Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1541

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч В.Батдэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу,

шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203004630479 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Сүүж-Уул” амралт, сувиллын зүүн замд “Тоуоtа Рrius-30” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.1-д заасныг зөрчсөнөөс машиных нь сүүдэрт унтаж байсан хохирогч ******дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 8 дугаар 02-ны өглөө 9 цагт хамт олноороо салхинд гарсан. Нойр дутуу байсан болохоор ууж идээд машиндаа унтсан. 19 цагийн үед сэрээд горхи руу явах гээд машинаа хөдөлгөсөн. Ойр орчмоо бууж хараагүй. Хөдөлгөсөн чинь ажлынхан “доор чинь хүн” гээд орилсон. Буутал манай ажлын 1 залуу машин доор байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг явсан. Хууль дүрэм зөрчсөндөө харамсаж байна. Цаашид тусалж дэмжинэ, хохирол барагдуулахаа илэрхийлж байна. 1,100,000 төгрөг төлсөн” гэв.

 

Эрүүгийн 2203004630479 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ******ы:...2022 оны 8 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн үед манай компаний ажилчид хөдөө амрахаар “Сүүж уул” амралтын газрын ойролцоо хөдөө хээр буудаллаад ууж идсэн. Урд шөнө нь нойргүй хоносон болохоор дорхноо муудацгаасан. Би нэлээд муудсан болохоор урдах хойдхоо сайн санахгүй байгаа ч машины сүүдэр бараадаад хэвтээд унтаад өгсөн. Нэг мэдсэн хүмүүс орилолдоод “машин өргө” гээд байсан. Тэр цагаас хойш ухаан орсон хоёр хөлнөөс хүн татаад байсан. Тэндээсээ ****** машинаар хот руу эмнэлэг явсан. Миний нүүр, цээжин биеийн хэсэг гэмтсэн. Одоогоор 2 сая гаруй төгрөг зарцуулсан байгаа тэрнээс жолооч 376,000 төгрөгийг төлсөн. Надад гомдол санал байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.12-ны өдрийн 10757 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******ы биед зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, баруун нүдний ухархайн гадна ба дотор хана, этмойд хөндийн хана, хацар, хамар ясны нийлмэл далд хугарал, хамрын таславчийн тасрал, нүүрэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Тархины эдийн голомтлог няцрал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Гэрч ******: “...Тэр өдөр ажлынхнаараа хотоос баруун тийш 52-ын даваа даваад хөдөө хээр очсон. Манайхан хорхог боодгоо хийгээд зарим нь дуулж, бүжиглэж байсан. Орой хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна хүмүүс орилолдоод эхэлсэн. Тэр зүгт очиход ******ахын машины доор ****** ахын хамраас цус гоожсон, толгой хэсэг нь машины доор орсон байдалтай зүүн талын урд дугуйны хойд талд дээшээ хараад хэвтэж байсан. Машиныг дээш өргөөд би ****** ахын хөлөөс татаж гаргаад ******ахын машины арын суудалд хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал),

Гэрч ******: “...Хоол ундаа идэж уугаад тасрах нь тасраад энд тэнд унтсан. 18-19 цагийн хооронд хүмүүс орилолдоод эхэлсэн. Осол болсон газар намайг очиход ****** ахын толгой машины хоёр дугуйны урд дугуйны хойд хэсгээр орчихсон байсан. Бид хэд бөөндөө машиныг өргөхөд толгойноос нь цус гарсан байж байсан. ******ах жолоочийн талаас яг бууж таарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч ******: “...Гэмт хэргийн улмаас хохирогч ****** нь 2022.08.02-ны өдөр түргэн тусламжаас тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үзүүлж, эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,150,200 төгрөгийн зардал гарсан тул яллагдагч ******гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал),

Мөрдөгчийн 2022.09.19-ний өдрийн 965 дугаартай магадлагаанд: “1. “Тоуоtа Рrius-30” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-6-15), жолооч, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-16, 17),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-43), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-74), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-70), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-71), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-72), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “****** 2022 оны 8 дугаар сард эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан” гэх албан бичиг (хх-98-99), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022.03.30-ны 01/1169 дүгээр албан бичиг (хх-103-104), хохирогч “576,000 төгрөг авсан” гэх хүсэлт (хх-100), хохирлын баримт (хх-38) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “хохирогч ******д 500,000 төгрөг өгсөн” гэх шилжүүлгийн баримт, Эрүүл мэндийн даатгалын санд хохирол төлсөн баримт, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “******” ХХК-ийн “******нь тус компанид савалгааны машинч ажилтай нь үнэн” гэх тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, шүүгдэгчийн хохирол төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин шүүгдэгч ****** гэрчээр өгсөн (хх-42) мэдүүлгийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Сүүж уул” амралт, сувиллын зүүн замд “Тоуоtа Рrius-30” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа .... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас газар унтаж байсан хохирогч ******дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. 2,150,200 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, хохирогчид төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргаагүй. Хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Сүүж уул” амралт, сувиллын зүүн замд “Тоуоtа Рrius-30” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа .... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс машиных нь сүүдэрт унтаж байсан хохирогч ******дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ******ы ...машины сүүдэр бараадаад хэвтээд унтаад өгсөн нэг мэдсэн хүмүүс орилолдоод машин өргө гээд байсан. Тэндээсээ шууд ****** машинаар хот руу эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг (хх-20), шүүх эмнэлгийн 10757 дугаар “1. ******ы биед зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, баруун нүдний ухархайн гадна ба дотор хана, этмойд хөндийн хана, хацар, хамар ясны нийлмэл далд хугарал, хамрын таславчийн тасрал, нүүрэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд зулгарал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-52-53), гэрч ****** “...******ахын машины доор ****** ахын хамраас цус гоожсон, толгой хэсэг нь машины доор орсон байдалтай зүүн талын урд дугуйны хойд талд дээшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-45), гэрч ****** “...Осол болсон газар намайг очиход ****** ахын толгой машины хоёр дугуйны урд дугуйны хойд хэсгээр орчихсон байсан. Бид хэд бөөндөө машиныг өргөхөд толгойноос нь цус гарсан байж байсан. ******ах жолоочийн талаас яг бууж таарсан...” гэх мэдүүлэг (хх-48)мөрдөгчийн 965 дугаар “1. Тоуоtа Рrius-30” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” Гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа (хх-66) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ****** согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдлаа шалгаагүйн улмаас машиных нь сүүдэрт унтаж байсан хохирогч ******ы толгой, цээж хэсгийг дайрч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******ы эрүүл мэндэд хүндэвтэр, хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 376,800 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 1,100,000 төгрөг төлсөн гэх боловч баримтаар 876,800 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-20, 100)-ийг үндэслэн хохирогч ******д энэ тогтоолоор төлөх төлбөргүй,  гэж, харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Түүнчлэн “Эрүүл мэндийн даатгалын санд олгогдох 2,150,200 төгрөг”-ийг  шүүгдэгч ******төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж т үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, туслалцаа үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэр бүлээ ганцаараа тэжээдэг, Налайх дахь салбарт очиж ээлжээр очиж ажилладаг тул Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй гэвэл ажлаас халагдах үндэслэл бий болох тул харгалзан үзнэ үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ажлын хамт олонтойгоо амарч зугаалж явахдаа согтууруулах ундаа хэрэглэн, шүүгдэгч өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаагүйгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж машиных нь сүүдэрт унтаж байсан хохирогчийг дайрч гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд хохирогчид 876,800 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Цаашид гарах зардлаа гаргуулах хүсэлтэй байна” гэх, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,150,200 төгрөг төлөгдсөн), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ****** жолоочийн В ангиллын ***** дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зйүлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч ****** жолоочийн В ангиллын ******* дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7. Хохирогч ****** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР