Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1531

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001190 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ********* тоот гэртээ эхнэр *********“өөр эмэгтэйтэй хардаж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар хөл рүү нь хоолны сэрээ шидэж, нүүр лүү алгадаж, толгой руу гараараа 2-3 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн гуянд өнгөц хатгагдсан шарх, баруун хацар, хамар, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 6 дугаар сарын 4-нд гэртээ байсан. Эхнэртэйгээ маргалдсан. Ээж “боль” гэсэн. Би уурлаад сэрээ шидсэн. Тэгээд эвлэрээд байж байсан чинь эхнэрийн эгч орж ирээд хэрүүл хийгээд цохиод авахаар нь “одоо нүдэн дээр чинь зодоод өгье” гээд эхнэрээ зодсон. Одоо эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Би ажил хийж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2208000001190 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч *********гийн: “2022 оны 06 сарын 04-ний өдөр манай нөхөр гэртээ орж ирсэн. Хадам ээж бид хоёр ирэхээс нь өмнө ********* гэх эмэгтэйтэй утсаар ярьсан. Тухайн эмэгтэй “танай нөхөр л над руу мессеж бичиж ярьдаг” гээд байхаар маргалдаж байгаад тасалсан. Нөхөр орж ирээд миний утсыг шалгахад тэр ********* гэх эмэгтэйгээс “Цаг хугацаа бүхнийг харуулах байлгүй дээ” гэх утгатай мессеж ирсэн байсныг уншиж уурлаад бид 2 маргалдаж эхэлсэн. *********хоол идэж байхдаа над руу сэрээ чулуудсан, зүүн талын гуя онож зулгарсан. Намайг алгадаад толгой руу хэд хэдэн удаа цохисон. Би төрсөн эгч ********* дуудсан. Эгч орж ирэхэд улам маргалдаад миний толгой, нүүр лүү гараараа цохиод зүүн талын хөл рүү өшиглөсөн. Хөрш ***** орж ирж салгасан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.06.09-ний өдрийн 8159 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. *********гийн биед зүүн гуянд өнгөц хатгагдсан шарх, баруун хацар, хамар, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Шүүгдэгч ********** яллагдагчаар өгсөн: “...Гэртээ ирээд хоол идэж байтал эхнэр ********* нь ********* гэх эмэгтэйтэй намайг хардаад мессеж бичсэн байхаар нь уур хүрээд хоол идэж байсан сэрээгээ шидсэн, хөл рүү нь оночихсон. Тэгээд маргалдаж байтал ********* эгчийгээ дуудсан. Манай ээж бид хоёрыг эвлэрүүлээд гараад явсан. Бид хоёр ч эвлэрээд байж байтал *********гийн эгч ********* нь орж ирээд “дүү зодож дарамтлалаа” гээд байхаар нь миний уур хүрээд “би зодоогүй, одоо харин жинхэнээсээ зодно” гээд *********тай маргалдаад нүүр, толгой руу нь 2-3 удаа цохиж алгадсан, хөл рүү нь нэг өшиглөсөн. ********* эгч цагдаа дуудсан. Би эхнэр *********г зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал),

Гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-32) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн ***** хорооны Засаг даргын “*********нь тус хорооны Тоосгоны ****** тоотод оршин суудаг нь үнэн” гэх тодорхойлолтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *********тоот гэртээ эхнэр буюу хохирогч *********“өөр эмэгтэйтэй хардаж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар хөл рүү нь хоолны сэрээ шидэж, нүүр лүү алгадаж, толгой руу гараараа 2-3 удаа цохиж, хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн гуянд өнгөц хатгагдсан шарх, баруун хацар, хамар, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *********гийн “...********* гэх эмэгтэйгээс “Цаг хугацаа бүхнийг харуулах байлгүй дээ” гэх утгатай мессеж ирсэн байсныг уншиж уурлаад бид 2 маргалдаж эхэлсэн. *********хоол идэж байхдаа над руу сэрээ чулуудсан, зүүн талын гуя онож зулгарсан. Намайг алгадаад толгой руу хэд хэдэн удаа цохисон... зүүн талын хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-6-7), шүүх эмнэлгийн 8159 дүгээр “1. *********гийн биед зүүн гуянд өнгөц хатгагдсан шарх, баруун хацар, хамар, зүүн чихэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-16-17), шүүгдэгч *********ийн “...********* нь ********* гэх эмэгтэйтэй намайг хардаад мессеж бичсэн байхаар нь уур хүрээд сэрээ шидэж хөл рүү нь оночихсон. ...Миний уур хүрээд “би зодоогүй, одоо харин жинхэнээсээ зодно” гээд *********тай маргалдаад нүүр, толгой руу 2-3 удаа цохиж алгадсан, хөл рүү нь нэг өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-29-31) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч *********тай “өөр эмэгтэйтэй хардаж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж хоолны сэрээ шидэж, толгой, нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж, зүүн хөл рүү өшиглөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч *********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-6-7)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********нь 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ********* тоот гэртээ эхнэр буюу хохирогч *********“өөр эмэгтэйтэй хардаж хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар хөл рүү нь хоолны сэрээ шидэж, нүүрэн тус газар нь алгадаж, толгой руу нь гараараа 2-3 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн гуянд өнгөц хатгагдсан шарх, баруун хацар, хамар, зүүн чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нэхэмжлээгүй, ажил эрхэлдэггүйг харгалзан 240 цаг нийтэд туустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ял оногдуулж өгнө үү, уг нь ажил хийж байгаа надад өгсөн тодорхойлолтыг нь гэртээ орхисон байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хамтран амьдрагч буюу хохирогчийг “өөр эмэгтэйтэй хардлаа” гэх шалтгаанаар хоолны сэрээ шидэж толгой, нүүр лүү хэд хэдэн удаа цохиж, хөл рүү өшиглөх үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн “торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авч, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (Замаскны үйлдвэрт ажиллаж байгаа гэх)-ийг харгалзан шүүгдэгч *********550,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********550,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР