Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1552

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ч.Батбаатар,

амь хохирогч ******хууль ёсны төлөөлөгч ******,

амь хохирогч ******хууль ёсны төлөөлөгч ******,

амь хохирогч ******хууль ёсны төлөөлөгч ******, өмгөөлөгч Р.Булгамаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч ****** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203005310535 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ****** нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны шөнө 01 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны замд “Kia К-5” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөнөөс зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж “FAW CA4220” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж өөрийн тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч ******, ******, ******нарын амь насыг хохироож, насанд хүрээгүй зорчигч ******эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хайртай хүмүүсээ алдсан тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Тухайн өдөр унтаж амраагүй. Даваа өгсөж явснаа санаж байгаа, уруудсанаа мэдэхгүй байгаа. Оршуулгын зардлыг төлсөн. Нэхэмжилж байгаа хохирлыг төлнө. Миний хувьд ******уулзахад хэцүү байсан тул аав уулзаж ярьж байсан. 4 хүүхдэд нь чадах чинээгээрээ тусалж дэмжээд явна. Хохирогч нараас уучлалт гуйя, гэмшиж байгаа. Гэм буруугаа ойлгож байгаа. Хүнд нөхцөлд та нарыгаа орхиж байгаад уучлаарай” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд зааснаар эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. Хоёр талын ах дүүс бид нар 4 хүүхдийн ээжид туслах болно. Ахад маань оногдуулах ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмтэл явъя, ах гэмтсэн юм шиг байна” гээд нөхөр үүрээр сэрээсэн. Ээж, дүүтэйгээ газар дээрээ нас барсан, ах гэмтсэн байсан. Би ****** үеэлүүд. Ахын хүүхдүүдэд тус дэм болох үүднээс ялаас чөлөөлж өгөх боломж байна уу, нэхэмжлэх зүйл байхгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд зааснаар эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй. 4 хүүхдийн асуудлыг харгалзан үзэж шийдэж өгнө үү. Дүүгээ уучлахыг хүсэж байна, ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2203005310535 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Амь хохирогч ******хууль ёсны төлөөлөгч ******: “Би 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гарсан ослын талаар мэдэхгүй. Осол гарахын өмнөх өдөр манай нөхөр, ээж ******, нагац эгч нарын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу бэр гуйхаар явцгаасан. Урд өдөр нь 16 цагийн үед утсаар ярихад гарах болоогүй байна гэсэн, түүнээс хойш утсаа огт аваагүй. Гэмтэл дээр ирчихсэн байсан. 2 хоног ухаан орсон боловч нас барсан. Бид 2015 онд гэр бүл болсон, 4 хүүхэдтэй. 4 дэх хүүхэд маань төрөөд 1 сар хүрээгүй байна. ...Манай орон сууц талийгаачийн нэр дээр бөгөөд 2015 онд 8%-ийн зээл авсан. 49,000,000 төгрөг үлдсэн. Талийгаач сардаа 1,200,000-1,800,000 төгрөгийн орлоготой байсан. Би хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байгаа тул бүх тооцоог гаргаж өгч нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Миний 4 хүүхэд өнчирч үлдсэн. Банкны зээлийн үлдэгдлийг төлүүлнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.09-ний өдрийн 12262 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******биед дух, баруун чамархай, суурь ясны их, бага далавч, хоёр нүдний ухархай, баруун хоншоор, хамар, хамрын таславчийн цөмөрч үргэлжилсэн нийлмэл хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, баруун 4,5,6-р хавирганы зөрүүтэй далд хугарал, баруун уушгины эдийн няцрал, цээжний баруун хөндий дэх хий, шингэн хуралдалт, хоёр дээд, доод зовхи, хамрын нуруу, хоншоорт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 102-104 дэх тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.10-ны өдрийн 2478 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Цогцост хийсэн шинжилгээгээр дух ясны зулай, суурь яс руу үргэлжилсэн, ухархайн дотор хана, хамар яс, баруун хоншоор яс хамарсан нийлмэл цөмөрсөн ил хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хатуу хальсны доорх цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх хугарал засах мэс заслын дараах байдал, өвчүү яс, хоёр талын олон хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь авто ослын үед үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаач нь тархины ил гэмтлийн улмаас халдвар авч тархины бүрхүүл хальсны идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. 5. Талийгаач нь 2022.09.19-ний өдрийн 00 цаг 49 минутанд нас баржээ. 6. Талийгаач нь 4-р бүлгийн цустай байна” гэжээ (хавтаст хэргийн 107-110 дахь тал),

хохирлын баримтууд (хавтаст хэргийн 41-47 дахь тал),

Амь хохирогч ******хууль ёсны төлөөлөгч ******гийн: “Би төрсөн охин нь бөгөөд осол гарах үед манай төрсөн ах ****** хамт явсан. Бид эхээс 2-уулаа, ах маань бас гэмтсэн. Ээжийн буяны ажлын зардлыг одоогоор хөтлөөд явж байгаа, дараа гаргаж өгнө. Манай ээж болон ****** ээж ****** нар нь төрсөн эгч дүү нар юм. Талийгаач нарын зарим буяны ажлын зүйлсийг хамтад нь хийсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Буяны ажлыг бүгд зохион байгуулсан. Гомдол саналгүй, нэгэнт осол болоод өнгөрсөн, бид багаасаа хамт өсөж, ойр дотно байсан учир дүү ****** гомдолгүй гэж гэр бүлийн зүгээс үзэж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.23-ны өдрийн 2375 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаач ******цогцост гавал тархины битүү гэмтэл, гавал болон нүүрний ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, хатуу хальсны урагдал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун хөмсөг, дээд уруулд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зам тээврийн ослын үед, ямар ч байрлалд үүсэх боломжтой. 3. Гавал тархины битүү гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 6. 2022-09-06-ны 05 цагт цогцсын гадна үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 3-5 цаг орчим болсон байжээ. 7. Талийгаач нь дөрөвдүгээр бүлгийн цустай байна. 8.9. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ” гэжээ (хавтаст хэргийн 128-131 дэх тал),

Амь хохирогч ******хууль ёсны төлөөлөгч ******гийн: “Би төрсөн хүү нь бөгөөд осол гарах үед манай төрсөн ах ****** автомашиныг жолоодож явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Буяны ажлыг бүгд зохион байгуулсан. Буяны ажлын цөөхөн баримт байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.23-ны өдрийн 2372 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаачийн биед дух, зулай, баруун, зүүн чамархай, дагз, гавлын суурийн яснууд, хацар, баруун, зүүн ухархай, эрүү, самалдаг, хоншоорын хөндийн яснуудын олон тооны сэлтэрхийд хугарал, дух, баруун, зүүн чамархайн дэлбэн, бага тархи, уртавтар тархи, тархины гүүр, өнчин тархи, хэл уг хэсгээрээ тасралт, ховч яс хугарал, хүзүүний 1,2,3-р нугалмын бяцарсан хугарал, нугас тасралт, нүүрний хэсгийн хамарсан ил шарх, элэгний 3-р сегментэд няцрал, баруун 3,4,5-р хавирганы хугарал, цээж, баруун мөр, баруун шуу, сарвуу, зүүн шуунд зулгаралтай, зүүн шуунд ил шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлүүд байна. 4. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь гавал тархи, хүзүүний гэмтлийн улмаас нас барсан байна. 6. Талийгаач нь нас бараад 3-5 цаг болсон байна. 7. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байжээ. 8. Талийгаачийн цусанд 1,8 промилли, ходоодны шингэн 4,8 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ дунд зэргийн согтолтой байжээ” гэжээ (хавтаст хэргийн 116-119 дэх тал),

Иргэний нэхэмжлэгч насанд хүрээгүй ******хууль ёсны төлөөлөгч ******: “Тухайн осол гарах үед манай нөхөр ****** автомашиныг жолоодон явсан бөгөөд түүний ээж, эгч, хамаатны ******нар хамт явж байсан. ...****** 9 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймагт бэр гуйх зорилгоор ах дүү нарын хамт явсан. Тухайн унаж явсан автомашин өөрийнх нь машин. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч ******: “Би 2022 оны 09 сарын 05-ны өдөр Зүүнхараагаас өөрийн нэр дээр бүртгэлтэй, ******улсын дугаартай Бенз маркын автомашиныг жолоодоод Улаанбаатар руу чиргүүл, ачаан дээрээ нийт 30 тонн төмс ачаад өглөө 09 цагт хөдөлсөн. 01 цаг 40 минутын орчимд Баруун туруу даваад уруудаад пост орохоос наана 2 орчим км зайд явж байхад миний машины зүүн талаар нэг жижиг автомашин орж ирээд гэрлээрээ дохиод сигнал дараад байхаар нь би ачсан төмс унасан уу, дугуйн наклад халчихсан юм болов уу гэж бодож өөрийнхөө явж байсан эгнээнд автомашинаа зогсоогоод буугаад харахад миний машины чиргүүлний зүүн хойд хэсэг рүү kia К-5 маркын ******улсын дугаартай, цагаан өнгийн автомашин мөргөчихсөн байсан. Тэгэхэд нөгөө гэрлээр дохиод байсан машины жолооч араас чинь машин орчихлоо гэж хэлсэн. Тэгээд сандралдаад нөгөө машины жолооч талын хаалгыг онгойлгоход жолооч нь 30-35 орчим насны залуу орилоод сууж байсан. Тэр залууг би дүү нь гэх залуутай хамжаад буулгасан. Зорчигч талын суудал дээр нэг жоохон хүүхэд уйлаад байхаар нь мөн буулгасан. Тэр суудалд нэг эмэгтэй хүн суучихсан хөдлөхгүй байсан, арын хаалгыг онгойлгоход 2 хүн сууж байсан. Нэг эмэгтэйн нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болж хавдсан байсан тэр эмэгтэйг буулгаад замын хажууд хэвтүүлсэн, нөгөө эрэгтэй нь унтаж байсан, тэр хүнийг буулгах гэхэд хөл нь гацчихсан байсан болохоор хаалгыг эвдэж байхад Онцгой байдлын алба хаагчид ирээд тэр хүнийг гаргасан. Онцгой байдлын алба хаагчдын дараагаар 2 орчим минутын дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн, мөн намайг драгер багаж үлээлгэхэд 0.00 гарч байсан. Миний чиргүүлийг мөргөсөн машиныг би мэдэлгүй 150-200 орчим метр газар явчихсан юм байна лээ. Би тэр машиныг чиргүүл мөргөснийг огт мэдээгүй. Чиргүүлний арын гэрэл, татлага чангалагч эвдэрсэн байна лээ, уг эвдрэл хохиролд үнэлгээ хийлгэх шаардлагагүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрөө автомашинд учирсан хохирлоо хариуцаад засвар хийнэ, их мөнгө орох эвдрэл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

Гэрч ******: “2022 оны 09 сарын 05-ны өдөр бэр гуйх найр эхэлсэн, 11:40-16:30 цагийн хооронд болж дууссан. Ирсэн зочид 17 цаг өнгөрөөд буцах болсон. Миний жолоодож явсан автомашинтай нийт 3 машин Улаанбаатар руу гарсан. Нөгөө нэг машиныг жолоодож явсан хүн нь ****** гээд ******ах нь байсан, “Кiа К-5” маркын автомашинаа жолоодоод төрсөн ээжийгээ, хамаатны ах эгч нар, өөрийнхөө хүүхдээ суулгаад явсан. ...Хуучин 22-ын товчооны ойролцоо явж байхад эхнэр ****** дүү ****** ярихад “Та нар хаана явж байна, бид нар араас чинь явж байна” гээд салгасан. Удаагүй 5 минут болоогүй байхад эхнэрийн дүү ****** залгаад осол аваар гарчихлаа гээд орилоод байсан. Тухайн үед 01 цаг 53 минут болж байсан. Эхнэр дүүтэйгээ ярьсан цаг нь тийм байна лээ. Осол хаана болсон талаар асуухад 61-ийн гарамаас уруудаад Эмээлт явах замд гэж хэлсэн. Ингээд осол болсон газрыг олохгүй нилээн явсан, тэгээд гар утсан дээрээ локайшин ашиглаж байж олоод очиход 52-ын даваанаас уруудаад явах замд осол болсон байсан. Очиход ****** ахын жолоодож явсан К-5 маркын автомашин том чиргүүлтэй шаланзны араас мөргөөд зогсчихсон, машины урд хэсэг чихэгдсэн байдалтай байсан. Онцгой байдал, цагдаа, эмнэлгийн машин ирсэн байсан. ****** хувцас цус болсон, ах нь гэх хүний биеийн байдал хүнд байсан. К-5 маркын машинд нэг хүнийг юмаар бүтээчихсэн, нэг нь хавчуулагдсан байдалтай Онцгой байдлын алба хаагчид гаргах гэж байсан. Автомашины хөдөлгөөн сийрэг, харанхуй, эсрэг урсгалд явж байгаа машины гэрэл их хурц, цаг агаарын байдал хэвийн, цас бороо ороогүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал),

Гэрч С.******ын: “...найр 17-18 цагийн орчимд дуусаад, К-5, Т.Приус маркын автомашинтай хүмүүс 18 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Жолоо барьж байсан хүмүүс огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Төмөр замын призер өнгөрөөд явж байхад дүү ****** залгаад “Та хэд хаана явж байгаа юм, бид нарыг өнгөрөөд явчихсан юм уу” гээд асуусан. “Призер гараад явж байна” гэхэд “бид нар та хэдийн хойно яваа юм байна” гэж хэлсэн. Утсаа салгаад 5 орчим минут болж байхад дүү ахиад залгаад “ах ****** осол аваар хийчихсэн байна, түргэн дуудаарай” гэж хэлсэн. Хаана явааг нь асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. Би 103 дугаарын утас руу дуудлага өгөхөд 61-н гарамтай ойрхон юм бол Жаргалантын түргэнийг дуудчих, арай хурдан очно гээд 98-тай дугаар өгсөн. Нөгөө дугаар луу нь залгахад холбогдох боломжгүй байсан тул ахиад 103 дугаар луу залгаад ослын талаар хэлсээр байгаад дуудлага өгсөн. ...61 гарамаас Эмээлт рүү урууддаг замд байна гэж хэлсэн. Ослын газарт ирэхэд Онцгой байдлын машин, цагдаа нар ирчихсэн. ****** жолоодож явсан К-5 маркын автомашин том чиргүүлтэй машины араас мөргөөд зогссон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

Гэрч ******гийн: “...Шөнө 01 цаг 45 минутын орчим манай ах ****** 361 дүгээр гарамын пост дөхөөд миний ард явж байснаа намайг гүйцэж түрүүлээд урд гараад явсан. Хэсэг яваад нэг даваа өгсдөг хэсэгт би ахынхаа ард явж байгаад хэсэг газарт хоцорчихсон. Би давааг уруудаад явж байтал зам дээр баахан хагарсан шил, машины буфер зэрэг байсан. Би “Энд юу боловоо” гээд жаахан хурдаа нэмсэн. Уруудаад явж байсан том машины араас манай ах машинтайгаа мөргөөд уг машины ар талд наалдаад чирэгдээд яваад байсан. Би машинтайгаа хажуугаар нь гүйцэж ороод сигналдаад гэрлээрээ дохиод урагшаагаа чигээрээ яваад уг том машины урд талд гараад ослын гэрлээ асаагаад зогссон. Би буугаад ахынхаа машин дээр гүйж очоод харчихаад буцаж өөрийнхөө машин дээр очоод машинаа хөдөлгөөд ахын машины ард талд очоод татлага гаргаж ирээд араас нь татаж салгах гэж үзсэн боловч хөдлөөгүй. Би ахынхаа машины жолооч талын арын хаалганы цонхыг цохиж хагалаад хаалгыг онгойлготол ахын хүү 2 настай ******уйлсан байдалтай байхаар нь аваад, ахынхаа хаалгыг онгойлгох гээд чадахгүй цонхыг нь цохиод хагалах гэтэл чадаагүй. Гэтэл ах ****** тэр үед өөрөө хаалгаа онгойлгоод гараад ирсэн. Манай ах гарч ирээд сандраад “энэ чинь юу болчихвоо” гээд байсан. Ахын машины ард сууж явсан ****** эгчийг арын суудлаас өргөөд гаргаж ирээд замын хажууд тавьсан. ****** эгчийн судас нь цохилохгүй байхаар нь машинаасаа нэг бүтээлэг гаргаж ирээд хүн харчих байх гээд бүтээсэн. Нөгөө талын хаалгыг онгойлгох гээд том машины жолооч болон тэнд явж байсан нэг Соната-6 машины жолооч ахтай хамт уг хаалгыг эвдээд ******гаргах гэж үзээд чадахгүй байж байтал Онцгой байдлын хүмүүс ирсэн. Би тэр үед ахын машины урд талын сандал руу хартал манай ээж ****** хөдлөхгүй аймаар цус болсон байсан. Онцгойнхон ******гаргаад эмнэлэгт өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.10.12-ны өдрийн 1124 дүгээр магадлагааны дүгнэлтэд: “1. “Кiа К-5” маркын ******дугаартай автомашины жолооч ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Иргэний нэхэмжпэгч, “FAW СА4220” маркын ******дугаартай автомашины жолооч **** нь ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ (хавтаст хэргийн 187-188 дахь тал),

Шүүгдэгч ******гийн яллагдагчаар өгсөн: “...Би даваа руу өгсөж байхад ойролцоогоор 70 км/цагийн хурдтай явж байсан. Уруудаад иртэл урд том ачаатай урт юм харагдаад би зүүн гар тал руугаа дарсан санагдаж байна., тэгээд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд түргэний машинд явж байсан. Осол хэрхэн гарсан талаар санах зүйл байхгүй байна. Осол гасанд маш их харамсаж байна. Би өөрөө их гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 215 дахь тал),

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хх-3), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-4-11), гэрч Э.******ийн мэдүүлэг (хх-84),  

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-194), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-203), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-197), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-199), жолоодох эрхийн лавлагаа (хх-201), амь хохирогч ******буяны ажлын зардалд гарсан баримт (хх-41), амь хохирогч ******хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-37-39) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** сэтгэл зүйн дүгнэлт” 12 хуудас, “Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт” 1 хуудас, “Зээлийн дансны хуулга” 5 хуудас зэрэг нийт 18 хуудас баримтыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** хохиролд 10,115,000 төгрөг шилжүүлсэн талаарх банкны баримт (3 хуудас)-ыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ****** нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны шөнийн 01 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны даваа, Улаанбаатар хотын чиглэлд “Кiа К-5” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг ...ядарсан үедээ тээврийн хэрэглсэл жолоодох,” мөн дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчих хэсгийн 1 дүгээр эгнээд явж “FAW СА4220” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж “Кiа К-5” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч ******, ******, ******нарын амь насыг хохироож, насанд хүрээгүй хохирогч ******эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Бат-Оюунд оршуулгын зардал бүрэн төлөгдсөн. Сэтгэл заслын үнэ 2,200,000 төгрөгийн дүгнэлт хийгдээгүй, хуулийн шаардлага хангаагүй тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Зээлийн гэрээ авагдаагүй тул гаргуулах үндэслэлгүй. Эдгээр хохирлоо нотлох баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээнэ үү. Мөн тэжээгчээ алдсантай холбоотой баримтаа гаргаж өгөөгүй байгаа...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн хувьд 4 хүүхэд аавгүй үлдэж, ханьд нь сэтгэл зүйн хохирол учирсан, 1 сартай хүүхэдтэй үлдсэн. Шүүгдэгч сэтгэл заслын төлбөрийг төлөх ёстой гэж хэлж байгаад талархаж байна. Шүүгдэгч ипотекийн гэрээний төлбөрийг төлнө гээд байхад нотлох баримт үндэслэлгүй гэж үзэж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргана. 49 сая төгрөг дээр сэтгэл заслын 2,2 сая төгрөг, 606,500 төгрөг гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаантай зүйл байхгүй. 2013 онд батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд зааснаар Пагмадулам сэтгэцийн дүгнэлт гаргах эрхгүй этгээд байна. Иймд 2,2 сая төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Ипотекийн зээлийг мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Хүүхдийн тэтгэмжтэй холбоотой асуудлаар 100% гаргах боломжгүй. Хүүхдийн эрхийг хамгаалах хуулиар нэг тэжээгчээ алдсан тохиолдолд 75% гаргуулах ёстой...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****** нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны шөнийн 01 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны замд “Кiа К-5” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгсэлийг ...ядарсан үедээ тээврийн хэрэглсэл жолоодох,” 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж “FAW СА4220” маркын ******улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж өөрийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ******, ******, ******нарын амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** “...Нөхөр 2 хоног ухаан орсон боловч нас барсан...” гэх мэдүүлэг (хх-35), шүүх эмнэлгийн 2478 дугаар “1. Цогцост хийсэн шинжилгээгээр дух ясны зулай, суурь ясруу үргэлжилсэн, ухархайн дотор хана, хамар яс, баруун хоншоор яс хамарсан нийлмэл цөмөрсөн ил хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусархаг няцрал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт, хатуу хальсны доорх цусан хурааг авч тархи дарагдлаас чөлөөлөх хугарал засах мэс заслын дараах байдал, өвчүү яс, хоёр талын олон хоёр талын олон хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 4. Талийгаач нь тархины ил гэмтлийн улмаас халдвар авч тархины бүрхүүл хальсны идээт үрэвслээр хүндэрч нас баржээ...” гэх шинжилгээ (хх-107-110), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******гийн “...осол гарах үед манай ах ****** хамт явсан. Ээжийн буяны ажлын зардлыг одоогоор хөтлөөд явж байгаа, дараа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хх-50)шүүх эмнэлгийн 2375 дугаар “1. Талийгаач ******цогцост гавал тархины битүү гэмтэл, гавал болон нүүрний ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, хатуу хальсны урагдал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун хөмсөг, дээд уруулд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжилгээ (хх-128-131), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******гийн “...осол гарах үед манай төрсөн ах ****** нь автомашиныг жолоодож явсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-54), шүүх эмнэлгийн 2372 дугаар “1. Талийгаачийн биед дух, зулай, баруун, зүүн чамархай, дагз, гавлын суурийн яснууд, хацар, баруун, зүүн ухархай, эрүү, самалдаг, хоншоорын хөндийн яснуудын олон тооны сэлтэрхийд хугарал, дух, баруун, зүүн чамархайн дэлбэн, бага тархи, уртавтар тархи, тархины гүүр, өнчин тархи, хэл уг хэсгээрээ тасралт, ховч яс хугарал, хүзүүний 1,2,3-р нугалмын бяцарсан хугарал, нугас тасралт, нүүрний хэсгийн хамарсан ил шарх, элэгний 3-р сегментэд няцрал, баруун 3,4,5-р хавирганы хугарал, цээж, баруун мөр, баруун шуу, сарвуу, зүүн шуунд зулгаралтай, зүүн шуунд ил шарх гэмтлүүд тогтоогдлоо. 5. Талийгаач нь гавал тархи, хүзүүний гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх шинжилгээ (хх-116-119), иргэний нэхэмжлэгч ****** “...автомашинаа зогсоогоод буугаад харахад миний машины чиргүүлний зүүн хойд хэсэг рүү “Кia К-5” маркын ******улсын дугаартай, цагаан өнгийн автомашин мөргөчихсөн байсан. Нөгөө машины жолооч талын хаалгыг онгойлгоход жолооч нь 30-35 орчим насны залуу орилоод сууж байсан. ...Тэр суудалд нэг эмэгтэй хүн суучихсан хөдлөхгүй байсан, тэгээд хүүхдийг буулгаад арын хаалгыг онгойлгоход 2 хүн сууж байсан нэг эмэгтэйн нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болж хавдсан байсан тэр эмэгтэйг буулгаад замын хажууд хэвтүүлсэн, нөгөө эрэгтэй нь унтаж байсан...” гэх мэдүүлэг (хх-62), гэрч ****** “...очиход ****** ахын жолоодож явсан К-5 маркын автомашин том чиргүүлтэй шаланзны араас мөргөөд зогсчихсон, машины урд хэсэг чихэгдсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-72-73), гэрч ******гийн “...Би тэр давааг өгсөөд уруудаад явж байтал зам дээр баахан хагарсан шил, машины буфер зэрэг байсан. Уруудаад явж байсан том машины араас манай ах машинтайгаа мөргөөд уг машины ар талд наалдаад чирэгдээд яваад байсан. Би машинтайгаа хажуугаар нь гүйцэж ороод сигналдаад гэрлээрээ дохиод урагшаагаа чигээрээ яваад уг том машины урд талд нь гараад аваараа асаагаад зогссон...” гэх мэдүүлэг (хх-80-81), мөрдөгчийн 1124 дүгээр магадлагаа (хх-187-188), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-4-11) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******гийн ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, харанхуй үед өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас урдаа явсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, тээврийн хэрэгсэлдээ сууж явсан хохирогч ******, ******, ******нарын амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******, ******, ******нарын амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгч насанд хүрээгүй зорчигч ******эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******, ******, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч **** нараас хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-50, 54, 58)-ийг үндэслэн шүүгдэгч ******хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******, ******, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Мандхай нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Амь хохирогч ******хууль ёсны төлөөлөгч ****** хохиролд 10,112,230 төгрөгийн (оршуулгын зардал, бусад) баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч 10,115,000 төгрөг, түүнчлэн сэтгэл заслын үйлчилгээний төлбөр 2,200,000 төгрөгийг тус тус төлсөн нь төлбөрийн баримтуудаар болон талуудын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** “Байрны зээлийн үлдэгдэл 49,000,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, мөн хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоогдсон эсэх, талийгаачийн хөдөлмөрийн хөлс, цалингийн талаарх нотлох баримт байхгүй, тухайн байрны ипотекийн зээлийн гэрээг гаргаж өгөөгүй зэргээр нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** “2 талын ах дүүс тул хохирогчийн 4 хүүхдийн ээжид туслах болно. Хөнгөн ял өгнө үү” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** “Дүүгээ уучлахыг хүсэж байна. Ялыг нь хөнгөлж өгнө үү” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул ялыг хөнгөлж өгнө үү” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Бодит зардлыг төлсөн, 4 хүүхдийг анхаарч халамжилна гэдгээ илэрхийлсэн, ипотекийн зээлийг сар бүр төлнө гэж илэрхийлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг харгалзан хөнгөн ял өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруу, зүйлчлэлийн талаар анхнаасаа маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, туслалцаа үзүүлсэн, эхнэр, бага насны хүүхэдтэйг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж 1 жилийн хорих ял өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нь жолоочид хориглосон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа харанхуй үед хурдаа тохируулж яваагүйн улмаас урдаа явсан ачааны тээврийн хэрэгслийн араас мөргөж тээврийн хэрэгсэлдээ зорчиж явсан 3 хүний амь насыг хохироосон), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (гурван хүний амь нас хохирсон, насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******, ****** нар хохирол нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** эмчилгээ, оршуулгын зардал, сэтгэл заслын үйлчилгээний төлбөрт нийт 12,315,000 төгрөг төлөгдсөн, “Байрны зээл, тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын “Хөнгөн ял өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч ******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж 1 жилийн хорих ял өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Тухайлбал шүүгдэгч ****** хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн боловч дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 3 хүний амь нас хохироосон учруулсан хохирлын хор уршиг, шинж чанар, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч ******гийн 2022.12.13-ны өдрөөс 2022.12.20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******гийн жолоочийн В ангиллын ***** дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ***** овогт *****ийн ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч ******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч ******гийн цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож хассугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ****** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ******гийн жолоочийн В ангиллын **** дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******ы “Байрны зээлийн үлдэгдэл 49,000,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР