Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1564

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Э.Оргилбат,

хохирогч ******,

шүүгдэгч, хохирогч ******, өмгөөлөгч Л.Батжаргал,  

шүүгдэгч, хохирогч ******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******, ******нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208009341879 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *****

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *****

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ****** согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 13 дугаар гудамжинд иргэн ******, ******нартай маргалдаж хохирогч ******ын баруун нүд, нүүр хэсэг рүү гараараа цохиж, дэвсэж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салст улайлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч ******харилцан зодолдон зүүн сарвууны ар хэсгээс хазаж, эрүүл мэндэд нь “дух, зүүн сарвуунд шарх, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 13 дугаар гудамжинд хохирогч ******той харилцан зодолдож нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, алимны салстын цус хуралт, цох, зүүн доод зовхины зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч ******гараараа цохиж, эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад няцарсан шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч ******шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа ухаарч байгаа. Би архи хэрэглээгүй байсан. Нэхэмжлэх зүйлгүй. Харилцан зодоон болоод бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан. Цаашид өөрийн гэсэн хяналттай, зөв байна” гэв.

Шүүгдэгч, хохирогч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Би 1 том пиво уусан байсан. Хохиролд 2,500,000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Болсон явдалд их харамсаж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.

Эрүүгийн 2208009341879 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ******ын: “...том хүүгээ автобусны буудал дөхүүлж өгөх гээд явж байхад 2 залуу гудамжинд зогсож байсан. Тэд чанга чанга яриад байхаар нь “Чимээгүй байгаарай, жаахан хүүхдүүд унтаж байна шүү” гээд алхаж байтал “Та нар хэн юм, хаанаас ирсэн атаманууд вэ” гээд саарал куртиктэй залуу баруун нүд рүү гараараа шууд цохиод намайг унагасан. Унахад толгой дээрээс шууд дэвссэн. Тэгэхээр нь би “Миний дүү гуйж байна, намайг битгий цохиорой, эгч нь жирэмсэн” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу нь том чулуу бариад манай нөхөр рүү шидэж байгаа харагдсан. Ухаан балартаад нэг сэрсэн чинь гэртээ ороод ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.21-ний өдрийн 3082 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******ын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салст улайлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

Хохирогч ******: “2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүргэн ах ****** хамт 2,4 литрийн пиво уугаад гэртээ орсон. ...23 цагийн үед гудамжинд зогсож байтал манай дээд айлаас 2 эрэгтэй хашаанаасаа гарч ирээд “яагаад гудамжинд орилоод байгаа п... вэ” гэхээр нь “юу гээд байгаа юм” гээд бид нар өөдөөс нь очиж маргалдахад ****** намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд заамдсан. ...****** миний уруул хэсэг рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд цээж хэсэг рүү нэг удаа цохиход намайг дахин нэг хүчтэй цохиход би нүүрээ дараад доошоо тонгойход миний цээж хэсэг рүү нэг удаа цохиод түлхэж унагаахад ****** ирээд салгасан. ****** ****** нар зодолдож эхэлсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.23-ны өдрийн 3211 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. ****** доод уруулын дотор салстад няцарсан шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 88-89 дэх тал),

Хохирогч О.******ын: “2022 оны 2 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед гудамжинд танихгүй 2 залуу орилолдоод байхаар нь “Манайд нялх хүүхэд унтаж байна, ахын дүү нар чимээгээ багасга” гэхэд “чи хэн бэ” гээд жижиг биетэй ****** гэх залуу над руу чулуу шидэж зүүн чамархай хэсэгт онож цус гарсан. Дахиад чулуу шидчихвий гээд ****** хувцсаас бариад зогсож байхад ******той хамт явж байсан ****** шууд ****** барьцалдаад авсан. Тэр үед ****** гарч ирээд салгах гэхэд ****** ****** түлхэж унагаад “бүгдийг нь ална” гээд гэр лүүгээ гүйгээд орчихсон. ****** удалгүй гарч ирээд ****** босож амжаагүй байхад нүүр лүү нь нэг удаа өшиглөхөөр нь би ******ийг татаад зүүн нүд рүү нь нэг удаа цохисон. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.28-ны өдрийн 3391 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. О.******ын биед дух, зүүн сарвуунд шарх, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

Хохирогч ******ийн: “...23 цагийн үед гудамжинд ****** дүүгээ дуудаж “юмаа мартчихлаа ****** хүрээд ир” гэж орилтол хөрш айлын бага зэрэг согтуу ах гарч ирээд “П... нар минь дуугүй бай” гэхэд нь ****** “Юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Нөгөө ах хүүхэдтэйгээ ирээд ******тэй барьцалдаад зодоод эхэлсэн. Би ******ийн дүүг дуудаад авч ирээд тэднийг салгах гэтэл тэр ах миний толгой, цээж, нуруу руу, мөн нүд рүү цохиод байхаар нь толгойн бэртэл сэдэрч магадгүй гэж бодоод өөрийгөө хамгаалах гээд гараараа хаасан санагдаж байна. Тухайн үед нөгөө ах намайг зодож байхад би өөрийгөө хамгаалах гээд харилцан зодолдсон. Би нүдээ дарж байгаад өөрийгөө хамгаалах гээд гараа савтал эхнэр нь урдуур ороод толгой, хэвлий хэсэгтээ цохиулчихсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.22-ны өдрийн 3210 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******ийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, алимны салстын цус хуралт, цох, зүүн доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

Гэрч ******: “...хойд аав ****** намайг “гудамжны үзүүр лүү гаргаад өгье” гээд бид 2 гарсан. Хашааны ойролцоо хүмүүс чанга чанга дуугараад орилолдоод байхаар нь би “Ах аа хоёр жаахан хүүхэд унтаж байгаа, хол очоод орилло доо” гэтэл ****** гэх залуу том чулуу аваад ****** ах руу шидтэл толгойг нь хагалчихсан. Би “яаж байгаа юм бэ” гэж хэлтэл үл таних 2 залуу бид хоёр луу дайраад ****** нь миний нүүр лүү цохиод авахаар би хоёр гарыг нь бариад автал ээж ****** гарч ирээд “Болиоч ээ та нар, яах гээд байгаа юм бэ, хүүхдүүд унтаж байна” гэтэл жижиг биетэй ****** нь тэр хавиар орилоод “би төмөртэй гутлаа өмсөж байгаад алаад өгье” гээд гэр лүүгээ ороод удалгүй гарч ирээд ажлын хувцас өмссөн залуу нь бид хоёртой маргалдсан гэх хоёр залууг салгаад цохиод байсан. Тэр үед жижиг биетэй ****** нь уурлаад ээжийг түлхэж унагахаар нь би “юу болж байна” гэхэд ээжийн нүүр лүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

Гэрч ******: “...гудамны үзүүрт очиход ******, ****** нар 2,5 литрийн пиво уугаад дуусчихсан байхаар ******ийн гэр лүү тэр хоёрыг оруулж өгчихөөд алхаж байтал ****** араас “хүрээд ир” гээд чанга дуудаад байхаар нь сонсоогүй юм шиг алхаад гудам эргэх гэж байтал ард хүмүүс чарлалдаад байх шиг байхаар нь буцаад алхтал өөдөөс ****** гүйж ирээд “******ийг гудманд хоёр залуу зодоод байна” гэхээр нь бид хоёр гүйгээд очтол хоёр үл таних залуу ******ийг заамдчихсан зогсож байсан. Би “болиоч ээ” гээд дундуур нь ороод салгатал хөгшин залуу нь ******той маргалдаад зодолдсон. ****** үл таних залуутай зодолдож эхэлсэн. Би ******ийг салгаад хашаа руу оруулаад гарч ирэхэд үл таних хохирогч эмэгтэй газар уначихсан ****** хохирогчийн нөхөртэй зодолдож байхаар нь салгаад хашаа руу авч орсон. Хохирогч эмэгтэйг нөхөр нь мөрлөөд үүрчихсэн хашаа руугаа орж байсан. Маргалдаж байсан хүмүүсээс архи үнэртэж, хэрэглэсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Гэрч ******: “...23 цагийн үед гэртээ охиноо унтуулах гэж байхад гадаа чимээ шуугиан гараад хамтран амьдрагч ******ийн дуу гараад байхаар нь би хадам ээж, насанд хүрээгүй ****** нарын хамт гарч харсан. Миний төрсөн ах ******, ****** нар танихгүй хоёр эрэгтэй хүнтэй маргалдаад хадам дүү ****** салгах гээд зогсож байсан. Хоёр танихгүй залуугийн өндөр нь буюу ****** нь манай нөхөр ******тэй барьцалдаад зогсож байгаад нүүр хэсэг рүү нь цохиж байхыг харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

шүүгдэгч О.******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-125), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-131), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-126), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-127), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-128), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-129), дансны хуулга (хх-130),

шүүгдэгч ******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-94), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-105), оршин суугаа газрын лавлагаа (хх-95), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-192-196), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-197-198), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-199-200) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****** согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 13 дугаар гудамжинд иргэн ******, ******нартай маргалдаж хохирогч ******ын баруун нүд, нүүр хэсэг рүү гараараа цохиж, дэвсэж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салст улайлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч ******харилцан зодолдон зүүн сарвууны ар хэсгээс хазаж, эрүүл мэндэд нь “дух, зүүн сарвуунд шарх, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 13 дугаар гудамжинд хохирогч ******той харилцан зодолдож нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, алимны салстын цус хуралт, цох, зүүн доод зовхины зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, мөн хохирогч ******гараараа цохиж, эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад няцарсан шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ******ын: “...Тэд чанга чанга яриад байхаар нь “чимээгүй байгаарай, жаахан хүүхдүүд унтаж байна шүү” гэж хэлээд алхаж байтал “та нар хэн юм” гээд саарал куртиктэй залуу шууд баруун нүд рүү нэг удаа гараараа цохиод унагасан. Би савж унахад толгой дээрээс шууд дэвссэн...” гэх мэдүүлэг (хх-16-17, 21-22), шүүх эмнэлгийн 3082 дугаар “1.******ын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны салст улайлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зугаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-65-66), хохирогч ****** “...****** миний уруул хэсэг рүү нэг удаа, ...дахин нэг хүчтэй цохиход би нүүрээ дараад доошоо тонгойход цээж хэсэг рүү нэг удаа цохиод намайг түлхэж унагаахад...” гэх мэдүүлэг (хх-28-29), шүүх эмнэлгийн 3211 дүгээр “1. ****** доод уруулын дотор салстад няцарсан шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-88-89), хохирогч О.******ын “...жижиг биетэй ****** нь над руу чулуу шидэж зүүн чамархай хэсэгт онож цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-34-36), шүүх эмнэлгийн 3391 дүгээр “1.О.******ын биед дух, зүүн сарвуунд шарх, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-76-77), хохирогч ******ийн “...Тэр ах миний толгой, цээж, нуруу, нүд рүү цохиод байхаар нь...” гэх мэдүүлэг (хх-42-44), шүүх эмнэлгийн 3210 дугаар “1. ******ийн зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, алимны салстын цус хуралт, цох, зүүн доод зовхины зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-71-72) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******ийн согтуурсан үедээ хохирогч ******, ******нартай маргалдаж хохирогч ******ын нүүр рүү гараараа цохиж, дэвсэж хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч ******харилцан зодолдож зүүн сарвууны ар хэсгээс хазаж хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай үйлдлүүд нь,

шүүгдэгч О.******ын хохирогч ******той маргалдаж нүүрэнд гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч ****** уруул хэсэг рүү гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдлүүд нь тус бүртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.******, ******, ******, ******нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч ****** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 1,650,010 төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүгдэгч ****** хохирогч ******д 2,500,000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч ******ын “2,500,000 төгрөг бэлнээр авсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-196), хохирогч Д.******, ******, ******нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогч нарын “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт (хх-192-195)-ийг тус тус үндэслэн шүүгдэгч О.******, ****** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч ****** согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 13 дугаар гудамжинд ******, ******нартай маргалдаж хохирогч ******ын баруун нүд, нүүр хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний алмины салст улайлт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зугаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ ******ыг өмөөрсөн хохирогч ******харилцан зодолдож эрүүл мэндэд нь “зүүн сарвууны ар хэсгээс хазаж дух, зүүн сарвуунд шарх, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ******нь 2022 оны 2 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овооны 13 дугаар гудамжинд хохирогч ******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн талын нүд, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, алимны салстын цус хуралт, цох, зүүн доод зовхины зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ хохирогч ****** уруул хэсэг рүү нь гараараа цохиж, эрүүл  мэндэд нь “доод уруулын дотор салстад няцарсан шарх, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.******, ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал “Шүүгдэгч ****** гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйл баримтын талаар маргаагүй, хохиролд 2,5 сая төгрөг төлсөн, ажилтай орлоготойг харгалзан үзнэ үү...” гэж,

шүүгдэгч ******“Гэмээ ухаарч байна. Цаашид өөрийн гэсэн хяналттай, зөв байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч О.******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, шүүгдэгч ******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч О.******, ****** нар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар шүүгдэгч О.******, ****** нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ****** согтуурсан үедээ ******, ******маргалдаж хохирогч ******ын нүүр рүү гараараа цохиж, толгой дээр дэвсэж, хохирогч ******харилцан зодолдож, зүүн сарвууны ар хэсгээс хазаж, шүүгдэгч ******нь хохирогч ******ийн нүүр хэсэгт гараараа цохиж, хохирогч ****** уруул хэсэг рүү гараараа цохиж хохирогчийн эрх, эрх чөлөөнд тус тус халдан гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч Д.******, ******, ******, ******нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч ******д шүүгдэгч ****** 2,500,000 төгрөг төлсөн, хохирогч ******ын “2,500,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч ******, О.******, Д.****** нар баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч О.******ын хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодохой ажилтай, орлоготой)-ыг, шүүгдэгч ******ийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******, ****** тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.******, ****** нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт *****н ******, ***** овогт ********** ****** тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******, ****** тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.******, ****** нарыг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******, ****** нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.******, ****** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.******, ****** тус бүрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР