| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0676/з |
| Дугаар | 221/МА2024/0742 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0742
“М х”ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Нэхэмжлэгч: “М х”ХХК
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг “М х”ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0778 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0676/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М х”ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг “М х”ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0778 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2-т заасныг баримтлан “М х”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнийн нэхэмжлэлийг хянан үзэж, “М х”ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргах эсэхийг шийдвэрлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.-д зааснаар Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг 2022 онд хэрэглэх боломжтой байсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “иргэн хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчаас бүрдэнэ”, 14.9 дэх хэсэгт "Үндэсний зөвлөл дараах үүрэгтэй", 14.9.7 дахь заалтад "эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх" гэж, 141.1 дэх хэсэгт "Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний, зөвлөл байна” гэж заажээ.
Хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явуулаагүй буюу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 109.2-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан гэж үзэхээр байна.
3.2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь гаргасан нэхэмжлэлдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 05/994 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоох гэсэн бөгөөд “М х”ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцооны үлдэгдэлгүй гэж гэрээний 2 тал гарын үсэг зурж тооцоо нийлсэн актаар баталгаажуулсныг тус албан бичигт дурдсан байна.
Нэхэмжлэлийг хянах боломжгүй тухай шийдвэр нь манай байгууллагын нэхэмжлэл, хянах үйл ажиллагаатай холбоотой бөгөөд 2022 оны 07 дугаар сард уг шийдвэр гарснаас хойш тухай байгууллага нь тус албан бичгийг гаргасан байгууллагад мөн дээд шатны байгууллага, шүүхэд нэхэмжлэлийг хянуулах талаар гомдол гаргаагүй.
Нэхэмжлэгч байгууллагын 2022 оны 5 сард манай байгууллагын цахим хаягаар ирүүлээгүй нэхэмжлэлийг дахин хянуулахаар хандахад хянах боломжгүй тухай албан бичгийг 2022 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 32/69 дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд үүнд 12 сарын хоцроосон гэх нэхэмжлэлийн үнийн дүн уг шийдвэрт хамаарахгүй.
3.3. Мөн 2024 оны 05/994 дугаартай шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгосон ч 2022 оны 32/69 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр тул манай байгууллага нэхэмжлэлийг хянах боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зөвхөн 2024 оны 05/994 дугаартай албан бичгийг хууль бус захиргааны акт гэж маргасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан үнийн дүнг хэрхэн баталгаажуулсан нь тодорхойгүй манай байгууллагатай гэрээ тооцоо нийлсэн тооцооны актын үнийн дүн зөрүүтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэхээр байх тул хууль, журмын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, дүгнэлт өгөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн оролцогчийн хүсэлтийг шийдвэрлээгүй зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
4. “М х”ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг “М х”ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэл гаргахдаа, шаардлагын үндэслэлээ “... 2022 оны 5 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлт болох 6,174,275 төгрөгийг аймгийн Эрүүл мэндийн газраас нэхэмжлэлийн хугацааг хоцроосон гэх үндэслэлээр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас харин өглөг авлагын тооцоо байхгүй гэх үндэслэлээр татгалзсан; тус хөнгөлөлттэй үнийн нэхэмжлэлийг хугацаа хожимдуулж хүрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай; мөн 2022 оны 12 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн дутуу болох 1,157,272 төгрөгийг олгохоос татгалзсан” гэж тайлбарлажээ.
5. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 2022 оны 5 болон 12 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлт олгоогүй гэх асуудлаар тухайн үед аймгийн Эрүүл мэндийн газраас хариу мэдэгдсэн, дээд шатны байгууллагад гомдол гаргах эрх нь байсан ч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн; хөнгөлөлттэй олгосон эмийн үнийн нэхэмжлэх ирүүлэх хугацаа хэтрүүлсэн нь тухайн компанийн дотоод асуудал бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг ирүүлээгүй; Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дугаар албан бичгийг хүчингүй болгосон ч эмийн үнийн хөнгөлөлтийг хянахгүй гэсэн утгатай Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 32/69 дүгээр албан бичиг хүчин төгөлдөр байгаа” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
6. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь /гэж/ хангаж шийдвэрлэхдээ, маргааны үйл баримтын талаар “... тооцооны үлдэгдлийн баталгааг нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд гарын үсэг зурсан байх бөгөөд тооцооны баримтын жагсаалтаас үзэхэд эхний үлдэгдэл 1,143,746 төгрөг гэж, мөн 5 дугаар сарын дүнгийн хүснэлт хоосон байгаагаас өр төлбөр үүсээгүй гэж үзэхээргүй, 2022 оны 5 дугаар сард хөнгөлөлттэй жороор иргэдэд үйлчилсэн нэхэмжлэх тайлан мэдээг хоцроож, 6 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг тогтоох ямар ажиллагаа хийсэн нь тодорхой бус, гэрээнд зааснаар хугацаа хожимдож ирүүлсэн нэхэмжлэлийг хянан үзэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.5 хувир алданги тооцож суутгах заалтыг хэрэгжүүлэх боломжтой байсан” гэх зэргээр зөрчилтэй дүгнэлт хийснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
7. Нэхэмжлэлийн шаардлагын “... даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг “М х”ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” хэсгийг анхан шатны шүүхээс “...даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнийн нэхэмжлэлийг хянан үзэж, “М х”ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг эсэхийг шийдвэрлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журмыг тодорхойлох зарчим буюу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх агуулга бүхий Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 107 дугаар зүйлийн 107.5-д заасан зохицуулалттай нийцсэнгүй.
8. Тухайлбал, нэхэмжлэгчийн нөхөн төлүүлэхээр шаардсан 7,331,547 төгрөгөөс 2022 оны 12 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн дутуу гэх 1,157,272 төгрөгийн зөрүүг нэхэмжлэгч ямар үндэслэлээр шаардсан буюу энэ зөрүү хэзээ яаж үүссэн, энэ нь бодитой эсэх, хариуцагчийн хувьд ямар үндэслэлээр “М х”ХХК-ийн нэхэмжлэлийг хянаж, даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгосон эмийн зөрүүг олгохоос татгалзсан, түүнийг хэрхэн нотолж буй зэрэг үйл баримт хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдохгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт өгч, шийдвэрлэх боломжгүй юм.
9. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 32/69 дүгээр албан бичиг нь талуулын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэж, биелэлтийг тооцоход ач холбогдолтой эсэхийг ч хариуцагчийн татгалзлын үндэслэлийн хүрээнд, шүүх дүгнэх шаардлагатай.
Учир нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “өглөг авлагын тооцоо байхгүй” гэх, аймгийн Эрүүл мэндийн газрын “… 2022 оны 5 дугаар сард хөнгөлөлттэй жороор иргэдэд үйлчилсэн нэхэмжлэх тайлан мэдээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон” гэх тайлбарын аль нь бодитой бөгөөд хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарч байгааг тодорхойлох нь маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.
Хэрэгт цуглуулсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх (а) 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30, (б) 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны тооцоо нийлсэн баримт нь хэзээ үйлдсэн нь тодорхойгүйн дээр нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад энэ хэсгийн 6-д заасанчлан анхан шатны шүүхээс түүнийг үнэлсэн нь мөн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд үл нийцнэ.
10. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон “М х”ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ХЭ-04/006, ХЭ-04/001 дугаартай “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.1.7-д “/эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авагч/ дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах: 2.1.7.2 “гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл”, 2.4.4-т “/”М х”ХХК/ тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар, эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх үүрэг хүлээнэ”, 4.2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.
11. Гэтэл анхан шатны шүүх, тухайн тохиолдолд хариуцагчийг гэрээний 4.2 заалтыг хэрэглэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь буруу.
Тодруулбал, нэхэмжлэгчээс 2022 оны 5 дугаар сарын нэхэмжлэлийг тогтоосон хугацаанд хүргүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгааныг “нягтлан бодогч Т.Оюун-Ундрахын нөхөр зам тээврийн осолд өртсөн” гэж тодорхойлох боловч хэрэгт цуглуулсан, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн огноо бүхий Э.Б-ийг эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, фото зураг зэрэг нь мөн хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, осолдогч Э.Б нь Т.О-ын нөхөр гэдгийг нотлох баримт ирүүлээгүй, нягтлан бодогч нь дээрх шалтгаанаар тухайн хугацаанд албан үүргээ хэрэгжүүлээгүй буюу чөлөөтэй байсныг тогтоосон баримт ирүүлээгүй нөхцөлд үүнийг “М х”ХХК-д үүссэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж шууд дүгнэх үндэслэлгүй.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, шаардлагын үндэслэлтэй холбогдуулан 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс тухайн нотлох баримт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай эсэхийг дүгнэж, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.
13. Маргааны үйл баримтад холбогдуулан, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасан зохицуулалтыг тайлбарласан боловч “Тогтоох нь” хэсэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2 дахь заалтыг баримталснаас үзэхэд, анхан шатны шүүх хуулийг тайлбарлахгүйгээр хэрэглэсэн гэж дүгнэх бөгөөд энэ нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.
14. Эцэст нь тэмдэглэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид “... шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн” гэж маргасан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хугацаа өнгөрсөн нь үнэн, тухайн хугацаанд яагаад гомдол гаргаагүйг би мэдэхгүй” гэж тайлбарласан байхад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар зохих баримтыг харгалзан дүгнэлт өгөх шаардлага ч байна.
15. Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтаар тодорхойлогдох үйл баримт хоорондоо зөрүүтэй буюу эргэлзээтэй тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ