Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                              М.Пүрэвдорж

Улсын яллагч                                              Б.*******

Шүүгдэгч                                                       Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.*******

Шинжээч                                                       Э.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг *******ын ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт ын *******, /регистрийн дугаар: /

Шүүгдэгч Г.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 14 шуудай 357.5 килограмм нойтон арцыг 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үл таних хүнээс худалдан авч Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг *******ын хэсгийн ******* тоотод байрлах өөрийн гэртээ хадгалж, байгаль экологид 35.213.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

ын ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн *******ын хэсэг ******* тоот буюу гэрийн гаднаас үл таних хүнээс 14 шуудай нойтон арц худалдан авч байшингийнхаа баруун талын гражид хадгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.  Тухайлбал: 

Иргэний нэхэмжлэгч Б.*******ын “...Миний зүгээс байгаль экологид учруулсан хохирол болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилж байна ...” гэсэн мэдүүлгээр,

Арц худалдан авсан хадгалсан талаараа мэдүүлсэн шүүгдэгч Г.*******ын “...2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн *******ын хэсэг ******* тоот буюу хашаан дотроо явж байхад манай хашааны үүдэн дээр машин ирж зогсохоор нь хашааны хаалгаар шагайж хартал цагаан өнгийн автомашин шиг загварын автомашин байсан. Тухайн машины марк, улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Тэгтэл машины жолооч нь намайг уулзъя гээд дуудахаар нь очиж уулзтал, арц байна, авах юм уу, гэхэд арцыг нь үзэхэд ногоон өнгөтэй арц байхаар нь хэдэд өгөх юм бэ гэж асуутал, 1 кг-ийг нь 1500 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Би арцыг 1500 төгрөгөөс дээш үнээс зарагддаг гэхээр нь хэдэн төгрөгийн ашиг олж магадгүй гэж бодсон. Тэгээд тухайн хүн хэлэхдээ надад 300 гаруй кг арц байгаа, чи яахав 280 кг-аар бодож ав гэхээр нь би 400.000 гаруй төгрөг өгөөд тухайн арцнуудыг байшингийнхаа баруун талын гражид хийж хадгалсан. Би өмнө нь арц худалдаж авч байгаагүй. Би арц худалдаж авах нь хууль бус гэдгийг мэддэггүй байсан...”  гэсэн мэдүүлгээр болон 14 шуудай арцыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч  Г.*******ын  үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан ба ховор ургамал болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.*******ын гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай “...14 шуудай  буюу 357,5 кг арц нь Овог: Агрууны, Төрөл: Арц, Зүйл: Хуурамч хонин арц (Juniрerus pseudossabina Fisch. Et Mey)

2. 14 шуудай, 357,5 кг арц нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор “Ховор ургамал”-ын жагсаалтад орсон.

3. Тухайн хураагдсан 14 шуудай, 357,5 кг арц арцны экологи эдийн засгийн үнэлгээ 2020 оны 09 дүгээр сарын байдлаар гаргасан болно.

Арцны нэр

Латин нэр /зүйл/

Нэг кг арцны Экологи эдийн засгийн үнэлгээ

Нийт арцны тоо /кг/

Экологи эдийн засгийн үнэлгээ, /төгрөгөөр/

1.

Хонин Арц

Juniрerus pseudossabina

98,500 ₮

357,5 кг

35,213,750₮

Нийт

357,5 кг

35,213,750 ₮

гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь  энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон  хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох нь зүйтэй.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 2-д  “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: “...ховор...” гэж, 4 дэх хэсэгт “ховор” ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, устаж болзошгүй ургамал хамаарна” гэж тус тус  хуульчилсан.

Шүүгдэгч Г.*******ын Байгалийн ургамлын тухай хуулийн 11, 12 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал хуурамч хонин арцыг худалдаж авч хадгалсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор ховор ургамлыг худалдаж авсан, хадгалсан шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

Шүүгдэгч Г.*******ыг ховор ургамал буюу 357,5 кг нойтон хуурамч хонин арцыг  худалдан авч хадгалсан хэргийн үйл баримт нь дээрх нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

Шүүгдэгч Г.******* хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох  хуурамч хонин арцыг худалдан авч, хадгалсан гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

Хохирлыг тооцсон талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байна.

Тухайн үед эд мөрийн баримтаар хураагдсан 14 шуудай буюу нойтон хуурамч хонин арцыг жинлэхэд 357,5 килограмм байсан. Шүүх хуралдааны  хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр арцыг TСS загварын 300 кг хэмжих хязгаартай №361014-н №056 лацаар битүүмжлэгдсэн 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өдөр хүртэл улсын баталгаажуулалтын гэрчилгээ олгосон электрон жингээр нэг бүрээр нь жинлэж үзэхэд:

1 дэх шуудай–19,2 кг, 2 дахь шуудай–24,5 кг, 3 дахь шуудай-21,9 кг, 4 дэх шуудай–21,1 кг, 5 дахь шуудай–25,2 кг, 6 дахь шуудай–19,0 кг, 7 дахь шуудай–19,4 кг, 8 дахь шуудай–14,8 кг, 9 дэх шуудай–24,7 кг, 10 дахь шуудай–11,2 кг, 11 дэх шуудай–24,2 кг, 12 дахь шуудай–19,0 кг, 13 дахь шуудай–26,6 кг,14 дэх шуудай–22,6 кг буюу нийт 14 уут буюу 303,4 килограмм болж  биологийн чийгээ алджээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын  10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож хонин арц 1 /нэг/ килограмм нь 98,500 төгрөгөөр үнэлэхээр заасан.  Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт ургамлын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар нарийвчлан тодорхойлоогүй ба ургамлын биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар  тодорхой зохицуулалтгүй  учир шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийн улмаас нийт 303,4х98,500=29,884,900 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу шүүгдэгч  Г.*******аас 29,884,900 төгрөгийг гаргуулж, Байгаль, орчин уур амьсгалын санд хохирлыг төлүүлэх нь зүйтэй  гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор  ховор ургамлыг худалдан авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.******* нь хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба шүүдэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь “учруулсан хохирлоо  төлөхөө илэрхийлж байна” гэсэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.*******ыг гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 14 /арван дөрөв/ шуудай хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал хуурамч хонин арцыг худалдан авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д хорих ял оногдуулахгүйгээр  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Г.*******д тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгчийн дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Г.*******д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч Г.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 ширхэг уут хуурамч хонин арцыг худалдан борлуулж үнийг улсын орлого болгосугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Г.*******аас 29,884,900 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

9.Шүүгдэгч Г.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА