Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1559

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000002053 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “******” зочид буудалд хохирогч ******хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн доод зовхинд шарх, зүүн хацар, цээж, хэвлий, зүүн бугалганд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн алдаандаа харамсаж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. ******найзууд бөгөөд хүргэж өгөхөөр очсон. Би архи уусан байсан. Хохирол нэхэмжлээгүй тул төлөөгүй. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 2208000002053 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ******: “2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед над руу ажлын газрын хоёр эмэгтэй яриад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “****** караокед хүрээд ир” гэж дуудахаар нь 23 цагийн үед очсон. ...Хамт ажилладаг ******гэх эмэгтэй бид 3 буудал орохоосоо өмнө пиво авсан. ******бие засах гээд гараад явсан. Би ******юм яриад сууж байтал ******миний араас зүүн шанаа руу гараараа дөрвөн удаа цохихоор нь буцаагаад Ариунболдын шанаа, хацар хэсэг рүү алгадаад гарч цагдаад дуудлага өгсөн. Би гомдолтой, хуулийн дагуу шийдүүлмээр байна, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.11.16-ны өдрийн 15544 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ****** биед зүүн доод зовхинд шарх, зүүн хацар, цээж, хэвлий, зүүн бугалганд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Гэрч ******: “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой ажил тараад ******т караоке бааранд орж уусан. ...Би их согтсон байсан нэг сэрээд харахад ажлын газрын ******, ******хоёртой “******” буудалд ирсэн байсан. Бид 3 пиво ууж байтал ******гараад буцаж орж ирээд ****** бид хоёр луу уурлаад ****** толгой руу нэг удаа цохисон. Би салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-41), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-23), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын “**** нь тус хорооны ***** тоотод оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-35), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-36), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-37), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-38), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-39), жолоочийн үнэмлэхийн хуулбар (хх-40), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-43), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-44-46), ********* албаны “******нь тус албанд гагнуурчнаар ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолт (хх-47), дансны хуулга (хх-48-54), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-65, 66), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-70-71), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-75) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “******” зочид буудалд хохирогч ******хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн доод зовхинд шарх, зүүн хацар, цээж, хэвлий, зүүн бугалганд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ****** “...Бид нар уусан. ...******юм яриад сууж байтал ******миний араас зүүн шанаа руу гараараа дөрвөн удаа цохихоор нь...” гэх мэдүүлэг (хх-7-8), шүүх эмнэлгийн 15544 дүгээр “1. ****** биед зүүн доод зовхинд шарх, зүүн хацар, цээж, хэвлий, зүүн бугалганд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх шинжилгээ (хх-17-18), гэрч ****** “...Би их согтсон байсан. ...******гараад буцаж орж ирээд ****** бид хоёр луу уурлаад ****** толгой руу нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-10-11) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******согтуурсан үедээ хохирогч ****** толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ****** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-65)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо “******” зочид буудалд хохирогч Т.******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас гараараа нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “зүүн доод зовхинд шарх, зүүн хацар, цээж, хэвлий зүүн бугалганд зулгаралт, зүүн доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ******нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгч хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогчийн толгой, нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР