Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/01169

 

 

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/01169

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А. Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М Б О И З” ТББ,

Хариуцагч: Д. Г нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 060 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, Ш.Э, гэрч П.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. 

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г нь нийтийн хоолны технологич мэргэжилтэй, өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ч.Х, Д.Г нар эхнэр, нөхөр бөгөөд 2018 оны 11-р сарын 22-ны өдөр Д.Г, Г рүү залгаж, “М Б О И З” ТББ,-ын 10 жилийн ойн арга хэмжээний үеэр хэрэглэх 200 хүний сет хоол хийлгэхээр ярисан. Тэгээд ярьж байгаад 1 ширхэг хоолыг 8000 төгрөгөөр 200 ширхэг хоол хийлгэхээр тохирсон, гэтэл 2018 оны 11-р сарын 23-ны өдрийн 13 цагт хэрэгтэй гэсэн. 200 ширхэг хоол 1 өдөр хийж амжихгүй, цаг бага байна гэхэд яаралтай хэрэгтэй, эхний 40-50 хоолыг дарга нарт өгөх учраас эхнээс өгч болно гэсэн. Ийм учраас Буянт цайны газартаа 1 тогооч, 4 туслахын хамт хоолоо хийсэн. Ингээд 2018 оны 11-р сарын 22-ны өдөр урьдчилгаа 800 000 төгрөгийг шилжүүлсэн тул Хархорин худалдааны төвөөс хоол зөөвөрлөх халуун барих савыг 260 000 төгрөгөөр, бусад хоолны материал нийт 973 400 төгрөгөөр худалдан авсан. Маргааш нь эхний 56 ширхэг хоолыг үйл ажиллагаа явуулж байгаа газарт бид өөрсдийн унаагаар хүргэж өгсөн. Үлдэгдэх 144 сэт хоолыг Д.Г өөрийн унаагаар ирж авсан. Гэтэл 800 000 төгрөг, хоол хийж авч явсан хоолны савны төлбөр 260 000 төгрөг нийт 1 060 000 төгрөгийг төлөөгүй. Иймд Монголын байгаль орчин иргэний зөвлөл ТББ болон Д.Г нараас 1 060 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “М Б О И З” ТББ,төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2018 оны 11-р сарын 23-ны өдөр 10 жилийнхээ ойн баярын арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулж, 200 гаруй зочид төлөөлөгч ирсэн. Эхний хурлын арга хэмжээ 12 цагт дуусах тул 200 ширхэг хоолыг 12 цагт авахаар А.Г-тэй тохирсон. Гэтэл 12 цагт хоол авчраагүй, А.Г рүү залгахад 50 хоол аваад очиж байна, 13 цаг хүртэл хүлээгээч гэсэн. Тэгээд 1 цагийн шинэ хөтөлбөр зохиож байгаад 13 цаг болгосон. 13 цагт А.Г 50 хоолтой ирсэн, хоолыг урьсан зочиддоо өгсөн. Дараагийн хоолыг араас авчирч гэсэн боловч 30 минут өнгөрөхөд ирээгүй. Тэгээд манай нөхөр Д.Г жолоочоо явуулж, дараагийн 70 гаруй хоолыг 14 цагт авчирсан. Дахиад амжихгүй болохоор нь өөр унаагаар 3 дугаар ээлжийн 60 гаруй хоолыг авчирсан. Хоолыг халуун саванд хийгээгүй, гялгар уутанд хийсэн байсан. 4 дүгээр ээлжийн 50 гаруй хоолыг А.Г өөрөө 15 цаг өнгөрч байхад авчирсан. 200 ширхэг хоол гэсэн боловч 186 ширхэг хоол 4 удаагийн ээлжээр, 4 цагийн дараа ирсэн. Гэтэл хоолнууд чанарын шаардлага хангаагүй, хөрчихсөн, хоорондоо холилдсон, порц дутуу байсан. Нэхэмжилж байгаа хоолны савыг мэдэхгүй, манайх хариуцахаар яриагүй. Эхлээд нэг хоолыг 7000 төгрөгөөр тохирсон байсан. Гэхдээ хоолны савлагааг чанартай хийнэ гэхээр нь би 8000 төгрөг болгож, урьдчилгаа 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Байгууллагынхаа арга хэмжээнд нөхөр бид хоёр хоолоор хандив өргөсөн юм. 800 000 төгрөгийг шилжүүлэхийнхээ өмнө хоолны газрыг очиж үзье гэхэд боломжгүй гэсэн. Хоолны чанар муу байсан тул мөнгийг төлөхгүй, энэ асуудлаас болж манай байгууллагын нэр хүнд унасан, би ажилгүй болсон гэв.

Хариуцагч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г танил хүнээрээ дамжуулан А.Г-ийн утсыг авсан байдаг. Ингээд хоол хийлгэхээр болж, хоолны газрыг нь үзье гэхэд асуудалгүй гэсэн. 1 хоолыг 7000 төгрөгөөр тохирсон байсан боловч Н.Х-тай ярихдаа 8000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа төлбөрийг авсан байсан. Хоолыг 2018 оны 11-р сарын 23-ны өдрийн 12 цагт хоолыг авах байсан боловч 4 удаагийн ээлжээр авсан. Хоолны чанар муу, хүйтэн, порц бага, гялгар уутанд хийсэн байсан. Буянт хоолны газрын орчин нөхцөл нь бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй байсан. Хоолны савны асуудал байхгүй, 800 000 төгрөгийг төлөхгүй. Хоолны асуудлаас болж Ч.Х ажилгүй болсон гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.Г нь ”М Б О И З” ТББ болон Д.Г нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 060 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 720 000 төгрөгийг ”М Б О И З” ТББас гаргуулахаар хангаж, хариуцагч Д.Год холбогдох нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“М Б О И З” ТББ нь 2018 оны 11-р сарын 23-ны өдөр болох 10 жилийн ойн арга хэмжээнд хэрэглэх зорилгоор иргэн А.Г-ээс 200 ширхэг багц хоолыг нэг бүрийг 8000 төгрөгөөр худалдан авах, А.Г дээрх хоолыг бэлтгэн нийлүүлэхээр тохирчээ.

Хоолны урьдчилгаа 800 000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч 800 000 төгрөг болон хоолны савыг буцааж өгөөгүй тул 260 000 төгрөг гаргуулахаар маргасан бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...хоол чанарын шаардлага хангаагүй, хүйтэн, порц дутуу, гялгар уутанд хийсэн байсан гэж тайлбарлажээ.

Талууд хоол бэлтгэн нийлүүлэхдээ хоолны халуун сав худалдан авах, түүний үнийг төлөхөөр тохироогүй байх ба савыг хүлээлгэн өгсөн, авсан нь тогтоогдоогүй байна. Иймд 260 000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Нөгөө талаас, талууд хоол бэлтгэн нийлүүлэхээр тохирохдоо хугацаа бага болохыг мэдэж байсан, хоолны чанарын доголдлын талаар худалдан авагч гомдлын шаардлага гаргаагүй, доголдлын улмаас гэрээнээс татгалзаагүй, нийлүүлсэн хоолыг хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч 200 ширхэг хоолноос 190 хоол нийлүүлсэн нь гэрч П.Я-ын мэдүүлэг, хариуцагчийн 200 хоол хүрээгүй гэсэн тайлбараар тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 720 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.Г нь арга хэмжээний хоолыг гаргахаар болсон гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул ”М Б О И З” ТББас гаргуулахаар хангаж, хариуцагч Д.Год холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Хан-Уул дүүргийн прокурорын 2019 оны 01-р сарын 04-ний өдрийн 44 тоот тогтоол, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 1-р сарын 15-ны өдрийн 02-02-326/03 тоот Үйл ажиллагааг сэргээх тухай акт нь Б.Гэрэлцэцэг гэх хүнтэй холбоотой /хх 8,46/, А.Г нь хоол хийх материал худалдан авсан гэх зарлагын баримтын /хх 9-15/ талаар талууд маргаагүй, хэргийн 29-40 дэх талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, иргэн Б.Б, М.Г нар нь “М Б О И З” ТББ, ТББ-т өргөдөл, гомдол гаргасан байх ба /хх 48-49/ энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар байгууллага шийдвэрлэх асуудал байжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”М Б О И З” ТББас 720 000 /долоон зуун хорин мянга/ төгрөг гаргуулж А.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 340 000 төгрөгийн нэхэмжлэл, хариуцагч Д.Г-од холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 990 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч ”М Б О И З” ТББас 22 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА