Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/01102

 

 

 

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/01102

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:  

 

Нэхэмжлэгч: С.Ж-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.С-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч С.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 онд А.С-тай танилцаж, 2008 оноос хамт амьдарсан. 2009 онд хамтдаа БНХАУ-д суралцахаар явсан, хамт суралцаж байх хугацаандаа А.С архи ууж, шалтгаангүйгээр миний хамар руу цохиж гэмтээсэн. Гадаадад байсан болохоор эмнэлгийн тусламж авч чадаагүй өнгөрсөн. Хамт амьдрах хугацаанд архи уухаараа хэл амаар доромжилж, хэрүүл маргаан хийдэг байсан. 2013 оны 5-р сарын 27-ны өдөр охин С.И төрсөн, одоо Амила гэдэг цэцэрлэгт явдаг. С сургуулиа төгсөж ирээд 2016 онд ажилдаа орсон. 2017 оны 5-р сарын 27-ны өдөр охиныхоо төрсөн өдрөөр ирсэн, тэгэхдээ миний нүд рүү цохиж гэмтээсэн. Тэгээд цагдаа дуудхад манайхаас гараад явсан, түүнээс хойш дахин ирээгүй. А.С охиныхоо цэцэрлэгийн төлбөрийг 2 удаа төлсөн, ер нь хамт амьдарч байхдаа би хоол, хүнс, байрны төлбөрөө төлдөг байсан. Бид охиныхоо хадгаламжийн дансанд хамтдаа мөнгө хийдэг, мөн тусдаа хадгаламж нээсэн. Энэ жил охин маань сургуульд орно, хүүхдээ сургуульд нь хүргэх, авах учир би ажил хийх боломжгүй. Иймд А.С охин бид хоёрт эдийн засгийн хувьд туслах байх гэж бодож байна. Тиймээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч А.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн охин С.И-г төрсөн өдрөөс хойш одоог хүртэл Монкорд хадгаламж зээлийн хоршоонд хадгаламж нээлгэн, сар бүр тодорхой мөнгийг хадгалуулж байгаа. 2018 оны 8-р сарын 31-ний байдлаар 6 032 399 төгрөг болсон. Миний бие охиндоо мөнгөн тэтгэлэг хадгаламж хэлбэрээр өгч байсан бөгөөд цаашид өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг ба хүүхдийн тэтгэлэг тогтоох шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй тул миний оролцоогүйгээр зохих хуулийн дагуу 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ж нь А.С-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

С.Ж, А.С нар нь 2003 онд танилцаж, гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдарч 2013 оны 5 дугаар сарын 27-нд охин С.И-г төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Хариуцагч А.С нь хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй байх тул 2013 оны 5-р сарын 27-ны өдөр төрсөн С.И хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Хариуцагч А.С нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 5-р сарын 27-ны өдөр төрсөн охин С.Иг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг А.С-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.С-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА