Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/342

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************* овогт ************* ************* холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ны өдөр Дорнод аймгийн ************* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ************* сумын *** дугаар баг *************тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэг зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ялаар,  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ************* овогт ************* *************. /РД: *************/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч ************* нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14-15 цагийн орчимд Дорнод аймгийн *************сумын *************баг ************* 11-25 тоотод оршин суух иргэн *************эзэмшлийн байшингийн вакум цонхоор нэвтэрч суран хазаар, нарийн зүссэн 2 метр орчим урттай сурыг хүчхэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Д************* 100,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12-13 цагийн орчимд Дорнод аймгийн ************* сумын ************* баг *************тоотод оршин суух иргэн ************* байшинд нэвтэрч 4 кг үхрийн мах, цахилгаан шавар зуурагч, Самсунг Эс-8 Плас маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн ************* төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ************* сумын 2 дугаар баг ************* тоотод оршин суух иргэн *************өмчлөлийн Монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ************* сумын ** дугаар баг *************тоотод оршин суух иргэн ************* өмчлөлийн Монгол гэрийн тооноор нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гинж, бугуйвч, бөгж, “Мадлен” нэршилтэй 0.75 литрийн дарс, “Хатагтай” нэршилтэй 0.75 литрийн дарс, 0,5 литрийн Алтанчингэс архи, мөнгөн халбага зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 834,899 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн ************* сумын ** дугаар баг *************тоотод оршин суух иргэн *************Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 39 инчийн HD smart маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн ************* сумын ** дугаар баг *************оршин суух иргэн *************байшингийн цонхыг хагалж нэвтрэн 3 хос биеийн тамирын өмд, цамц фудволк, цагаан өнгийн пүүз 2 ширхэг, нимгэн даавуун материалтай шар өнгийн шинэ фудволк 1 ширхэг, ор хөнжлийн даавуу 1 ширхэг, цагаан өнгийн даавуун материалтай шинэ өмд 1 ширхэг, хар жэйнсэн өмд 1 ширхэг, амны маск 20 ширхэг, хүүхдийн ягаан өнгийн тамирын хувцас 2 хос, ягаан өнгийн нимгэн платье 1 ширхэг, хүүхдийн өмд 1 ширхэг, үстэй хар өмд /хуучин/ 1 ширхэг, шар өнгийн хүүхдийн малгай 1 ширхэг, хүүхдийн үстэй өмд цамц 2 ширхэг, ногоон өнгийн чемодан 1 ширхэг, хүүхдийн оймс, цээживч, жэйнсэн өмд, хар өмд, саарал цамц /багцаараа 30 ширхэг/ 0,75 литрийн хэмжээтэй дарс 1 ширхэг, 0,75 литрийн оргилуун дарс 1 ширхэг, хонины мах 10 кг, ургамлын тос 1 ширхэг, туузан гоймон 3 ширхэг, Сэрүүн нэршилтэй пиво 2 ширхэг, ууттай том чихэр 2 кг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ********** 772,750 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ************* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний авсан юмнууд дунд мөнгөн аяга, халбага, гинж байгаагүй. Би архи, дарс хулгайлсан нь үнэн. Харин айл руу орж айлын хүүхдүүдтэй ярилцсан талаар мэдэхгүй байна. Цагдаагийн хэсэгт намайг согтуу байхад авчирсан. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн талаар юу ч мэдэхгүй байна. Өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн...” гэв.

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хашаа байшингаа харахаар 10 цагийн үед хашаандаа очоод юм хийж байгаад 12 цагийн орчим байшингаа цоожлоод охиныхоо гэр рүү явсан. Тухайн үед манай байшингийн цонх болон хаалганы цоож хэвийн байсан. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагийн үед хашаа байшиндаа очоод байшин руугаа ороход манай том өрөөний баруун талд байсан модон авдарны тагийг онгойлгоод доторх эд зүйлсийг нь орон дээр гаргаад тавьсан байсан. Би гайхаад том өрөө рүүгээ ороход өрөөний зүүн урд буланд байсан хайрцагтай хувцсыг онгичсон байсан. Би байшин руугаа орохдоо хаалганыхаа цоожийг гаднаас нь түлхүүрээр онгойлгож орсон тул цонхоор хүн орсон байж магадгүй гэж бодоод цонхоо шалгахад баруун талын вакум цонх дотогшоо онгойсон байсан. Тэгээд би эд зүйлсээ бүртгэхэд модон авдар дотор байсан суран хазаар, 2 метр орчим урттай зүсэж бэлдсэн сур зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Миний хувьд хулгайд алдсан суран хазаар болон нарийн зүссэн 2 метрийн урттай сурыг нэхэмжлэхгүй. Тухайн эд зүйлийг хулгайлсан хүн баригдсан бол болоо...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-156/

Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өглөө босоод гэрт байсан 0.75 литрийн хэмжээтэй Их монгол нэртэй архийг ганцаараа уусан. Тэгээд өдөр 12 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад хороолол дундуур явж байгаад ************* гудамжинд гадна талдаа цэнхэр өнгийн төмөр даймантай хашааны хаалга нь онгорхой байхаар нь орсон. Тэгээд тухайн хашаан дотор ороход цагаан өнгийн ганц байшин цоожтой, хүнгүй байхаар нь урагшаа харсан 2 цонхны баруун талын цонхоор байшин дотор ороод баруун хананд байсан модон авдарны тагийг нь татаж онгойлгоод дотор нь байсан хуйлчихсан 2 метр орчим сур байхаар нь авсан. ...Тухайн байшингаас өөр эд зүйл аваагүй, хазаар байгаагүй. Тэгээд би Шүр зах руу очоод захын үүдэнд явж байсан өмнө нь харж байгаагүй, танихгүй хүнд  сурыг 10,000 төгрөгөөр зараад Их монгол нэртэй 1 шил архи аваад захын урд ганцаараа уугаад  гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 179-180/

Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 12 цагийн үед *************н сумын  ** дугаар баг ************* тоотод хашаанд байрлах гэртээ 6 настай хүүгээ үлдээгээд гадуур явж байтал манай хүү над руу утсаар залгаад гэрт нэг хүн орж ирээд хөргөгчнөөс мах аваад явсан гэхээр нь би гэртээ ирэхэд баруун өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд юу болсон талаар хүүгээсээ асуухад манай гэрт нэг ах орж ирээд ************* нь байна гээд хэлээд сууж байгаад цай уугаад хөргөгч онгойлгоод дотор нь жижиг жижгээр хөлдөөсөн байсан махыг уутанд хийж аваад баруун өрөө рүү орсон гэсэн. Тэгээд гарахдаа аав ээждээ ********* ирсэн гэж хэлээрэй гээд гарсан байсан. Тэр хүн гараад явах үед ширээн дээр байсан манай охины самсунг Эс-8 плас маркийн гар утас нь ширээн дээр байхгүй байсан гэсэн. Өглөө би ширээн дээр охин ********** утсыг нь тавьж орхисон юм. Би тэр хүнийг л авсан байх гэж бодож байна. Мөн баруун талын өрөөний цонх онгорхой зүүн талын хананд байсан шавар зуурагч алга болсон байна. Манай хүүгийн хэлж байгаагаар тэр хүн гартаа юм барьж гараагүй гэсэн. Миний бодлоор өрөөний цонх онгорхой байсан тул цонхоор л гадагшаа гаргасан байх гэж бодож байна. Эдгээр зүйл алга болсон тул би цагдаад хандаж байна. ...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрээс алдагдсан дриллээ эргүүлэн хүлээн авсан. ...Харин 4 кг үхрийн мах, Самсунг Эс-8 маркийн гар утсаа эргүүлэн аваагүй, гомдолтой байна..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195, 197/

Иргэний нэхэмжлэгч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ************* дугаар байранд гэртээ засвар хийж байгаад 12 цагийн үед ************* сумын ** дугаар багийн нутаг гэр рүүгээ явж байхдаа бөмбөгтэй хөшөөний замын урд талын хүнсний дэлгүүрт ороод юм авах гээд байж байтал манай 2-р хорооны нэрийг нь мэдэхгүй, туранхай хар залуу улаан өнгийн шавар зуурагч зарна гээд өөр нэг хүний хамт бага зэрэг архи уусан байдалтай байхаар нь би энэ чинь хулгай юм биш биз дээ гэж асуухад тэр залуу хулгайн юм бишээ, чи намайг барилга дээр ажил хийдэг гэдгийг мэднэ биз дээ гэхээр нь би хааяа энд тэнд шавар зуураад явж байхад нь харсан залуу байсан тул ямар үнээр зарах юм бэ гэхэд 40,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь надад 30,000 төгрөг л байна гэхэд  ав ав гэж хэлсэн. Надад шавар зуурагч зарсан залуу хулгайн эд зүйл биш гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200/

Насанд хүрээгүй гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр найз ************* гэртээ байж байтал гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд сандал дээр суухаар нь би цай хийж өгсөн. Тэр хүн цайгаа уучихаад босоод манай хөргөгч рүү очиж онгойлгоод хөргөгчинд байсан махыг уутанд хийж аваад манай баруун талын өрөө рүү орсон. Тэгээд баруун талын өрөөнөөс гарч ирээд махаа үүрээд гарсан. Гарч явахдаа аав ээждээ Баадай ах ирсэн гэж хэлээрэй гээд гараад явсан. Тэр хүн согтуу байсан. Тэр хүнийг гэрт орж ирэхээс өмнө эгчийн гар утас ширээн дээр байсан ба тэр хүнийг гарсны дараа ширээн дээр байсан гар утас нь байхгүй байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202/

Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө гэрт байсан Их монгол нэртэй архийг ганцаараа ууж дуусгаад  архины мөнгө олохоор гэрээсээ гарсан. ...Тухайн байшингийн хаалга нь онгорхой байхаар нь дотогш ороход 6, 7 насны 2 хүүхэд гэртээ том хүн байхгүй утсаар тоглож байсан. Намайг гэрт нь ороход надад цай аягалж өгөхөөр нь цайг нь уугаад хөргөгчийг онгойлгоод нэг бүхэл хөлдөөсөн мах аваад уутанд хийгээд  баруун талын өрөө рүү нь ороход улаан өнгийн шавар зуурагч дрилл байхаар нь авч гэрээс нь гарахдаа ширээн дээр байсан хар өнгийн мэдрэгчтэй гар утсыг авсан. Тэгээд тухайн айлаас гарахдаа гэрт нь байсан хоёр хүүхдэд аав ээж хоёртоо Баадай ах нь ирээд явсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Ингээд хуучнаар хүнсний 54 дүгээр дэлгүүрийн баруун талд явж байгаад гудамжаар явж байсан үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд айлаас авсан мах, гар утас зэргийг 30,000 төгрөгөөр зарсан. Тэгээд шавар зуурагч дриллээ ************* сум 2-р баг ************* урд талын зүүн тийшээ харсан дэлгүүрийн урд талд нэг машинтай, танихгүй ахад 30,000 төгрөгөөр зарж архи авч уусан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-221/

Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ************* сум ** дугаар баг *************тоотод байрлах Монгол гэрт нөхөр *************, охин *************нарын хамтаар оршин суудаг. ...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд манай нөхөр ************* ээжийнхээ гэр рүү явсан бөгөөд би гэртээ охинтойгоо үлдсэн. Тэгтэл 18 цагийн орчимд манай гэр дээр хүн авирч байгаа нь надад мэдэгдсэн бөгөөд би тухайн үед жаахан хүүхдүүд тоглоод гэр рүү авирчихлаа гэж бодоод буулдаа, яагаад байгаа юм бэ гэхэд ямар нэгэн хариу өгөлгүй дээш авираад байсан. Тэгээд би гэрээсээ гараад хөөе гэж орилоод эргээд орсон. Гэхдээ гэр дээр ямар хүн байгааг хараагүй бөгөөд тухайн хүн гэрийн маань хойд хэсгээр авирч байсан. Гэртээ ороод байж байхад хаалганы завсраар нэг танихгүй хүн намайг хараад зогсож байсан. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоход өөдөөс 30 гаран насны эрэгтэй надаас ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, манай гэрт дайраад ороод ирсэн. Тухайн үед тэрээр надад хандаж хайраа, хоёулаа охиноо бодъё, амьдралаа бодъё гэх зэргээр утгагүй зүйл яриад байхаар нь би сандраад охиноо аваад гэрээсээ гарахад тэр танихгүй хүн ганцаараа гэрт үлдсэн. Хэсэг хугацааны дараа манай нөхөр ирсэн бөгөөд бид нар гэр рүүгээ орох гэхэд гэрийн хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Тэгээд нөхөр маань гэр дээр авираад тооноор харахад тэр хүн өөдөөс нь хараад зогсож байсан гэсэн. Тэр хүн манай авдран дотор байсан хувцсыг гаргаад, гэрт бөөлжөөд, хөргөгчинд байсан бүх юмыг гаргаад хаясан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142/

 Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ************* сум **-р баг ************* тоотод эхнэр *************, охин ************* нарын хамт амьдардаг. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16-17 цагийн орчимд би гэрээсээ айл руу явах гээд гарсан бөгөөд манай эхнэр, охин 2 гэртээ үлдсэн юм. Би айл руу явчхаад 18 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд хашааны үүдэнд манай эхнэр ************* хүүхдээ бариад уйлаад байж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад гэрт согтуу танихгүй хүн орж ирээд дотроос нь хаалга түгжчихлээ гэж хэлсэн. Тэгээд би эхнэр хүүхдээ дагуулан гэрийн гадна ирэхэд гэрийн хаалга дотроосоо түгжээтэй байхаар нь гэр дээрээ авираад тооноороо харахад 30 гаран насны, хар царайтай танихгүй хүн гэрт баганын хажууд зогсож байсан.  ...Тэгээд гэр рүүгээ ороход гэрийн доторх эд зүйл эмх замбараагүй болж, тэрээр гэрийн хаалганы баруун талд бөөлжсөн байсан. Би тухайн хүнийг танихгүй… гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146/

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр танил ************* ах нартай  5 шил архи хувааж уусан. Би сүүлийн архи уугаад тасарчихсан байсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Хаанаас эрүүлжүүлэх байранд яаж хүргэгдэн ирсэн талаараа огт санахгүй байна. ...Миний хувьд ************* сумын ** дугаар баг ************* тоотод ямар ч айл байдгийг  мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-158/

Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 50 минутын орчимд өөрийн гэр болох Дорнод аймгийн *************баг ************* тоотоос  хүү  ************* хамт ажил руугаа явсан юм. Ингээд өдөржингөө ажилтай байж байгаад 23 цаг 50 минутын орчимд хүүгийн хамт гэртээ ирэхэд манай гэрийн баруун хойд талын хананд байсан авдрыг онгойлгоод доторх эд зүйлсийг нь буюу миний шүтээнийг онгичсон байдалтай байсан. Би өөрөө бөөгийн онгод сахиустай бөгөөд түүнийгээ маш эрхэмлэн дээдэлдэг юм. Ингээд би тэр даруй төрсөн эгч ************* руу залгаад болсон асуудлын талаар хэлж мэдэгдэхэд эгч маань цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. ...Манай гэрээс бага зэргийн харласан миний цай уудаг бага гарын жижиг мөнгөн аяга, миний шүтээний тахилын 3 хос мөнгөн аяга, алтан шаргал өнгийн гинж, дарснууд, нэг шил архи зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр алдсан 4 ширхэг мөнгөн аягыг мөрдөгч ************* хүлээж авсан. Манай гэрээс алдсан 4 ширхэг мөнгөн аягыг олсон бусад зүйлсийг нь олж чадаагүй гэж байсан. Харин мөнгөн гинж, бугуйвч, бөгж, мөнгөн халбага зэрэг эд зүйлсийг аваагүй байгаа. Тухайн мөнгөн халбага нь манай өвөөгийн өвөөгөөс үе дамжин ирсэн халбага учраас тухайн мөнгөн халбагыг олж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-16, 18/

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...************* нь Хэрлэн сум ************* баг ************* тоотод манай хадмын пинд амьдардаг бөгөөд хэр удаж байгааг нь мэдэхгүй байна. *************  2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээсээ огт гараагүй бөгөөд гэртээ байж байхад ээж нь болох *************эгч 19 цагийн орчимд 0.75 граммын Хараа нэртэй архи авчраад би, *************гч, ************* бид гурав хувааж уусан. Тэгээд архиа ууж дууссаны дараа цагийг нь сайн мэдэхгүй байна *************, манай эхнэр ************* бид гурав ************* эгчийг гэр рүү нь хүргэж өгөхөөр явсан. Гэрт нь очоод ************* ээжтэйгээ хамт  үлдсэн бөгөөд эхнэр бид хоёр гэр рүүгээ харьсан. Эхнэр бид хоёр гэртээ ирээд удаагүй ойролцоогоор 20-30 минутын дараа ************* 0.5 граммын Чингэс нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд уг архийг бид хоёр хувааж уугаад унтсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20/

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архи ууж дууссаны дараа 21 цагийн үед байх*************, манай нөхөр *************бид гурав *************эгчийг гэр рүү нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд ************* ах ээжтэйгээ хамт *************гэрт нь үлдсэн бөгөөд би нөхрийнхөө хамт гэртээ ирсэн. Биднийг гэртээ ирснээс хойш 20-30 минутын дараа ************* ах 0.5 граммын Чингэс нэртэй архи бариад орж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22/

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...************* оройн 21 цагийн орчим гаднаас орж ирэхдээ нэлээн согтуу мөнгөн аяганууд, 2 шил архи, 2 шил дарс зэргийг бариад орж ирсэн. Ингээд өөрийнхөө амбаарт орж *************хамт архиа ууж дуусгаад манай гэрт орж ирээд унтсан. ************* байсан мөнгөн аягийг хулгайн эд зүйл юм уу гэж асуухад үгүй гэхээр нь аваад зайл гэж хэлсэн. Тэгээд араас нь харж байтал хашаандаа нууж байхаар нь энэ хулгайн эд зүйл байх, хүн нь гарч ирвэл өгье гэж бодоод хадгалж байсан юм. 3 ширхэг мөнгөн аяга, нэг халбага, архи, дарс байсан шиг санагдаж байна. Тэдгээрийг уутанд хийсэн байсан. Нэг халбага харагдаж байсан боловч сүүлд олдохгүй байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ************* сум 2-р баг *************тоотод эгч дүү, хамаатны хүмүүстэйгээ нэг хашаанд тус тусдаа амьдардаг. Би тухайн хашаанд ганцаараа амбаарт амьдардаг. 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр таньдаг *************/бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ орой 21 цагийн үед надад 0.75 граммын хэмжээтэй архи авч өгөхөөр нь хувааж уусан. Тэгээд Х*************ах яваад би ганцаараа үлдээд нэмж архи уух гээд мөнгө байхгүй, тэр хавиар явж байгаад 2-р хороонд байрлах спорт хорооны тэр хавьд хаягийг нь сайн мэдэхгүй байна, гаднаа цэнхэр өнгийн даймантай айлын гаднах хаалга нь онгорхой байхаар нь тухайн айл руу ороход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь гэрийнх нь хаалгыг татаж онгойлгоод авдар дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, Чингис нэртэй 1 шил архи, нэрийг нь  мэдэхгүй дарс байхаар нь аваад гарсан. Гэртээ хариад хүргэн *************архинаас нэг хундага татуулаад үлдсэн архийг нь ганцаараа уугаад дуусгасан. 4 ширхэг мөнгөн аягыг хашаандаа байсан эвдэрхий хөргөгчинд хийгээд үлдээсэн. Тэгээд би хөдөө ажлаар яваад өгсөн. ...Миний хувьд 4 ширхэг мөнгөн аяга, Чингис нэртэй архи авсан гэдгээ санаж байна. Би тэр үед архи уусан согтуу байсан болохоор өөр зүйлийн талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75/

Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамтаар наадмын талбай орж юм үзэх гээд 13 цагийн орчим гэрээ цоожилж яваад 17 цагийн үед гэртээ ирэхэд манай эсгий гэрийн хаалганы цоожийг хөшиж ороод гэрийн баруун хойд талд байсан HD smart маркийн зурагтыг хулгайлсан байхаар нь цагдаагийн газарт хандсан. Манайх тухайн зурагтыг худалдаж аваад нэг сар болж байна. Шинээрээ болохоор дэлгэцнийхээ баруун дээд буланд шинэ наалт нь авагдаагүй байгаа. ...2022 оны 07 дугаар сарын 17, 18-ны үеэр манай гэрээс зурагт хулгайлсан Тэгштөгөлдөрийн гэрт очиж эмээг нь дагуулаад тухайн зурагтыг очиж авсан. Манай зурагтыг 16 дугаар байрны ломбардад тавьчихсан байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 4-5, 7/

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Манай барьцаат зээлийн газарт 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 09 цагийн орчимд манайхаар байнга үйлчлүүлдэг 60 орчим насны ************* гэх эмэгтэй миний гар утас руу үл таних дугаараас залгаад ...зурагт барьцаанд тавих гэсэн юм гэхэд нь би талбайгаас ажил дээрээ хүрч ирэхэд ************* гэх хүн 30 гаран насны хүнтэй хамт зурагт тэвэрчихсэн орж ирсэн. Ингээд тухайн 39 инчийн зурагтыг 250,000 төгрөгөөр манай ломбарданд тавьж үйлчлүүлээд гарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 10-12/

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....Манай зээ хүү Тэгштөгөлдөр 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчим гэрээсээ гараад эргээд ирэхдээ 0,5 граммын тал шил Соёрхол нэртэй архи барьчихсан орж ирсэн. Ингээд амбаартаа байж байгаад 14 цагийн орчим гэрээсээ гараад 15 цагийн үед орж ирэхдээ баруун гарын сугандаа хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт, удирдлагын хамтаар хавчуулаад орж ирсэн. Ингээд тухайн зурагтаа бариад амбаар руугаа орсон ба би араас нь  ороход ************* надад энэ зурагтыг зармаар байна, та зараад өг, эсхүл та худалдаж авахгүй юм уу гэж хэлэхээр нь би тухайн зурагтыг худалдаж авч чадахгүй гэж хэлээд амбаараас нь гарч гэр рүүгээ ороход ************* хашаагаар гарч байгаа харагдсан. Ингээд би ************* амбаар руу ороход зурагт нь харагдаагүй байсан ба хашаан дотор байх эвдэрхий хөлдөөгчний хаалгыг сөхөөд үзэхэд тухайн зурагтыг түүн дотор хийчихсэн байсан. ...Би ************* хулгайн зурагт авч ирсэн гэдгийг мэдээгүй. Тэгштөгөлдөр надад манай найзын зурагт байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16/

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээсээ гараад ... ************* сум **-р баг *************хорооллын нарийн гудамжаар урдаасаа хойшоо явж байгаад ертөнцийн зүгээр хойд зүгт харсан төмөр цэнхэр өнгийн даймантай айлын гаднах хаалга нь эвдэрхий онгорхой байсан. Хашаа руу ороход нэг эсгий гэр, модон амбаар байсан. Тэгээд эсгий гэрийн үүдэнд ирэхэд цагаан өнгийн өлгөдөг цоожтой байхаар нь 2 гараараа цоожийг татахад хаалга нь онгойчихсон. Тэгээд гэрт нь ороод зараад архи болчихоор эд зүйл хайж гэрийг нь ухаж байгаад баруун хойд талд байрлах тавилган дээр байсан 39 инчийн зурагтыг удирдлагын хамт авч гарсан…” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 35-36/

Хохирогч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний орой гэртээ ирээд гэрлээ асаах гээд том өрөөнийхөө хаалга руу дөхөөд очиход том өрөөний голд байх толины урд талд нэг хүн сүүмийгээд сууж харагдсан. Би өрөөнийхөө гэрлийг асаахад хар бараан хувцастай, 30 орчим насны эрэгтэй хүн босож ирээд чи миний гарыг зүссэн, чи намайг цохичих л доо, би чамд эрүү үүсгэнэ гэх зэргээр бухимдаад байхаар нь урд айлаас хүн хурдан дуудаарай гээд хүүхдээ гүйлгэсэн. ...Тухайн хүн нь манай байшингийн баруун талын том цонхыг хагалж, нэвтрэн ороод хөргөгчинд байсан ургамлын тос, хонины мах, 2 шил 0,5 граммын Сэрүүн нэртэй пиво, туузан гоймон, ууттай чихэр зэргийг гаргаад авч явахаар бэлдээд тавьчихсан, мөн том өрөөнд байх хөлдөөгчинд байсан 6 кг орчим хонины мах, тавиур дээр байсан дарс, оргилуун дарс, хувцасны шүүгээнд байсан бага охины хувцсыг гаргаад манай хоосон байсан чемоданд хийчихсэн байсан. Мөн улаан цүнхэнд байсан манай хүүгийн бөхийн зодог шуудаг, монгол гутал зэргийг орон дээр гаргаж хаяад манай охины хичээлдээ бэлдэж авсан шинэ хувцаснууд болон миний хэдэн биеийн тамирын хувцас, футболк, цэнхэр цамц, ор хөнжлийн цагаан хэрэглэл зэрэг эд зүйлсийг улаан цүнхэнд хийгээд авч явахаар бэлдчихсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62-63, 65/

Гэрч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 14-ний орой гэртээ ганцаараа унтаж байтал 21 цаг нэлээн өнгөрч байхад хөршийн охин манай хаалгыг тогшоод аниа манайд ороод ир, гэрт эрэгтэй хүн сууж байна хурдлаарай гэхэд нь би гадуур хувцсаа өмсөөд хойд айлынхаа байшинд ортол манай хөрш ************* болон өөр нэг үл таних 30 гаран насны хар хувцастай бор арьстай хүн энэ хүүхэн миний гарыг зүссэн, бас нүүрийг минь урсан гэх зэргээр хэрүүл өдөөд зүүн гарын алгыг зүссэн байдалтай цус болчихсон гал тогоо, том өрөө хоёрын голд сууж байсан. Ингээд байшин доторхыг харахад байшинд байх эд хогшил эмх замбараагүй, хөргөгч болон хөлдөөгчнөөс мах болон хүнсний зүйлс гаргаад тавьчихсан, мөн цүнх болон чемоданд эд зүйлс хийсэн байдалтай байсан. Ингээд цагдаагийн газарт дуудлага өгч удалгүй цагдаагийн алба хаагч ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 69-70/

Шүүгдэгч *************мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ... *************о, *************хоёртой таарч 2 шил архи гурвуулаа хувааж уусан. Үүний дараа Бүдка, Малина хоёртой 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад 18 цагийн орчимд дуусаад тэр хоёроос салаад ганцаараа 2-р хороогоор явж байгаад спорт заалны баруун урд талд хойшоо харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаа руу ороход урагшаа харсан байшин, мөн эсгий гэр байсан. Тэгээд тухайн байшингийн ертөнцийн зүгээр баруун тийш харсан том цонхыг гараараа цохиж хагалаад байшин дотор орж гал тогооны өрөөнд байрлах хөргөгчин дотор байсан ууттай мах, 2 шил сэрүүн нэртэй пиво, З ширхэг гоймон, ургамлын тос, өргөө нэртэй жижиг архи, ууттай чихэр зэргийг гаргаж шалан дээр тавиад том өрөө рүү нь орж шүүгээн дээр байсан 1 шил дарс, 1 шил оргилуун дарс зэргийг авсан. Ногоон эрээн өнгийн чемодан дотор хувцасны шүүгээнээс хувцаснууд хийгээд улаан өнгийн цүнхэн дотор байсан эд зүйлийг орон дээр гаргаж асгаад, өмд, цамц, оймс, биеийн тамирын хослол зэргийг авч явах гээд бэлдэж байхад байшингийн гаднах хаалга онгойх чимээ гарч, гаднаас гэрийн эзэн нэг эмэгтэй орж ирээд чи юун хүн бэ, юу хийж байгаа юм гээд хүүхдээ урд айл руугаа хүн дуудаад ир гээд явуулсан. Удалгүй нэг авгай орж ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Миний хувьд тухайн айлаас авсан эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 44 тоот дүгнэлтэд:

1. Зураг №9-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Зураг №9-д харуулсан гутлын мөр нь гэрч ************* хураан авсан гутлын мөр нь уг гутлын мөрний нийт урт 25 см, өлмийн урт 13 см, өлмийн өргөн 8 см урттай гутлын мөрний хээний хэмжээтэй тохирч байна гэжээ. /1-р хх-ийн 41-44/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтэд:

1.Гэмт хэрэг үйлдэх үед *************сэтгэцийн байдал бие хүний органик эмгэг хэмээх өвчтэй байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

            2. *************сэтгэцийн байдал одоо бие хүний органик эмгэг өвчтэй байна.

            3. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. *************сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулах эсхийг урьдчилан хэлэх боломжгүй байна гэжээ. /1-р хх-ийн 57/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 181, 1-р хх-ийн 07, 1-р хх-ийн 239, 2-р хх-ийн 54, 2-р хх-ийн 139/

- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /1-р хх-ийн 131/

- Зөрчлийн талаархи гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай /1-р хх-ийн 130/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /21-р хх-ийн 182-187, 1-р хх-ийн 09-10, 1-р хх-ийн 240-246, 2-р хх-ийн 55-58, -р хх-ийн 141-146/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 133-135/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 188-190, 1-р хх-ийн 136-137/

- Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 208-215, 2-р хх-ийн 166-173, 1-р хх-ийн 48-55, 2-р хх-ийн 23-30, 2-р хх-ийн 77-85/

- Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд /1-р хх-ийн 105-113/

- Хохирогч *************4 ширхэг мөнгөн аяга хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 116-118/

- Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 191-192/

- Гэрч *************мэдүүлэг /1-р хх-ийн 150-151/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 78/  - Шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хх-ийн 90-100/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 147-148/

- Гэрч *************дансны хуулга /2-р хх-ийн 37-38/

- Барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /2-р хх-ийн 41/,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогч *************хохирол төлсөн баримт, түүнд илүү төлсөн 174,000 төгрөгийг буцаан гаргуулж бусад хохирогч нарын хохирлыг төлөх талаар гаргасан хүсэлт зэрэг 2 хуудас баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *************нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14-15 цагийн орчимд Дорнод аймгийн *************тоотод оршин суух *************байшингийн вакум цонхоор нэвтэрч суран хазаар, нарийн зүссэн 2 метр орчим урттай сурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *************100,000 төгрөгийн, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12-13 цагийн орчимд Дорнод аймгийн *************тоотод оршин суух *************байшинд нэвтэрч 4 кг үхрийн мах, цахилгаан шавар зуурагч дрилл, Samsung S-8 plus маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *************484,000 төгрөгийн, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн *************тоотод оршин суух *************Монгол гэрийн тооноор нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гинж, бугуйвч, бөгж, халбага, 2 шил дарс, 1 шил архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *************834,899 төгрөгийн2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн ************* тоотод оршин суух *************Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 39 инчийн HD smart маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч *************350,000 төгрөгийн  хохирол тус тус учруулсан, 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн ************* тоотод оршин суух иргэн *************байшингийн цонхыг хагалан орж гэрт байсан эд зүйлс хулгайлахыг завдсан, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн ************* тоотод оршин суух *************гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч *************, *************, *************, *************, *************, Ч*************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч ***********, насанд хүрээгүй гэрч *************, гэрч *************, *************, *************, *************, *************, *************нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 44 тоот дүгнэлт, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *************нь хохирогч *************гэрт нэвтрэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний хувийн болон орон байрны халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлаж буйгаа мэдсээр байж зориуд хүний эрхэнд халдсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А*************энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч *************хохирогч *************байшингийн вакум цонхоор нэвтэрч суран хазаар, нарийн зүссэн 2 метр орчим урттай сурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 100,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч *************байшинд нэвтэрч 4 кг үхрийн мах, цахилгаан шавар зуурагч, Samsung S-8 plus маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 484,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч *************Монгол гэрийн тооноор нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гинж, бугуйвч, бөгж, халбага, архи,  дарс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 834,899 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч *************Монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч 39 инчийн HD smart маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд нь төгс үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн, хохирогч *************байшингийн цонхыг хагалж байшинд нэвтэрч эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус агуулж байна.

Гэмт этгээд хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн олонлогийн үндсэн шинж бөгөөд нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд олонлог нь давталтын хэлбэрээр илэрдэг. Нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тусгай давталт гэж үздэг бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд байдаг болно. Бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь зөв юм. Харин аль нэгэн үйлдэл нь хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж буй бол түүгээр нь хүндрүүлэн зүйлчилж, бусад үйлдлийг уг зүйлчлэлд багтаана.

Иймд Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар зүйлчилж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч ************* холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *************эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан, шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгуулахад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч ************* үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ************* 100,000 төгрөгийн, хохирогч ************* 484,000 төгрөгийн, хохирогч ************* 834,899 төгрөгийн, хохирогч ************* 350,000 төгрөгийн,  иргэний нэхэмжлэгч ************* 30,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч *************шүүхийн мэдэгдэх хуудсанд “хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, хохирогч ************* “хохирол төлөгдсөн тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, хохирогч ************* “алдагдсан зурагтаа буцааж авсан тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, иргэний нэхэмжлэгч ************* “хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж, хохирогч Д.************* “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэж тус тус тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *************хохирогч Д*************, С*************, *************, *************, иргэний нэхэмжлэгч *************нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч *************шүүхийн мэдэгдэх хуудсанд “надад 834,899 төгрөгийн хохирол учирснаас 4 ширхэг мөнгөн аягыг буцаан авсан үлдэгдэл 334,899 төгрөгийг нэхэмжилж байна, шүүх хуралд оролцохгүй” гэж, хохирогч ************* “цонх хагалсан хохирол болох 191,250 төгрөгийг нэхэмжилж байна, шүүх хуралд оролцохгүй” гэж тус тус тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *************526,149 төгрөгийг гаргуулж, хохирогч *************334,899 төгрөг, хохирогч *************191,250 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч ************* “хохирогч *************484,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогчид шавар зуурагчийг буцаан өгсөн тул С*************308,000 төгрөг төлөх ёстой. Гэтэл шүүгдэгч *************нь хохирогч *************482,000 төгрөгийг төлсөн. Иймд *************илүү төлсөн 174,000 төгрөгийг *************гаргуулж, бусад хохирогч нарт төлөх төлбөрт шилжүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад *************үйлдлийн улмаас хохирогч *************482,000 төгрөгийн хохирол учирсан  бөгөөд үүнээс 174,000 төгрөгийн үнэ бүхий шавар зуурагчийг хураан авч /1-хх-ийн 191/ хохирогч *************хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувдын гаргаж өгсөн хохирогч *************хохирол төлсөн тухай баримтаар *************174,000 төгрөг илүү төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *************он овогт *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  нэгтгэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ************* овогт *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           3. Шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан шүүгдэгч *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************цагдан хоригдсон 79 /далан ес/  хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *************526,149 төгрөгийг гаргуулж хохирогч *************334,899 төгрөг, хохирогч *************191,250 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч *************нь хохирогч *************, *************, *************, Д.Эрдэнэтуяа, иргэний нэхэмжлэгч *************нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА