Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0741

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М т”ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О

 

Нэхэмжлэгч: “М т” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Газрын албаны гэрээ дүгнэсэн акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Газрын албанд гэрээ дүгнэсэн акт олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0776 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2023/0865/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М т” ХХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн Газрын албаны гэрээ дүгнэсэн акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Газрын албанд гэрээ дүгнэсэн акт олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0776 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны гэрээ дүгнэсэн акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, “М т” ХХК-ийн газар эзэмших гэрээ дүгнэсэн акт гаргахыг хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1.  Нэхэмжлэгч “М т” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/750 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 9992 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны гэрээ дүгнэсэн акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Газар зохион байгуулалтыг албанд нэхэмжлэгч “М т” ХХК-ийн газар эзэмших гэрээг дүгнэхээс татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.2. “М т” ХХК-д олгосон газар нь ундны эх үүсвэрийн усан сан бүхий газар, ус хангамжийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа газар. Нэхэмжлэгч талаас үйлдвэрлэлийн зориулалттай авах гэж байгаа бөгөөд тус газар нь ундны усны эх үүсвэр бүхий газарт хамаарч байгаа тул гэрээ дүгнэсэн акт гаргаж өгөх боломжгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэл, Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 07 дугаар тушаалаар хүсэлтэд дурдсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дулааны 2 ба 4 дүгээр цахилгаан станц орчимд “Усны эх үүсвэр, усан сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүс”-т газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгогдсон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дээрх ажлын хэсгээс өгөгдсөн үүргийн дагуу тус албанаас тус бүсэд хамаарч буй нэгж талбарын судалгааг гаргаж тус ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд хүсэлтэд дурдсан асуудлаар нэгдсэн шийдвэр гарах хүртэл гэрээ дүгнэсэн акт гаргах боломжгүй.

3.3. Мөн “М т” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй. Хэрэв нэхэмжлэгч үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж эхэлбэл усны эх үүсвэр болох ус хангамжийн эх үүсвэр бохирдож улмаар тус усны эх үүсвэрээс авч хэрэглэж буй иргэдийн эрх ашиг хөндөгдөх эрсдэл үүсэх эрсдэлтэй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0776 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “М т” ХХК-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн Газрын албаны гэрээ дүгнэсэн акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нийслэлийн Газрын албанд гэрээ дүгнэсэн акт олгохыг даалгуулах” нэхэмжлэл гаргахдаа, ... архитектур төлөвлөлтийн даалгавар авах зорилгоор гэрээ дүгнэх акт авах хүсэлтэд үндэслэлгүйгээр боломжгүй гэсэн хариу өгсөн, газар эзэмших эрх хүчин төгөлдөр байгаа тул Газрын тухай хуулийн 34.8-д зааснаар талууд гэрээг дүгнэх үүрэгтэй, газар эзэмшигч гэрээний үүргээ биелүүлсэн, зөрчил гаргасан эсэх нь гэрээгээр дүгнэгдэнэ гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

3. Харин хариуцагчаас “... нэхэмжлэгчид олгосон газар нь ундны эх үүсвэрийн усан сан бүхий газар, ус хангамжийн эрүүл ахуйн хориглолт хязгаарлалтын бүсэд хамаарах ба Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 67 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гараагүй тул гэрээ дүгнэсэн акт олгох боломжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргана.  

4. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтын талаар “... нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчинтэй, газрын төлбөрийн үлдэгдэлгүй, гэрээ дүгнүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон; Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээний зохицуулалтаас үзэхэд хуульд заасан нөхцөл шаардлага, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан эсэх талаар дүгнэлт гаргахаар байх тул ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, ундны усны эх үүсвэртэй давхцалтай зэрэг үндэслэлээр хариуцагч үүргээ биелүүлэхээс татгалзах эрхгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;

5.1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар “М т” ХХК-д Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1681800279 дугаартай 9992.0 м.кв газрыг 2.4 жилийн хугацаагаар эзэмшүүлж, дараа нь газар эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжаар газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000017582 дугаартай гэрчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олгож, тус өдөр “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” 01107-2017/00448 гэрээг байгуулсан.

5.2. Нэхэмжлэгчээс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэрээ дүгнүүлэх хүсэлтээ гаргасан бол нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01-08/4335 дугаартай албан бичгээр “... Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дулааны 2 ба 4 дүгээр цахилгаан станц орчимд ундны эх үүсвэр, усан сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгогдсон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийн нэгдсэн шийдвэр гарах хүртэл хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгчээ.

5.3.  Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 67 дугаар тушаалаар, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд ундны усны эх үүсвэрийн бүсэд холбогдох хууль тогтоомж, норм стандарт зөрчиж газар эзэмших эрх олгосон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд үзлэг хийж, судалгаа гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, судалгааны нэгтгэлийг 2023 оны II улиралд багтааж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг даалгасан.

Харин шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед ч уг ажлын хэсгийн шийдвэр, дүгнэлт гараагүй талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-08/7007 дугаар албан бичигт дурджээ.

6. Тодруулбал, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хүчинтэй байдал буюу гэрээний үүргийн зөрчил гаргасан эсэх, газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх журам, хүсэлт гаргасан хугацааны талаар хэргийн оролцогчид тухайлан маргаагүй болно.

7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.6-д Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана”, 34.6.7-д “Гэрээний талуудын эрх, үүрэг хариуцлага”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж,

Энэ хэсгийн 5.1-д заасан 01107-2017/00448 дугаартай газар эзэмшүүлэх гэрээний 4.14-д “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”, 5.4-д “Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх”, 7.2-т “Газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил бүрийн 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан дүгнэнэ” гэж тус тус заасан.

8. Хууль, гэрээний дээрх зохицуулалтыг, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон маргааны үйл баримттай харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч “М т” ХХК нь газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг зөрчөөгүй буюу үүргээ биелүүлсний үндсэн дээр гэрээ дүгнүүлэх хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан энэ тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэх үүрэг хариуцагчид бий гэж үзнэ.

Цаг хугацааны хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ хүчин төгөлдөр бөгөөд газрын төлбөрийг төлөх зэргээр газар эзэмшигчээс үүргээ биелүүлсэн тохиолдолд тогтоосон журмын дагуу гэрээг дүгнэж, акт үйлдэх эрх зүйн үр дагавар үүсэх ба энэ нь хариуцагчийн үүрэг болно.

9. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулиар нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь гэрээг дүгнэх үүрэгтэй атал Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Барилга, хот байгуулалтын сайдад өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд, түүний байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь ундны эх үүсвэрийн усан сан бүхий газар, ус хангамжийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа гэхчлэн газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх үндэслэлд хамаарахгүй шалтгаан зааж, тус хуулийн этгээдтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг дүгнэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

10. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлсний үндсэн дээр газар эзэмшигчийн хувиар эдлэх бусад эрхээ эдлэх боломж маань захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас хязгаарлагдсан” гэх тайлбар үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсангүй.

11. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0776 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Г.МӨНХТУЛГА

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ