Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1532

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Мижиддорж,

хохирогч *********,

шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001890 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “******” ресторанд хохирогч *********тай маргалдаж баруун гуянд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд 1,100,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогч ********* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гомдол санал байхгүй. Биеийн эрүүл мэнд зүгээр, ажлаа хийж байгаа. 1,100,000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2208000001890 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч *********ийн: “2022 оны 10 сарын 11-ний орой 22 цагийн үед манай найз *********залгаад “шинэ ажиллуулж байгаа газарт чинь очиж хамт сууж найздаа орлого оруулъя” гээд 23 цагийн үед ******, ****** гэх найзтайгаа миний ажиллуулж байсан “****** ресторанд ирээд хамт суугаад архи уусан. Дахиад уугаад ****** гэх найз нь яваад өгсөн. *********бид хоёр дахин нэг шил архи задалж ууж байгаад нэг мэдэхэд би тасарчихсан байсан. Хэсэг хугацааны дараа сэргээд архи гарч эхлэхэд би газарт хэвтчихсэн баруун хөлний гуянаас цус гарчихсан *********хажууд зогсож байсан. Уг үйл явдлын дараа удалгүй гаднаас ****** орж ирсэн. Би “эмнэлэг дууд” гээд 103 дуудлага өгүүлсэн. Тухайн үед эмнэлэг ирээд намайг авч яваад яаралтай түргэн тусламжийн тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. *********...данс руу 500,000 төгрөг шилжүүлэн эмчилгээний зардалд хэрэглээрэй гэж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.24-ний өдрийн 14395 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “1. *********ийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.4. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн зүсэх хатгах үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 5. Эсэргүүцсэн тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.10.18-ны өдрийн 2949 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга, мөнгөлөг өнгийн хутга шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд тэнцсэн мөнгөлөг хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй. 3. Шинжилгээнд тэнцсэн мөнгөлөг хутганы гадаргуугаас 2 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй” гэжээ (хавтаст хэргийн 38-41 дэх тал),

Гэрч ******: “2022 оны 10 сарын 10-ны өдөр бид 3 ажил дээрээ ажлаа хийж байхад 23 цаг 40 минутын үед миний найз *********ийн найз болох *********гэдэг танихгүй залуу бас *********ийн танил ах гээд 2 хүн орж ирсэн. ********* тэр үл таних 2 хүнтэй хамт архи ууцгаасан. ****** бид 2 ажлаа хийж байсан. Архиныхаа талыг уучихсан сууж байгаад тэр *********гэдэг залуутай бид 2 яриа нийлэхгүй маргалдах гээд байхаар нь ****** бид хоёр 06 цагийн үед гараад 5 шарын автобусны буудал дээр байдаг ТҮЦ орчихоод 06 цаг 30 минутын үед буцаад иртэл ******, ********* 2 зодолдсон шинжтэй нүүр ам нь цус болчихсон байсан. 7 цагийн үед ****** орж ирээд битүү цус нөж болчихсон байна, хутгалчихсан юм шиг байна гэхээр нь би эмнэлэг цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-9), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-12), прокурорын 2022.10.12-ны өдрийн 3/11 дугаар “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол (хх-14-15), шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хх-42-43), эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-98),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-72), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-56), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-58), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-60), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-76), дансны хуулга (хх-78-84) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүгдэгч ********* гэрчээр өгсөн (хх-32) мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “******” ресторанд хохирогч *********тай маргалдаж баруун гуянд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *********ийн “...нэг мэдэхэд би тасарчихсан байсан. Хэсэг хугацааны дараа сэргээд архи гарч эхлэхэд би газарт хэвтчихсэн, баруун гуянаас цус гарчихсан, *********хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг (хх-27-28), шүүх эмнэлгийн 14395 дугаар “1.*********ийн биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-45-46), гэрч ****** “...буцаад иртэл ******, ********* 2 зодолдсон шинжтэй нүүр ам нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хх-35), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-9), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-11-12) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********* согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч *********тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж баруун гуянд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч *********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,100,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн “1,100,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-27-28)-ийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, “******” ресторанд хохирогч *********тай маргалдаж баруун гуянд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Торгох ялыг багасгаж өгнө үү, цалингийн зээлтэй байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж баруун гуянд нэг удаа хутгалах үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,100,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “1,100,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (“********” ХХК-д бараа бэлтгэгч ажилтай, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч *********800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт ********** ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********800,000 төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР