Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0440

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С х к ХХН /РД:*******/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: С х к ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 38 ажиллагсад-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 сард тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Э.Э, Т.М, иргэдийн төлөөлөгч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч С х к ХХН шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

          “Нэхэмжлэгч Өмгөөллийн С х к ХХН нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл төлөгчөөр бүртгэлтэй И ХХН-д нэр бүхий нийт 38 ажиллагсад нь 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд болох С х к ХХН-д 2020 оны 8 дугаар сарын 3-ний өдрөөс шилжин ажиллаж эхэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа даатгуулагчид нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж, даатгуулагчдыг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцож байгаа билээ. Түүнчлэн, тус хуульд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулж, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тус хуулийн үйлчлэлд хамаарч буй ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиар ногдуулж, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөн даатгуулагчийг заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцохоор болсон.

          И ХХН-д ажиллаж байсан 38 ажиллагсад-даатгуулагчид дээрх хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан бөгөөд шинээр үүсэн байгуулагдсан С х к ХХН-д шилжин ажилласантай холбоотойгоор тус хуулийн үйлчлэлд хамрагдахгүй болсон. Тодруулбал, 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хүрээнд 2020 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн нийт 38 ажиллагсад буюу даатгуулагч 2020 оны 8 дугаар сарын 3-ний өдрөөс эхлэн дурдсан хуулийн үйлчлэлд хамаарахгүй хувийн хэвшлийн ажил олгогч С х к ХХН-д ажилласнаар 2020 оны 8, 9 дүгээр сард үргэлжлүүлэн чөлөөлөлт эдлэх боломжгүй гэсэн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/887 дугаартай албан бичгээр гаргасан.

          Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс ийм шийдвэр гаргаснаар 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль-ийн 21.1 болон 21.3 дах хэсэгт заасны дагуу 2020 оны 10, 11 12 дугаар саруудад нэхэмжлэгч С х к ХХН-д ажиллаж байгаа нийт 38 ажиллагсад буюу даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиа ногдуулж, тэтгэмж болон ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг чөлөөлөн даатгуулагчийг заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцох боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль нь коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн ...хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч (Монгол Улсын иргэн)-ийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд чөлөөлж, даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцох зорилготой. Хуулийн энэ зорилгын хүрээнд нэхэмжлэгч С х к ХХН нь шинээр үүсгэн байгуулагдсан ажил олгогчийн хувьд тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй боловч 2020 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн 38 ажиллагсад-даатгуулагчийг 2020 оны 8 дугаар сарын 3-ний өдрөөс эхлэн ажиллуулснаар тэдний ажлын байрыг хадгалж, хуульд таасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан гаргах үүрэг хүлээсэн бөгөөд С х к ХХН болон манай ажилтнуудын хуулийн үйлчлэлд хамрагдах хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байна.

          Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажил олгогч нь дурдсан хуулийн үйлчлэлд хамаарахгүй, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй тул түүнд ажиллаж буй ажилтнууд ч мөн үргэлжлүүлэн чөлөөлөлт эдлэх боломжгүй гэх үндэслэлээр нийт 38 ажиллагсдыг 2020 оны 8, 9 дүгээр сард даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулаагүйгээс 38 ажиллагсад-даатгуулагч нь 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс үргэлжлүүлэн чөлөөлөгдөх боломжгүй болж болсон.

          Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас даатгуулагч, 38 ажиллагсдын "Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд зааснаар чөлөөлөгдөх ёстой 2020 оны 8. 9 дүгээр сар/ хамаарах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхгүйгээр ажил олгогч уг шимтгэлийг суутган төлж байгаа нь мөн 2020 оны 10, 11,12 дугаар саруудад даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар хөнгөлж төлөхгүй тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхгүйгээр 38 ажиллагсдын хөдөлмөрийн хөлснөөс ажил олгогч холбогдох шимтгэлийг суутган төлж байгаа нь нэхэмжлэгч ажил ологчийн хувьд 38 ажиллагсдын ажлын байрыг хадгалахад хүндрэл учрах, цаашид үйл ажиллагаа доголдох эрсдэл бий болгож нэхэмжлэгчийн эрх хөндөгдөж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу дараах байдлаар тодруулж байна.

          1. С х к ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад-даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож,

          2. Дурдсан хуулийн дагуу 38 ажиллагсад-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж өгнө үү.

          Иймд 38 ажиллагсад даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж өгнө үү.” гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “... Өмгөөллийн С х к ХХН-д 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс шилжин ажиллаж эхэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцож байгаа.            

            Түүнчлэн тус хуульд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн үйлчлэлд хамаарч байгаа этгээдийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиар, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцохоор болсон. Нэхэмжлэгчийн хувьд дээрх хуулийн 5 дугаар зүйлд “2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж заасны дагуу ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл, шимтгэлийн чөлөөлөлтөд бол хамрагдахгүй. Харин өмгөөллийн И ХХН-д ажиллаж байхдаа 2020 оны 4-7 дугаар саруудад даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн С х к ХХН-д шилжин ажиллаж байгаа 38 ажиллагсад буюу даатгуулагчид нь дээрх хуулийн 1 дүгээр зүйл болон 21 дугаар зүйлийн үйлчлэлд хамрагдаж байх тул 2020 оны 8, 9 дүгээр сард даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамрагдах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, улмаар тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс үргэлжлүүлэн чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл дурдсан хуулийн үйлчлэлд хамрагдан даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа даатгуулагчид нь хуулийн үйлчлэлд хамрагдахгүй хувийн хэвшлийн ажил олгогчид ажилласнаар уг даатгуулагчийн төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтийг зогсоох гэсэн аливаа хориглосон заалт хуульд байхгүй. Мөн дээрх хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж заасан буюу даатгуулагчийг оруулахгүйгээр хязгаарласан байна. Иймд ажил олгогч С х к ХХН нь дурдсан асуудлаар 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий нэр дурдсан нийгмийн даатгалын байгууллагуудаас даатгуулагчдын хөндөгдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хэрэгсэн ажил олгогч нь дурдсан хуулийн үйлчлэлд хамаарахгүй, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй тул түүнд ажиллаж буй ажилтнууд ч мөн үргэлжлүүлэн чөлөөлөлт эдлэх боломжгүй гэж зөвхөн нэг талыг барьсан, үйлчилж буй хуульд нийцэхгүй хариуг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус албан бичгээр ирүүлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуультай зэрэг батлагдсан Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэний 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсөн.                                      

          Нэхэмжлэгч байгууллагад ажиллаж буй 38 ажилтан нь хэдийгээр шинээр үүсгэн байгуулагдсан хувийн хэвшлийн хуулийн этгээдэд ажиллах болсон гэсэн ч Хувь хүний орлогын албан татвараас төлөөлөх тухай хуулийн үйлчлэлд үргэлжлүүлэн хамрагдаж 2020 оны 8, 9 дүгээр сард цалин хөдөлмөрийн хөлсөнд ноогдох хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль болон Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль нь Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Улсын Их хурлын 21 дүгээр тогтоолын хүрээнд батлагдсан, хоорондоо харилцан уялдаа холбоотой хуулиуд юм. Гэтэл дээрх хуулиудыг Монгол Улсын иргэн, даатгуулагч, албан татвар төлөгчдөд ялгамжтай хэрэглэж байгаа нь өмгөөллийн С х к ХХН болон түүнд ажиллаж буй 38 ажилчид, даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

          “...1. Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүсэх үндэслэл-ийг 5.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно гэж заасны дагуу С х к ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн ******* регистртэй 90******17 тоот хувийн хэргийн дугаартай нөхөрлөлийн Улсын бүртгэлийн 0******10 тоот гэрчилгээгээр нотлогдож байна Энэ нөхөрлөл нь ямар нэгэн байдлаар өөрчлөн байгуулагдаагүй болохыг ч тус 0******10 тоот гэрчилгээ нь нотолж байгаа бөгөөд дээрх заалтын дагуу хуулийн этгээд нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхгүй байна. 2. Монгол улсын Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж тодорхой заасан байна. С х к ХХН нь тус хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №А/222 тоот албан бичгээр хүсэлт гаргаж 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн байна. Мөн тус байгууллага нь ажилтнуудаа 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах эрхтэй. Иймд С х к ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн ******* регистртэй 90******17 тоот хувийн хэргийн дугаартай нөхөрлөлийн Улсын бүртгэлийн 0******10 тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус хэлтэст шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн нь мэдээллийн сангаас гаргасан бүртгэлийн кодоор нотлогдож үүнийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ байгууллагын ажилтнууд дээрх хуулийн үйлчлэлийн хамрах хүрээнд багтахгүй байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхгүй болно.

          Нэхэмжлэгч байгууллага нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдаад Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байсан ба манайд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мэдээллийн санд бүртгэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд "2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй" гэх заалтыг баримтлан программд тохиргоо хийгдсэн байдаг тул шинэ ажил олгогч бүртгэхэд тус байгууллага нь чөлөөлөлтөд хамрагдахгүй болж таарсан. Журмын дагуу бид бүртгэлээ хийдэг. Чөлөөлөлтөд хамрагдахгүй тул тайлангаа авч явсан”. гэжээ.

          Иргэдийн төлөөлөгч дүгнэлт байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            С х к ХХН-иас 38 ажиллагсад даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 38 ажиллагсад-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 сард тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

          Нэхэмжлэгчээс “...И ХХН-ийн 38 ажилтан С х к ХХН-д 2020 оны 8 дугаар сарын 3-ний өдрөөс шилжин ажилласан. И ХХН-д ажиллаж байхдаа 2020 оны 4-7 дугаар саруудад даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлээс үргэлжлүүлэн чөлөөлүүлэх үндэслэлтэй.” гэж,

          Хариуцагчаас “Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдаж, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мэдээллийн санд бүртгэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар шимтгэлээс чөлөөлөгдөх боломжгүй.” гэж маргажээ.

          Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдсөн бөгөөд уг хуулийн 1 дүгээр зүйлд “... ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно” гэж заасан байна.

          Түүнчлэн тус хуульд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн үйлчлэлд хамаарч байгаа этгээдийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиар, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцохоор зохицуулжээ.

          Харин И ХХН-д ажиллаж байхдаа 2020 оны 4-7 дугаар саруудад  нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн даатгуулагчид 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн С х к ХХН-д шилжин ажилласнаар нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх боломжгүй болсон байна.

          Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж тодорхой заажээ.

          С х к ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдэж, 0******10 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргаж, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн.

          Иймээс Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж зааснаар С х к ХХН нь уг хуулийн үйлчлэлд хамаарах боломжгүй байна.

          Түүнчлэн нэхэмжлэгчээс ...38 ажилтан нь Хувь хүний орлогын албан татвараас төлөөлөх тухай хуулийн үйлчлэлд үргэлжлүүлэн хамрагдаж, хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдсөн байхад Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй байгаа нь даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна... гэж маргаж байгаа боловч  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасанчлан С х к ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдаж хуулийн этгээдийн эрхтэй болсон тул тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд Нийгмийн  даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулах боломжгүй гэж татгалзсан нь үндэслэлтэй.

          Иймд нэхэмжлэгч С х к ХХН-ийн гаргасан 38 ажиллагсад даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 38 ажиллагсад-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 сард тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1, 5 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С х к ХХН-ийн гаргасан 38 ажиллагсад даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 38 ажиллагсад-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, 2021 оны 1-6 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8,5 хувиар тус тус төлж, 2020 оны 10, 11, 12 дугаар сар, 2021 оны 1-6 сард тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

                         ШҮҮГЧ                          Л.БАТБААТАР

                                                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ