тал нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн зөрчигдөж буй хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасныг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан. Ийнхүү 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд нөхөн ногдуулалтын актыг хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлыг гаргасан боловч гомдол гаргах 30 хоногийн хугацаа хэтэрсэн тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шуудангаар хүлээн авсан.
Үүнтэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргахад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснээс хойш 3 сарын дотор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах эрх нээлттэй байгаа талаар дурдаж мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан. Тус зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэж, 09 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Маргаан таслах зөвлөл нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг гаргахдаа хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн. Мөн 09 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсгийн “... захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах” гэдэг хэсгийг тайлбарлажээ. Гэвч хуулиар өөрт олгоогүй эрх хэмжээг Татварын маргаан таслах зөвлөл хэрэгжүүлсэн гэж үзэж болохоор байна. Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7.6 дахь хэсэгт журамласан заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл татварын маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр утсаар мэдэгдэж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гардуулж, журамд заасан хугацааг хэтрүүлж процессын алдаа гаргасан.
3.2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх нөхөн ногдуулалтын акт нь хуульд заасан бичгээр гаргах захиргааны актын шаардлагыг хангасан эсэх тал дээр ач холбогдол өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан шаардлагыг хангаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа атал биднийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн. Угтаа хүндэтгэн үзэх шалтгаан нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаан буюу Том татвар төлөгчийн газраас Захиргааны ерөнхий хуулийн 40.2.5-д заасан захиргааны актад тавигдах шаардлагыг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах боломжгүй нөхцөл байдал үүсч ийнхүү 30 хоногт багтаан нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд хандсан нь үнэн болохоо нотлох шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэргийн материалд хавсарган өгсөн.
3.3. Татварын маргаан таслах зөвлөлтэй холбоотой 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Тус урьдчилсан хэлэлцүүлгээр маргаж буй Татварын маргаан таслах зөвлөлийн 09 дугаар тогтоолыг гаргасан хуралдаанд оролцсон Маргаан таслах зөвлөлийн гишүүд хууль бус бүрэлдэхүүнээр ирц бүрдүүлж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга, магадлагч, гишүүний үүргийг гүйцэтгэж буй Э.Б нь чухам ямар албан тушаал дээр томилогдсон. Тус нарийн бичгийн дарга нь маргаан таслах зөвлөлд 3 чиг үүргийг давхар хэрэгжүүлэх эрхтэй субъект мөн эсэх талаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан.
Ийнхүү шүүх хуралдаанд оролцохоор ирэхдээ Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хурал дээр шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг нэхэмжлэгч талд танилцуулаагүй, шүүгч маань ч танилцах боломжоор хангаагүй шүүх хурлын явцад биднийг одоо танилцах уу гэж асуусан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ эдлэх боломж олголгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Угтаа бид нотлох баримтад тулгуурлан Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Б нь Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 болон 46.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодруулахыг хүссэн.
Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 72 дугаар тушаалаар дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гэсэн нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Маргаан таслах зөвлөл нь дарга, гишүүдээс бүрдэнэ”, мөн 46.4-т “Маргаан таслах зөвлөл нь ес, эсхүл 11 хүний бүрэлдэхүүнтэй байна” гэж заасан нь Маргаан таслах зөвлөлийн дарга болон гишүүд нийт 11 хүн байх ба нарийн бичгийн дарга нь 12 дахь хүн буюу зөвлөлийн бүрэлдэхүүнд үл хамаарах этгээд буюу хуралдааны ирцийг бүрдүүлж гишүүнээр оролцох этгээд биш гэж үзэж болохоор байна. Үүнд анхан шатны шүүх ач холбогдол өгөөгүй бөгөөд хэрэв хуульд заасан ирцийн шаардлагыг бүрдүүлж орсон болох нь тогтоогдвол 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаар тогтоол хууль бус болох үндэслэлтэй юм.
3.4. Мөн анхан шатны шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа шүүгч “Нэхэмжлэгчийг тухайн нөхөн ногдуулалтын актыг шүүхэд хандах эрхийг нь шууд хязгаарлаж байгаа зүйл биш ээ гэдгийг шүүхийн шийдвэрт дурдаж өгнө” гэж шүүх танхимд хэлсэн нь хуралдааны бичлэгээр нотлогддог. Гэвч шүүхийн шийдвэрийг бичгээр гардан авахад энэхүү шүүхэд хандах эрх нээлттэй талаар дурдаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд мөн тусгаагүй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэж заасан. Ийнхүү бид 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааны бичлэгтэй танилцаж, шүүгч энэ талаар дурдаж байгаа нь нотлогдож байх тул тус маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчид хандан бичгээр гаргасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргахад 01/7968 тоот албан бичгээр “Шүүхийн шийдвэр баталгаажин, хэргийн оролцогчдод гардуулагдсаны дараагаар шүүхийн шийдвэрийг засварлаж, өөрчлөлт оруулах эрх хуулиар анхан шатны шүүгчид олгогдоогүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт хэсэгчлэн эсхүл бүхэлд нь өөрчлөлт оруулах эрхтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг үүгээр буцаав” гэж хариу мэдэгдсэн. Иймд нэхэмжлэгчийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж үндсэн нөхөн ногдуулалтын акттай холбоотой шүүхэд гомдол гаргах эрхийг нээлттэй талаар дурдаж өгнө үү.
3.5. Татварын маргаан таслах зөвлөл манай компанийг гомдол гаргахад хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэж үзэж өнөөдрийг хүртэлх хугацаанд гомдлыг хэлэлцэхээс татгалзаж ирсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоос 70 гаруй хууль тогтоомж нь “Хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байна. Гэтэл бидний нөхөн ногдуулалтын актыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан тус акттай маргахаар гомдол гаргасан баримтыг үнэлэхгүй өнөөдрийг хүрч байна. Эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжийг өөрийн үзэмжээр тайлбарлаж, хүндэтгэн үзэх шалтгааныг нэг талын өнцгөөс ойлгож хэрэгжүүлэх нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаанаа өөрөө нотлох эрхийг хэрэгжүүлэх боломж олгохгүй, нотлох баримтыг үнэлэхгүйд хүргэж байна.
3.6. Угтаа бид иргэний шүүхийн өмнө хүндэтгэн үзэх шалтгаан нэг өөр, захиргааны байгууллага, захиргааны шүүхийн өмнө мөн нэг өөр шалгуураар нотлох баримтаа хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг дүгнүүлж байна. Бид Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэж, хуулийн өмнө эрх тэгш байх зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0749 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Х” ХХК-аас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
4. Маргаан бүхий үйл баримтын тухайд;
4.1. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас “Х” ХХК-ийн 2019-2021 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-21230000085 дугаар нөхөн ногдуулалтын актаар 1.765.284.485,23 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
4.2. Улмаар нэхэмжлэгчээс НА-21230000085 дугаар нөхөн ногдуулалтын актыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1602 дугаартай захирамжаар уг актад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгч нь дээрх татварын улсын байцаагчийн НА-21230000085 дугаар нөхөн ногдуулалтын актад холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан ч Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр гомдлыг буцааж шийдвэрлэсэн.
Тус албан бичгийг хүлээн авч, эс зөвшөөрсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3492 дугаар захирамжаар “урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
4.3. Ингээд нэхэмжлэгчээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “гомдол гаргах хээн хэлэлцэх хугацааг сэргээлгэх” тухай хүсэлтийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан боловч тус зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор “Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7.4.3-т заасныг баримтлан татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-21230000085 дугаар нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн. Тус тогтоолыг 2024 оны 06 дугар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч тал гардан авч, эс зөвшөөрсөн тул 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж,
Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана.”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана”, 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 47.19-д “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй.” гэж тус тус заажээ.
6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт биш, харин нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол байна.
7. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоол нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй, нэхэмжлэгч компанийн татварын байцаагчийн актад холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр байх тул үүнийг Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, 47.19-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан, захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх нь маргаан таслах зөвлөлийн бүхий л үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхийг хянахгүй, харьяалан шийдвэрлэхгүй.
8. Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэл тогтоогдож байхад нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Энэхүү магадлал нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн НА-21230000085 дугаар нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0749 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Х” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэжмлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ