Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2019/00965

 


 

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2019/00965

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч:  П.Т-ыг төлөөлөгч А.Б-ын гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Э-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Тнь 2002 оны 01 сарын 01-нд Л.Э-тай гэр бүл болсон бөгөөд 2007 оны 11 сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдарч байх хугацаанд 2003 оны 12 сарын 05-ны өдөр хүү Т.А төрсөн. П.Тнь 2012 онд Бельги улс руу явсан тэр хугацаанаас хойш тусдаа амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд П.Тнь өөр хүнтэй гэр бүл болсон, Л.Э-ийн хувьд өөр залуутай хамтран амьдраад ахин нэг хүүхэдтэй болсон. Ийнхүү тусдаа амьдраад 7 жил болж байна. Цаашид хамт амьдрах боломж хэн хэнд нь байхгүй, эвлэрэх боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Мөн хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлж, эцэг хүнийхээ үүргийг хүлээнэ гэдгээ хэлсэн. Хүүхдийн асрамжийн тал дээр маргахгүй гэв.

 

Хариуцагч Л.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Т Бельги яваад 8 жил болж байгаа. Өнгөрсөн хугацаанд би П.Т-аас мөнгө авч байгаагүй, утсаар хааяа холбогддог байсан, тэгэхэд нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөөрэй гэхэд би хүүхдээ гадаадад сургуульд сургана гэж байсан. Тэгэхээр би итгээд өнөөдрийг хүртэл чимээгүй явсан. Гэтэл хүүхэд маань сургуулиа төгсөхөд 3 жил үлдлээ. Хүүхдийнхээ 3 жилийн тэтгэлгийг авсан ч би хүүхдээ их сургуульд сургаж чадахгүй. Хүүхдийн тэтгэлэгт 10 000 000 төгрөгийг гаргуулна. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Т нь Л.Э-аад холбогдох гэрлэлт цуцлуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд талууд хүүхдийн тэтгэлэгийг харилцан тохирсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

П.Т, Л.Э нар нь 2002 онд гэрлэж, амьдрах хугацаандаа 2003 оны 12 сарын 05-ны өдөр хүү Т.А-ыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

 

Харин талууд удаан хугацаагаар буюу нөхөр П.Т нь 2012 онд Бельги явсан хугацаанаас тусдаа амьдарсан, өнгөрсөн хугацаанд хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж бие биедээ үнэнч байх үүргээ биелүүлээгүй, цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигч тусдаа амьдарснаас хойш хүү Т.А нь эхийн асрамжинд байгаа, цаашид асрамжийг хэвээр байлгахаар тохирсон, талууд эд хөрөнгийн маргаангүй байна.

 

Харин талууд хүүхдийн тэтгэлэгийн талаар тохирч, П.Тнь 10 000 000 төгрөгийг 2 хувааж 2019 оны 4-р сарын 15-нд 5 000 000 төгрөг, 2019 оны 5-р сарын 15-нд 5 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсоныг дурьдах нь зүйтэй.

 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 02-р сарын 02-ны өдөр дуусгавар болгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан П.Т, Л. Э нарын гэрлэлтийг цуцалж, 2003 оны 12 сарын 05-ны өдөр хүү Т.А-ыг эх Л.Э-гийн асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан П.Т-аас хүүхдийн тэтгэлэгт 10 000 000/арван сая/ төгрөг гаргуулж Л.Э-аад олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-гаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА