| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0138/З |
| Дугаар | 128/ШШ2021/0400 |
| Огноо | 2021-06-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2021/0400
2021 оны 01 сарын 13 өдөр Дугаар Улаанбаатар хот
2021 06 07 128/ШШ2021/0400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: С.С
Хариуцагч: Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны дарга
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
“Эрүүл мэндийн хувьд асуудал үүсч, толгой эргэж нүд бүрэлзэж юм хийж
болохгүй байгаа талаар хэлтсийн даргад удаа дараа хэлсэн боловч, сэтгэцийн
өвчний улмаас ийм шинж тэмдэг илэрч байгааг мэдээгүй. Тухайн үед миний бие
сэтгэцийн өвчин туссаныг мэдээгүй байсан болохоор албаны дарга үр дүнгийн
гэрээгээр муу дүгнэгдсэн ажлаас гарах өргөдөл бичиж өг тэгэхгүй бол сахилгын
шийтгэл оногдуулна гэж сүрдүүлэн өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл шахаж
бичүүлж, тушаал гаргасан. Сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн бүрэн бус
чадамжтай болсон байсан тул энэ үед байгуулсан гэрээ хэлцэл бүгд хүчин
төгөлдөр бус юм. Үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус
байх хэлцэл гэж зохицуулж өгсөн. Хэдийгээр өөрийн хүсэлтээр ажлаас гарах
өргөдлөө бичиж өг гэсний дагуу шахалтаар бичиж өгсөн боловч Иргэний хуулийн
56 дугаар зүйлийн 56.1.6-д сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир
холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй иргэн эрх зүйн бүрэн
чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл хүчин төгөлдөр
бус гэж заасан байна.
Мөн Сэтгэцийн эмчийн магадалгаагаар тодорхойлогдсон болно, Иймээс хариуцлага тооцох, ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Албаны дарга ******* референт *******,*******,******* нар сургалтад сууж чадахгүй юм хийж болохгүй толгой эргэж нүд бүрэлзээд байгаа талаар хэлж байсан болохоор мөн гэрчилнэ. Ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс үр дүнгийн гэрээгээр муу дүгнэгдсэн биш ажил үүргийн онцлогоос шалтгаалсан дарамт шахалтаас үүдэн эрүүл мэндийн хувьд асуудал үүссэний улмаас үр дүнгийн гэрээг буруу гаргаж оноо хасуулсан. Дараа нь засаж гаргасан тул ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл байгаагүй. Гэнэтийн сэтгэл зүйн цочрол нь форс мажор нөхцөл буюу хүндэтгэн үзэх шалтгаанд орох тул энэ үед ажил үүргээ гүйцэтгээгүй гэж сахилгын шийтгэл тооцох хариуцлага ярих боломжгүй юм. Иймд Ажлын албаны даргын шахалт үзүүлж, бичүүлсэн өргөдөл болон гаргасан тушаал захиргааны илт хууль бус актад орно.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасны дагуу эрүүл мэндийн улмаас үр дүнгийн гэрээгээ буруу гаргаж дахин байгуулсан гэж хариуцлага тооцох, ажлаас гаргах талаар хуульд заасан эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-т хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон бол түр хугацаагаар чөлөөлөхөөр заасан байна. Харин эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэхгүйгээр сахилгын шийтгэл оногдуулна гэж сүрдүүлж, шууд ажлаас чөлөөлөх тухай заасан хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд намайг ажлаас гаргахаар сүрдүүлэх биш төрийн албан хаагчийн эдлэх эрхийг эдлүүлж.эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөөлөх ёстой байсан. Эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзээгүй, ажил үүргээ гүйцэтгэсэн ажилтныг ажлаас гарах өргөдлөө бичиж өг гэж дарамтлан шахалт үзүүлж гаргасан. Ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тул гаргасан тушаал илт хууль бус захиргааны актад орно. Уг захиргааны акт нь цагаасаа хүчин төгөлдөр бусад тооцогдох бөгөөд мөн хуулийн 47.4-т захиргааны актын илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.
Эрх зүйн чадваргүй этгээд хүсэл зоригоо илэрхийлсэн бол захиргааны гэрээ илт хууль бус гэдгийг мөн хуулийн 55 дугаар зүйлд зохицуулж өгсөн бөгөөд үүний улмаас шахалтаар ажлаас гаргах өргөдөл бичүүлж авсныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг захиргааны хуулиар тодорхойлж өгсөн болно. Иймээс намайг сэтгэцийн өвчнөөр өвдсөн байх үед үр дүнгийн гэрээгээ буруу гаргасан гэж ажлаас гарах өргөдлийг бичүүлж авсан тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, буруу гаргасан үр дүнгийн гэрээнүүд болон сэтгэцийн эмчийн магадалгаа болон хэлсэн тайлбарт ажиллагаа хийж, үр дүнгийн гэрээг буруу гаргасан гэж хассан оноог нэмж тооцож, захиргааны актын илт хууль бус болгохыг тогтоож өгнө үү.
...Үр дүнгийн гэрээгээ бүрэн бус байгуулж, удаа дараа ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Буруу шийдвэр гаргасан гэж ажилдаа буцаад орох шаардлага тавьж байгаа юм. Ажлын албаны даргын гаргасан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед нүд нь харанхуйлж, толгой эргэх байдлаар биед нь нөлөөлөөд тухайн ажлын албаны даргад тиймэрхүү байдалтай байна гэхэд цаг хугацаа нь тулсан, эмчид үзүүл гэсэн. Эмчид үзүүлж чадахгүй байж байгаад удаа дараа гэрээгээ байгуулаад, тухайн өвчнийхөө илэрцийг мэдэлгүй гэрээ байгуулаад удаа дараа гэрээнүүд нь буруу болсон учраас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзээд байна. Ямар ч эмчлүүлэх боломж өгөөгүй. Өвчний илэрц нь тодорхой мэдэгдээгүй. Лекцэнд ороход удаа дараа толгой тархи нь эргээд, нүд нь бүрэлзсэн. Миний дүү одоо эрх зүйн чадамжтай, ажил хийж болно гэсэн байгаа. Нэхэмжлэгч нь Хүний эрхийн Үндэсний Комиссоос зарласан ажлын байранд шалгалт өгч 1 дүгээр байранд орж гомдол хяналт, шалгалтын хэлтэст 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр референтийн албан тушаалд томилогдсон. Албан тушаалд томилогдон ажилласан цагаас хэлтсийн дарга төрийн албанд шинээр орсон ажилтныг дэмжиж мэргэшүүлж туслан ажиллаагүй. Хэлтсийн даргын хувьд ажил үүргийнхээ дагуу зааж зөвлөхөөс илүү айлган сүрдүүлж дарамтлан албан бичиг гаргаж өгөхгүй байх зэрэг ажлын хариуцлага алдсан үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Ажилд ороод нэг сар болсны дараа ажилтнууд бүгд ээлжийн амралтаа авч миний бие ганцаараа хэлтсийг төлөөлөн үлдсэн. Энэ хугацаанд Комиссын дарга ******* гишүүнтэй хамтран дээрх албан шаардлагуудыг гаргаж, зохих газарт хүргүүлсэн. Ахлах референтийн гаргаагүй, хугацаа нь хэтэрсэн албан шаардлагыг ******* гишүүнтэй хамтран гаргасан. Комиссын дарга ээлжийн амралттай байсан ч ажилд ороод удаагүй байгаа ажилтандаа итгэл хүлээлгэж мэргэжил арга зүйн хувьд дэмжлэг үзүүлж Монгол улсын ирээдүй хойч болсон шилжилтийн насны 14 насны хүүхдүүдэд Д витамины туршилт хийх төслийг зогсоож хүүхдийн эрхийг хамгаалж, эдийн засгийн хөгжил дорой, их хэмжээний өртэй, хүн ам цөөн энэ улс орны иргэд аливаа төсөл, хөтөлбөрийн золиос болж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдлыг зогсоож чадсанаараа ач холбогдолтой. Мөн комисст ажилд орсны дараа ирсэн гомдлын дагуу ажиллагаа хийх, албан бичиг боловсруулахад ихээхэн бэрхшээл тулгарч байсан. Комиссын орон нутгийн ажилтан нь утсаар холбогдохгүй, ажил үүргээ гүйцэтгэхгүй алга болох зэргээр ажил үүрэг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байсан. Энэ хугацаанд комисст ирсэн бүх гомдлыг шийдвэрлүүлж албан бичиг боловсруулахдаа комиссын гишүүн *******аар гэрт нь өдөр болгон явган очиж гарын үсэг зуруулж, албажуулаад холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан. Энэ хугацаанд ажлын байрны аливаа дарамтгүй, ажил үүргээ хариуцлагатай сайн гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндийн шалтгааны улмаас үр дүнгийн гэрээг буруу гаргасан. Тухайн ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан учраас эргэж тухайн ажил үүргээ гүйцэтгэх шаардлага тавиад байгаа юм.” гэжээ.
Хариуцагч Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр комиссын даргад хандаж өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан байдаг. Энэ өргөдлийг үндэслээд Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын албаны дарга 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/06 тоот С.Сыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай байх тохиолдлыг заасан. Ажлын албаны даргын гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 тоот тушаалыг харахад ямар нэгэн хоёрдмол утга агуулагдаагүй, хүсэл зоригийн хувьд актыг бүрэн гүйцэд илэрхийлээгүй зүйл харагдахгүй байна. Хууль зүйн үндэслэл болон тодорхойлох хэсэг, үндэслэх, тушаалын найруулга зүйн хувьд ямар нэгэн илэрхий утга агуулгын алдаатай зүйл харагдахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны актыг гаргасан байхыг заана гэсэн байна. Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 19.1.4-т Комиссын Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, 29.2-т Тамгын газар нь Комиссын чиг үүргийг дагнан хэрэгжүүлэх газар, хэлтэстэй байна, 29.3-т Комиссын Тамгын газрын дарга, ажилтан төрийн захиргааны албан хаагч байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Тэгэхээр үндсэн чиг үүргийнхээ дагуу энэ тушаалыг гаргах эрх бүхий албан тушаалтан энэ тушаалыг гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн тохиолдлыг заасан байдаг. Энэ тушаал дээр ямар нэгэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрх хэтрүүлэн хэрэглэсэн захиргааны акт гаргасан гэж үзэх утга агуулга тушаалын хууль зүйн үндэслэлээс харагдахгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж зааснаар иргэн С.Сын өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон, бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саас “Сэтгэцийн эрүүл мэндийн улмаас 2019 оны Үр дүнгийн гэрээг байгуулахад буруу гаргасан, дахин зөв гаргаж үр дүнгийн гэрээгээ байгуулсан боловч буруу гаргасан гэж үр дүнгийн гэрээний оноо хассан тул үр дүнгийн гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны даргын 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нэхэмжлэлийн үндэслэлдээ “Сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн бүрэн бус
чадамжтай болсон байсан тул энэ үед байгуулсан гэрээ хүчин
төгөлдөр бус юм. Энэ нь сэтгэцийн эмчийн магадлагаагаар тодорхойлогдсон болно. Гэнэтийн сэтгэл зүйн цочрол нь форс мажор нөхцөл буюу хүндэтгэн үзэх шалтгаанд орох тул энэ үед хийсэн үр дүнгийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал илт хууль бус” гэж,
Хариуцагч Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны даргаас “С.С нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын албаны дарга 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б/06 тоот С.Сыг ажлаас чөлөөлөх тухай тушаал болон С.Стай байгуулсан 2019 оны Үр дүнгийн гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус шинжийг агуулаагүй” гэж тус тус тайлбарлажээ.
Нэхэмжлэгч С.С нь Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар[1] тушаалаар 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референтийн албан тушаалд томилогдсон.
С.С нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай Үр дүнгийн гэрээ[2] байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уг гэрээний биелэлтийг F буюу 56,8 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн ирүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Эмнэлгээс өвчтөн илгээх[3] хуудсаар С.Сын 2019 оны Үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэх, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэж, ажлаас чөлөөлөхөд сэтгэцийн байдал хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүйгээс гадна нэхэмжлэлийн үндэслэл дурдсан эрүүл мэндийн улмаас үр дүнгийн гэрээгээ буруу гаргаж дахин байгуулсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч С.С 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны дарга *******д өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т заасны дагуу хүсэлтээ шийдвэрлүүлэхээр өргөдөл[4] гаргасан.
Уг хүсэлтийн дагуу Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар[5] тушаалаар Төрийн албан тухайн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн албанаас чөлөөлөхөөр заасны дагуу С.Сыг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”; 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”; 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх захиргааны актын илт хууль бус шинжийг агуулаагүй байна.
Түүнчлэн Захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчтай байгуулдаг үр дүнгийн гэрээ, түүний биелэлтийг дүгнэх үйл ажиллагаа нь тухайн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарах дотогшоо чиглэсэн шинжтэй тул захиргааны актын шинжийг агуулахгүй байна.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сын гаргасан “Сэтгэцийн эрүүл мэндийн улмаас 2019 оны Үр дүнгийн гэрээг байгуулахад буруу гаргасан, дахин зөв гаргаж үр дүнгийн гэрээгээ байгуулсан боловч буруу гаргасан гэж үр дүнгийн гэрээний оноо хассан тул үр дүнгийн гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар[6] тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сын гаргасан 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны даргын 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН