Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/01234

 

 

 

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/01234

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М.Л-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Н С Г” ХХК-д холбогдох фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ср, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 8-р сарын 18-ны өдөр иргэн С.Ц-оос 31-93 УББ дугаартай Тоёото приус 30 маркийн автомашиныг 12 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож тухайн өдөр 8 800 000 төгрөг, 2018 оны 9-р сараас 2019 оны 2-р сар хүртэлх хугацаанд сар бүр 361 000 төгрөгийг ХААН банкны С.Цгийн 5913111255 тоот дансанд шилжүүлсэн. Бэлнээр 1 034 000 төгрөг өгч автомашины үнийг бүрэн төлсөн. 2019 оны 2-р сарын 27-28-нд шилжих шөнө Нэм санхүү групп ХХК-иас хүн ирж миний машиныг хулгайлан авч явсан байсан. “Н С Г” нь автомашин хураан авсан тухай надад ямар нэг байдлаар мэдэгдээгүй бөгөөд бүр сүүлд ...31-93 УББ улсын дугаартай Тоёото приус 30 машин нь С.Ц зээлийн барьцаанд тавьсан, манай байгууллагын өмчлөлд бүртгэлтэй автомашин... гэсэн тайлбар өгсөн. Миний бие С.Ц гэх хүнээс уг машиныг худалдан авахаар тохиролцож үүнийхээ дагуу үнийг бүрэн төлсөн тул өөрийгөө шударга эзэмшигч гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 112-р зүйлийн 112.1-т заасны дагуу М.Л намайг 31-93 УББ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н С Г” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж. Аливаа үйл ажиллагаа эрхлэхдээ хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулах ёстой. Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг Иргэний хуулийн 286-р зүйл, MNS5274-2017 стандартаар зохицуулсан. Уг стандартад зээлдэгч нь хөдлөх эд хөрөнгөө барьцаалан, зээлдүүлэгч нь мөнгө зээлдүүлэх үйлчилгээг барьцаалан зээлдүүлэх гэнэ гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 286-р зүйлийн 286.1-д барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй, 286.4-т Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос ялгаатай нь барьцаалан зээлдүүлэх газар фидуцийн гэрээ хийх эрхгүй. Хуулийн энэ шаардлагыг зөрчиж “Н С Г” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэн н.Ц-той 2018/1180 тоот фидуцийн гэрээ хийж, Тоёото приус маркийн 31-93 дугаартай машиныг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Тэгэхээр фидуцийн гэрээ нь өөрөө хуулийн хориглох хэм, хэмжээг зөрчсөн хэлцэл болсон байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн н.Ц болон “Н С Г” ХХК нарын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Иргэн Цолмон нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр машинаа М.Лд худалдсан байсан бөгөөд цагаан сарын дараа “Н С Г” ХХК нь уг машиныг Эрдэнэтэд хурааж авсан. Ийм учраас М.Лд хохирол учирсан, Цолмонтой дараа дараагийн асуудлыг үүсгэхийн тулд гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ц нь О.А-тай авто машин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. “Н С Г” ХХК-тай С.Ц нь 2018 оны 8-р сарын 10-ны өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж 11 500 000 төгрөг зээлсэн. 2019 он гарснаас хойш Ц зээлээ төлөөгүй, улмаар 2019 оны 01-р сарын 16-ны өдөр, 01-р сарын 21-ний өдрүүдэд зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байгаагаа мэдэгдэж, машиныг зарж борлуулж зээлээ хаана уу, гомдолгүй гэсэн хүсэлт өгсөн. Үүнийг үндэслэн зээлдүүлэгч 2019 оны 2-р сарын 28-ны өдөр иргэн Ц-д гэдэг хүнд машиныг зарсан. “Н С Г” ХХК болон н.Ц нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хийсэн хууль ёсны гэрээ юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Л нь “Н С Г” ХХК-д холбогдох 31-93 УББ дугаартай Тоёото приус 30 маркийн машины өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж /хх 40-41/ “Н С Г” ХХК болон С.Ц нарын хооронд 2018 оны 8-р сарын 10-ны өдөр байгуулагдсан 18/1180 тоот Фидуцийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүсчээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

М.Л нь С.Цгоос 2018 оны 8-р сарын 18-ны өдөр 31-93 УББ дугаартай Тоёото приус 30 маркийн автомашиныг 12 000 000 төгрөгөөр худалдан авч, үнийг бүрэн төлсөн гэх ба “Н С Г” ХХК нь уг машиныг хураан авч М.Лд хохирол учирсан, улмаар “Н С Г” ХХК-ний С.Ц-той байгуулсан фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

С.Ц нь 2018 оны 8-р сарын 10-ны өдөр О.А-тай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны 2082205 тоот мэдүүлэгтэй, Тоёота маркийн 2009 онд үйлдвэрлэсэн автомашиныг 16 500 000 төгрөгөөр худалдан авахаар /хх 33/ тохирчээ.

 

Тухайн өдрөө С.Ц нь “Н С Г” ХХК-тай 18/1180 тоот зээлийн гэрээ байгуулж 11 500 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, 18/1180 тоот фидуцийн гэрээгээр 31-93 УББ дугаартай Тоёота приус 30 машиныг шилжүүлсэн /хх 33-38, 45-46/ байна.

 

Харин нэхэмжлэгч нь С.Ц, “Н С Г” ХХК-ний хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх газар фидуцийн гэрээ хийх эрхгүй, энэ хуулийн 286-р зүйлийн 286.4-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан байна. Нөгөө талаас, сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 286-р зүйлд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох талаар зохицуулсан бөгөөд 286.5.Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан, үүнээс өөрөөр үүргийн гүйцэтгэлийг хангах аргатай холбоотой хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар тусгайлан заагаагүй байна.

 

“Н С Г” ХХК нь С.Цтой зээлийн гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 231-р зүйлийн 231.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаас барьцаагаар хангах аргыг сонгоогүй, харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээ байгуулжээ.

 

Зээлдэгч С.Ц нь үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй болсон, улмаар фидуцийн гэрээгээр шилжүүлсэн машиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэлт гаргасан /хх 49-50, 60/, энэ талаар зээлийн гэрээний талууд маргаагүй, үүргийг дуусгавар болгосон байна.

 

Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хэлцэл хийсэн талуудад, өөрөөр хэлбэл, С.Ц болон “Н С Г” ХХК-ний хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус талаар маргах эсэхтэй хамааралтай, шүүхээр тогтоох шаардлагагүйгээр хүчин төгөлдөр бус хэлцэл байдаг.

 

Харин сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хүсэл зоригийн илэрхийлэл нь төөрөгдөл, хууран мэхэлсэн, хүч хэрэглэх замаархийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хэлцэл хамаарна, нэхэмжлэгч М.Л нь сонирхогч этгээдийн хувиар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн талаар нэхэмжлэл гаргаагүй болно.

 

Нөгөө талаас, М.Л нь 2018 оны 8-р сарын 18-ны өдөр С.Цгоос автомашин худалдан авахаар тохирч үнийг төлсөн гэх ба С.Ц, “Н С Г” ХХК хооронд 2018 оны 8-р сарын 10-ны өдөр гэрээ хийгдэж машиныг өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар С.Ц болон “Н С Г” ХХК-ийн хооронд 2018 оны 8-р сарын 10-ны өдөр байгуулагдсан 18/1180 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн М.Л-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА