Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1528

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Ц.Э**** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108024490161 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *************

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ********* согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хороо, Дунд нарангийн *** дугаар гудамж, ***** тоотод байрлах хохирогч ********ын үүдний амбаарыг түлхэн зай гаргаж монгол гэр лүү хууль бусаар нэвтэрч тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, power bank, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертификат зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч бусдад 207,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчийнх манай хөрш айл бөгөөд би *****ын аавтай хамт барилгын ажил хийдэг. Надад өгнө гэсэн болохоор цүнхийг аваад гарсан. 15, 16 жил энэ айлаар орж гарч байна. Тухайн үед би согтуу байсан. Амбаар нь цоожтой байсан. Гэм буруу дээр маргахгүй. Аав нь надад цүнхийг өгнө гэж хэлж байсан. Бичиг баримт байсныг мэдээгүй. Миний буруу, гэмшиж байна, уучлаарай” гэв.

 

Эрүүгийн 2108024490161 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ********ын: “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээ цоожлоод ажилдаа явсан. Орой 18 цагийн үед гэртээ ирэхэд үүдний амбаар хажуу тийшээ болчихсон байхаар нь юм бодолгүй гэртээ ороход доторх эд зүйл хэвийн байсан. Зүүн талын орон дээр байсан цүнхтэй бичиг баримтуудаа гэнэт санаад харсан чинь байхгүй байхаар нь гараад хажуу айлын хүүхдээс асуухад нэг хүн амбаар нээж байсан гэж хэлсэн. “Ямар хүн байсан юм бэ” гэж хажуу айлын хүүхдээс асуухад “сахалтай хүн байсан” гэж хэлсэн. Манай гэрээс хойшоо байдаг хүнийг таньдаг учир гэрт нь очиход ганцаараа унтаж байхаар нь сэрээгээд цагдаад дуудлага өгсөн. Тэдний гэрийн яг ард миний цүнхтэй ном дэвтэр байсныг авсан, үлдсэн эд зүйлийг ******* надад бүрэн бүгдийг нь өгсөн, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2021.10.18-ны өдрийн Ц-839 дүгээр тайланд: “Тусгай дунд боловсролын гэрчилгээ /хуучин хэрэглэж байсан/ 13,500 төгрөг, мэргэжлийн үнэмлэх 13,500 төгрөг, power bank 30,000 төгрөг, тогоочийн үнэмлэх 3 ширхэг 150,000 төгрөг, нийт 207,000 төгрөг, ном 8 ширхэг, визний материал, мэргэжлийн сертефикат 3 ширхгийг үнэлэх боломжгүй” гэжээ (хавтаст хэргийн 32-35 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч ********ын: “2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хичээлээ тараад ирсэн. ********* ах манай хажуу айлын амбаарны хажууд зогсож байсан. Орой гэртээ байж байхад хажуу айлын эгч ******** манай гэрт хулгай орсон байна гэсэн...Тэр үед нь би ********* эгчид хандаж хойно байдаг ах танай гэрийн амбаарны хажууд зогсож байсан гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-14 дэх тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-38), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-44), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-47-48, 49-54), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-60-63), хохирогчийн “алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн авсан” гэх хүсэлт (хх-70) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********31 дүгээр хороо, дунд Нарангийн ******** тоотод хохирогч ********ын хүн байнга амьдрах монгол гэрийн амбаарыг түлхэн хууль бусаар нэвтэрч тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, power bank, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертификат зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч бусдад 207,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Бусдад төлөх төлбөргүй. 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирол арилсан байхад 3 жилийн хорих ял тохирохгүй гэж үзэж байна. Хохирлын хэмжээг харж үзнэ үү. Бага насны 4 хүүхэдтэй гэдгийг харна уу. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж 2 жилээс доош ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******** согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод байрлах хохирогч ***********ын үүдний амбаарыг түлхэн зай гаргаж монгол гэр лүү хууль бусаар нэвтэрч тусгай дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, power bank, тогоочийн үнэмлэх, мэргэжлийн сертификат зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч бусдад 207,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч **********ын “...18 цагийн үед гэртээ ирэхэд үүдний амбаар хажуу тийшээ болчихсон байхаар нь юм бодолгүй гэртээ ороход гэр доторх эд зүйл хэвийн байсан. Гэнэт зүүн талын орон дээр байсан цүнхтэй бичиг баримтууд байснаа санаад харсан чинь байхгүй байхаар нь гараад хажуу айлын хүүхдээс асуухад нэг хүн амбаар нээж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-20), “Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...тусгай дунд боловсролын гэрчилгээ /хуучин хэрэглэж байсан/ 13,500 төгрөг, мэргэжлийн үнэмлэх 13,500 төгрөг, power bank 30,000 төгрөг, тогоочийн үнэмлэх 3 ширхэг 150,000 төгрөг, ном 8 ширхэг, визний материал, мэргэжлийн сертефикат 3 ширхэг зэргийг үнэлэх боломжгүй” гэх тайлан (хх-32-35), насанд хүрээгүй гэрч *************ын “...**** ах манай хажуу айлын амбаарны хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг (хх-29-30) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********н хохирогч ***********үнхтэй бичиг баримт” хулгайлан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********д 207,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогчийн “эд зүйлээ бүрэн бүтэн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-20, 70)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч **********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогчийн орон байранд нэвтэрч цүнхтэй бичиг баримтыг хулгайлсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 207,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “эд зүйлээ бүрэн бүтэн авсан, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувийн болон ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 4 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *********ын 2022.12.09-ний өдрөөс 2022.12.13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******** бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР