| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2019/0107/И |
| Дугаар | 213 |
| Огноо | 2019-03-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 213
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Ж.Х,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр багт хаягтай, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 13030319 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Х, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ч.А бид хоёр шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг харилцан тохиролцож 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтоол гарч хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон. Тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт дээр Ч.А нь 11.000.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авч тохиролцсон тул гэж бичсэн боловч би тухайн үед 11.000.000 төгрөгийн үнэлгээнд ороогүй өөрийн хуваарьт хөрөнгө болох үнэт эдлэлүүдээ бүгдийг эхнэр хүүхэддээ өгч өөрөө өмссөн хувцастайгаа л хоцорсон. Гэрээ бүх тавилга, цахилгаан хэрэгслүүдийн хамт өгсөн. Мөн 180 толгой мал, бурхан, мөнгөн аяга, хэт хутга, хөөрөг гээд ааваас минь өвлөгдөж, ирсэн үнэт эдлэлүүдээ бүгдийг өгсөн. Энэ бүгдийг үнэлж, нэг бүрчлэн хүсэлт дээр бичээгүй бөгөөд үнэлж болох бүх л эд хөрөнгөө эхнэр хүүхэддээ өгсөн учраас тухайн үед Ч.А цаашид санал гомдолгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт өгсөн. Ингээд бидний хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Би 2012 оноос хойш намар болохоор хоёр хүүхэддээ хувцас, хичээлийн хэрэгслийн мөнгө өгч боломжтой үедээ өөрийн чадлын хирээр хоёр хүүхдээ харж ханддаг байсан. Гэтэл 2018 оны 9 сард хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн гээд миний Хаан банкны дансны гүйлгээ хийхийг хязгаарлаж сар бүр хоёр хүүхдийн тэтгэлгийн мөнгө авах болсон. Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гарсан байдаг бөгөөд уг тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт тогтоолыг төлбөр төлөгч Ж.Хт мэдэгдэхийг ... даалгасугай.. гэсэн заалт байгаа боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг надад мэдэгдэлгүй шууд явуулж эхэлсэнд гомдолтой байна. Хэрэв шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн талаар цаг тухайд нь хуулийн дагуу надад мэдэгдээд явсан бол би Ч.Атэй шинээр тэжээн тэтгэх гэрээ байгуулаад явах боломж байсан. Би өөрийнхөө нөөц бололцооныхоо хэрээр гэр бүр үр хүүхдийнхээ төлөө, эцэг хүний үүргээ биелүүлж яваа гэж боддог.
Миний маргаж байгаа Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 13030319 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолын үндэслэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. ШШГТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1, Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэж заасан байдаг. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч ямар эвлэрлийн гэрээг яаж зөрчсөн талаар үндэслэлээ тодорхой дурьдахгүйгээр хуульд заасан үндэслэлээр 2012 онд дуусгавар болсон байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр сэргээж, надад хуульд заасан хугацаанд мэдэгдэлгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадан гүйцэтгэсэн.
Миний хувьд 2012 онд хоёр хүүхдийнхээ эх Ч.Ад өөрийн үнэлж болох бүх эд хөрөнгөө өгч бид тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Цаашид тэжээн тэтгэх талаар үүрэг хүлээж ямар нэгэн эвлэрлийн гэрээ байгуулаагүй. Иймд Ч.А шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан хүсэлтдээ цаашид ямар нэгэн санал гомдол байхгүй гэж бичсэн байдаг. Гэхдээ миний бие өөрийн чадлын хирээр туслалцаа үзүүлж хэрэгтэй үед нь эхнэр хоёр хүүхэддээ тусална гэдгээ хэлсэн. Үүнийхээ дагуу Ч.Аийг мөнгө хэрэгцээтэй гэх үед нь мөнгө өгдөг байсан.
Би Ч.Ад хоёр хүүхдээ их дээд сургуулийн оюутан болохоор нь сургалтын төлбөрийг нь төлнө гэдгээ хэлдэг байсан. Дээрх тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянуулах талаар Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хурандаа О.Хт хандаж, гомдол гаргасан. О.Х даргын өгсөн гомдлын хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул ШШГЕГ-ын дарга Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Д.Д нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн 4/2606 тоот албан бичгээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөсөн хариуг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Иймд Баянхонгор аймаг дахь ШШГГ-ын 2018 оны 7 сарын 23-ны өдрийн 13030319 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд эхнэр байсан хүнээсээ салаад бүх мал, эд хөрөнгөө өгөөд гэрээсээ өмссөн хувцастай гарч байсан. Эд хөрөнгөө 11,000,000 төгрөгөнд үнэлж өгч байсан. Гэр бүл цуцалснаас хойш тэмдэглэлт баяруудаар хүүхэддээ бэлэг болон мөнгө өгдөг. Би хүүхдээ харж ханддаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өөрсдөө үйл ажиллагаагаа зөв явуулах ёстой. Надад холбогдуулан хүн гомдол гаргаж байхад мэдэгдэж тайлбарласан бол би гомдол гаргагчтай уулзах ёстой байсан. Гэтэл 2018 оны 07 дугаар сард гарсан шийдвэрийг 2018 оны 09 дүгээр сард Баян-Овоо сумд байсан манай эхнэр болох хүнд өгсөн байсан.
Миний данснуудыг битүүмжилж, дансанд байсан 300,000 төгрөгийг татаж авсан. Энэ зүйлүүдээс болж би хохирч байна. Гомдолтой байна. Би зөрчил гаргаагүй, би иргэн хүнийхээ хувиар гомдол гаргагчтай тохиролцсон. Би бүхийл зүйлээ өгсөн машин, гэр, эд хөрөнгө бүх зүйлээ өгсөн. Би аавынхаа хөөргийг хүртэл өгсөн одоогийн үнэлгээгээр бараг 30,000,000 төгрөг болох байх 2 хүүхдийгээ том болоод эдлэж хэрэглэх байх гэж бодсон. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг иргэнд танилцуулахгүйгээр данс битүүмжилсэн. Дансны барилтаас болж зээл хэтэрсэн асуудал гарсан. Би эцэг хүнийхээ хувьд 2 хүүхдээ харж хандана. Оюутан болоход нь сургалтын төлбөрийг нь төлнө гэж бодож явдаг. Би эцэг хүнийхээр үүргийг цаашид биелүүлнэ. Дээрх асуудлыг шийдэж өгнө үү гэв..
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 сарын 23-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр Ж.Хаас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Ч.Ад олгохоор шийдвэрлэгдсэн гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2010 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 300.000 төгрөг төлөгдсөн ба 2012 оны 08 сарын 28-ны өдөр тэтгэлэг авагч Ч.А, тэтгэлэг төлөгч Ж.Х нар нь 11.000.000 төгрөгийн эд хөрөнгөөр харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргаж 2012 оны 09 сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
Тэтгэлэг авагч Ч.А нь тус газарт 2018 оны 04 сарын 17-ны өдөр гаргасан гомдолдоо Ж.Х нь 2 хүүхэддээ гэр машин өгье дараа нь 2 хүүхдээ байнга харж хандаж байна, оюутан болохоор нь сургалтын төлбөрийн төлнө гэж хэлсэн. Ж.Х нь намайг хууль эрх зүйн мэдлэггүйг далимдуулан хуурч мэхэлж миний болон 2 хүүхдийн эрхэнд халдаж амьдралыг минь үл тоож 2 хүүхдийн өмчлөх эрхтэй дундын өмчийг хүүхдийн тэтгэлэг болгож 11 сая төгрөгийн эд зүйл өгсөн мэтээр надаар гарын үсэг зуруулж тэтгэлгийг хаалгасан. Гэтэл хуулинд гэр, байр өгөх нь эцэг хүний хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх, орон байраар хангах үндсэн үүргийг хэрэгжүүлэх гол зүйл гэдгийг зааж өгсөн байсныг өөртөө ашигтай байдлаар ашигласныг хүлээн зөвшөөрөхгүй.
Харин хүүхдийн тэтгэлгийн хувьд Ж.Х нь огт тэтгэлэг төлөөгүй, харж хандана гэсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааснаас хойш Ж.Х хүүхдүүддээ хувцас авч өгнө гэсэн боловч тэр болгон авч өгдөггүй, хаяа нэг авч өгөхдөө би уг нь хувцас хунар авч өгөх ёсгүй гэж уурлаж их дургүйцдэг болсон. Мөн надтай тохиролцсон, харж хандана, эргэж тойрч байна, тэжээн тэтгэнэ гэж хэлж байснаа Ж.Х зөрчсөн. Иймд Баянхонгор аймгийн ШШГА-ны 2012 оны 09 сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ШШГТХ-ийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу сэргээн явуулж өгнө үү..гэсэн гомдлын дагуу тус газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Б би ШШГТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллгааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй..гэж заасны дагуу Ч.Аийн гомдлыг хүлээн авч мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна..гэж заасны дагуу 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 13030319 дугаар дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж тогтоолыг тэтгэлэг төлөгч Ж.Хт мэдэгдэхийг 14 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Дд даалгасан.
Дэслэгч Б.Д нь 2018 оны 08 сарын 03-ны өдөр тэтгэлэг төлөгч Ж.Хт утсаар дээрх тогтоолыг танилцуулж тэмдэглэл үйлдсэн байна. 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 13030319 дугаар дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол, төлбөр авагч Ч.Аээс төлбөр төлөгчийн эвлэрлийн үүргээ биелүүлэхгүй гэх гомдлын дагуу тэжээн тэтгэх үүрэг ногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Ж.Хын 2019 оны 01 сарын 11-ний өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа:
Тэтгэлэг авагч А нь тус газарт 2018 оны 04 дүгээр сарын 17 ны өдөр гүйцэтгэх бичиг баримтыг дуусгавар болгосныг сэргээн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулах хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон материал, шийдвэр гүйцэтгэлийг ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б би хянасан. Тухайн үед харилцан тохиролцсон үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг хаасан байсан. Хүүхдийн тэтгэлгийн хуримтлагдсан мөнгөн дүнд шилжүүлж бодсон. Х нь үлдэгдэл хүүхдийн тэтгэлгийн мөнгөн дүн бий болсон байна гэж үзэж. 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 18030319 дугаартай дуусгавар болсон баримт бичгийг сэргээх тухай тогтоол гаргаж. Дэслэгч Дд төлбөр төлөгчид танилцуулахыг даалгавар болгосон.
Гүйцэтгэх баримт бичгийг сэргээх тухай тогтоолыг мэдэгдээгүй биш мэдэгдсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дэслэгч Д нь тэтгэлэг төлөгч Хт утсаар ярьж мэдэгдсэн байдаг. Тухай бүрд нь зарлан дуудах хуудас хүргүүлсэн байдаг. Өмнө үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөр авагч, төлбөр төлөгч нар харилцан эвлэрвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохоор хуулийн заалттай байсан. Тухайн хуулиар талууд эвлэрлийн гэрээг зөрчвөл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай зохицуулалт байгаагүй бол 2018 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар энэ зохицуулалт шинээр бий болсон, хэдийгээр өмнө үйлчилж байсан хуулийн дагуу дуусгавар болсон ажиллагааг шинэ хуулиар сэргээсэн боловч энэ тухай би дээд шатны байгууллага албан тушаалтнаас зөвлөгөө, чиглэл авснаар гүйцэтгэх баримт бичгийг сэргээсэн.
Талууд эвлэрснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо эвлэрлийн гэрээ байгуулаагүй, төлбөр авагчийн гаргасан гомдол нь гүйцэтгэх баримт бичгийн материалд байгаа иргэний хэрэгт гаргаж өгөх боломжтой. Ж.Х нь 2009 оны шүүхийн шийдвэрээр 11.000.000 төгрөгийн эд хөрөнгө оролцуулаад 12.351.000 төгрөг төлсөн байгаа юм. Одоо 9 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 13030319 дугаартай Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргаан үүсгэжээ. Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 сарын 23-ны өдрийн 935 дугаар шийдвэрээр Ж.Х, Ч.А нарын гэрлэлтийг цуцалж, хүү Х.Булгантамир, Х.Нандинцэцэг нарт тэтгэлэг тогтоон, эцэг Ж.Хаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Ж.Х нь шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх явцдаа 2012 оны 09 сарын 11-ний өдөр тэтгэлэг авагч Ч.Атэй харилцан тохиролцож эвлэрснээр Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 09 сарын 11-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна. Улмаар төлбөр авагч Ч.А нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан төлбөр төлөгч Ж.Хт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг хүссэнээр тус Шүүхийн шийвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 13030319 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулжээ.
Уг тогтоолыг төлбөр төлөгч Ж.Х нь эс зөвшөөрч 2018 оны 12 сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хянаад тус шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хэвээр үлээжээ. Иймд төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар Албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасан журмын дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй байх тул Ж.Х нь Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 13030319 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 09 сарын 11-ний өдрийн 14 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохдоо 2002 оны 01 сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д заасан Төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. Төлбөр авагч болон төлөгч нарын 2012 оны 08 сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид гаргасан тодорхойлолтоор тэд харилцан тохиролцож төлбөр авагч нь төлбөр төлөгчөөс 11 сая төгрөгийн эд хөрөнгө хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгөхийг хүссэнээр энэ ажиллагаа дуусгавар болсон байна.
Улмаар дээрх 2002 оны 01 сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Энэ хуулийн 16.1.1, 16.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн, төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд энэ үндэслэлээр гомдол гаргах эрхгүй.. гэснээр шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд хэргийн оролцогчид гомдол гаргаагүй тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Гэтэл 2017 оны 06 сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд Төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна.. гэсэн шинэчлэн найруулсан хуулийн заалтыг хэрэглэн цаг хугацааны хувьд өнгөрсөн үйл явдалд хамаатуулан үйл баримтанд хуулийг тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулжээ.
Энэ нь нэг талаар төлбөр авагч, тэтгэлэг тогтоолгосон хүүхдүүдийн эрх ашиг, сонирхол эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа боловч нөгөө утгаараа төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.
Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр авагчийн гомдол хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан үндэслэл нотлогдоогүй буюу Төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн гэх үндэслэл хангалттай тогтоогдсон эсэхийг шалгаж тогтоолгүйгээр, зөвхөн төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна.
Тухайлбал: Зохигчид нь 2012 оны 09 сарын 11-нд харилцан тохиролцож шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой ямар эвлэрлийн гэрээг байгуулсан болох, гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэлцэл түүнд тавигдах шаардлага, хэлцэл байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаж бичгээр гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт эвлэрлийн гэрээ гэх материал авагдаагүй байгаа тул шүүх Төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн..гэж үзэн дүгнэлт хийх боломжгүй байна. Нөгөө талаар төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүүхдийн тэтгэлгээс хэдэн төгрөг төлсөн болох, зохигчид харилцан тохиролцож гүйцэтгэх баримт бичгээ хаалгахдаа хэдэн төгрөгийн эд хөрөнгийг хүүхдийн тэтгэлэгт тооцсон болох, үнэт эдлэл /хөөрөг, бурхан, мөнгөн аяга, хэт хутга, мал/ зэрэг үнэ бүхий зүйлийг төлбөр авагчид өгсөн эсэх зэргийг шалгаж тогтоогоогүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээ дүгнэлт гаргаагүй зэргээр шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг сэргээхдээ шалгаж тогтоовол зохих зүйлийг дутуу шалгажээ. Иймд хариуцагч болох Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 13030319 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр авагч Ч.Аийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байх боловч маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг сонирхогч этгээдээс гаргаагүй болохыг дурдаж шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн тул нэхэмжлэгч Ж.Хын нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж, төвлөрсөн төвсийн орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн 13030319 дугаар Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Хын нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ