Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Д.Энх-Амар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр ,

Шүүгдэгч Д.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Д.Одхүүд холбогдох 201617000247 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн харьяат, 1991 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Эрдэнэцагаан сумын 6 дугаар багт оршин суух, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.01.13-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих, ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснийг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014.02.21-ний өдрийн 39 дугаартай магадлалаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өөрчилсөн, уг хорих ялаа эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.08-ны өдрийн 92 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ЖЯ91012019 регистртэй, Боржигон овгийн Доржсүхбаатарын Одхүү.

 

Холбогдсон хэргийн талаар/яллагдагчаар татах тогтоолоор/:

Шүүгдэгч Д.Одхүү нь 2016 оны 08 сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд өөрийн төрсөн ах Д.Атарбаатартай гэрт нь маргалдаж улмаар түүнийг хутгалж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Одхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 08 сард би ахындаа  халамцуу орж ирсэн. Тэгсэн ах намайг чи хөдөө явахгүй архи уулаа гэж загнаад намайг 

2,3 удаа цохиод авсан. Би мах идэж байгаад хутгыг нь аваад гарсан. Ах араас “ чи намайг наад хутгаараа алах гэж байгаа юмуу”  гээд араас гараад ирсэн. Би ахыгаа “ ахиад зохивол би чамайг ална “ гээд хутгаараа айлгая гэж бодсон чинь санамсаргүй хутгалсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.  

            

        - Хохирогч Д.Атарбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай дүү 2016 оны 08 сарын 12-ны өдөр манай гэрт согтуу орж ирсэн юм. Би дүүдээ уурлаад айлын мал харж байж архи, дарс уулаа гээд 2,3 удаа цохисон юм. Тухайн үед манай дүү гэрээс хутга аваад гарахаар нь араас нь гараад наад хутгаараа намайг алах гэж байна уу гэхэд ахиж намайг цохьвол би чамайг ална гэж хэлээд намайг хутгалсан юм. Бид 2 маргалдсанаас болоод энэ асуудал үүссэн гэж бодож байна. Манай эхнэр Золзаяа болон Насанбат гэх хүн байсан өөр хүн байсан үгүйг нь би мэдэхгүй байна. Одхүү миний урдаас дайрч нэг удаа хутгаар дүрсэн. Тэгээд сандраад хутгаа хаясан. Миний гэдсэнд хутга дүрснээс өөр гэмтэл надад байхгүй. Миний биеийн байдал хэвийн ямар нэг зовиур  байхгүй. Намайг хутгалсан Д.Одхүүтэй сайн дураараа эвлэрч, хохирлын ямар нэг маргаан  байхгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх мэдүүлэг. /хх-ийн 14/

- Гэрч Д.Золзаяа хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: Манай гэрт Д.Одхүү архи уусан байдалтай орж ирэхэд манай нөхөр Атарбаатар чи хөдөө явахгүй архи уулаа гээд 2,3 удаа цохьсон. Тэгэхэд Д.Одхүү  “дүү нь одоо ингээд гарна” гэж байсан. Би тухайн үед бие засахаар жорлон орчихоод гараад ирэхэд гэрийн гадаа манай нөхөр цусаа гоожуулаад хэвтэж байсан. Би хутгалж байхыг нь хараагүй, намайг жорлонгоос гараад ирэхэд хутгалуулсан байдалтай гадаа байсан. Би ганцаараа байсан.. гэжээ. /хх-ийн 15/  

-Гэрч Д.Одонтунгалагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Манай дүү Д.Одхүү нь найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай ажилсаг, хүнд их тусархуу алиа хошин зантай хүүхэд байгаа юм.  Хөдөө айлд багаасаа мал маллаж өссөн болохоор малд нүдтэй гэж малаа маллуулдаг хүн нь их ам сайтай байдаг. Ээжид болон надад их тус болж биднийг авч яваа хүүхэд юм. Ахынхаа үгнээс гардаггүй үгээр нь байдаг хүн яагаад ахтайгаа муудсан болохыг би хэлж мэдэхгүй байна...  гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

- Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 366 тоот актын дүгнэлтэнд: 1.Д.Атарбаатарын биед цээжинд аюулхай орчимд зүсэгдсэн шарх, 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх хавирганы хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ... гэжээ. /хх- 19/

-Д.Одхүүгийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх- 32/

 

- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2016.08.31-ний өдрийн 06/154 тоот тодорхойлолт. /хх-31 /

 

-  Д.Одхүүгийн иргэний үнэмлэхний хуулбар. /хх-28/

- Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.01.13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоол /хх-33-35/

- Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014.02.21-ний өдрийн 39 дугаартай магадлал. /хх-40-45/

- Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.08-ны өдрийн 92 дугаартай шүүгчийн захирамж  /хх-48-49/

 

-Д.Одхүүгийн зан байдлын тодорхойлолт. /хх-46/

 

-Суллагдсан хүмүүст олгодог справка. /хх-47/ зэрэг болно.

 

 

Шүүгдэгч Д.Одхүү нь 2016 оны 08 сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд 6 дугаар багт  байх өөрийн төрсөн ах Д.Атарбаатарын гэрт түүнтэй маргалдаж, хутгалан бие махбодид нь “цээжинд аюулхай орчимд зүсэгдсэн шарх, 8 дугаар хавирганы зөрөөтэй хугарал “ бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Одхүүгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Атарбаатар, гэрч Д.Золзаяа нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 366 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Д.Одхүү нь өөрийн төрсөн ах Д.Атарбаатарыг “архи уулаа” гэж загнаж уурлаж өөрийг нь цохьсоноос буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогч Д.Атарбаатарын “Манай Одхүү 2016 оны 08 сарын 12-ны өдөр манай гэрт согтуу орж ирсэн. Би дүүдээ уурлаад айлын мал харж байж архи, дарс уулаа гээд 2,3  цохисон. Тухайн үед манай дүү гэрээс хутга аваад гарахаар нь араас нь гараад наад хутгаараа намайг алах гэж байна уу гэхэд ахиж намайг цохьвол би чамайг ална гэж хэлээд намайг хутгалсан. Бид хоёрын маргалдсанаас болоод энэ асуудал үүссэн. Одхүү миний урдаас дайрч нэг удаа хутгаар дүрсэн. Тэгээд сандраад хутгаа хаясан. Миний гэдсэнд хутга дүрснээс өөр гэмтэл надад байхгүй” гэх, гэрч Д.Золзаяагийн “Манай гэрт Д.Одхүү архи уусан байдалтай орж ирэхэд манай нөхөр Атарбаатар чи хөдөө явахгүй архи уулаа гээд 2,3 цохьсон. Тэгэхэд Д.Одхүү “дүү нь одоо ингээд гарна” гэж байсан. Би тухайн үед бие засахаар жорлон орчихоод гараад ирэхэд гэрийн гадаа манай нөхөр цусаа гоожуулаад хэвтэж байсан. Би хутгалж байхыг нь хараагүй, намайг жорлонгоос гараад ирэхэд хутгалуулсан байдалтай гадаа байсан. ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдсон байна. Иймд Д.Одхүүг тухайн гэмт хэргийг хувийн сэдэлтээр, шууд санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Д.Одхүүд холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын яллагч нь шүүгдэгч Д.Одхүүг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж түүний эрх зүйн байдлыг хүндрүүлж тогтоосныг буруу гэж үзнэ. 

Учир нь Д.Одхүү нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.01.13-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих, ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснийг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014.02.21-ний өдрийн 39 дугаартай магадлалаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өөрчилсөн ба тэрээр уг хорих ялаа эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.08-ны өдрийн 92 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд  түүний хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанаас үлдэх хугацаа нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгогдсон байна.   

Д.Одхүүгийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанаас үлдэх хугацаа нь өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болгогдсон тул тэрээр Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцно “ гэж зааснаар ялгүйд тооцогдоно.

 

Энэ хэргийн хохирогч Д.Атарбаатар нь шүүгдэгч Д.Одхүүтэй сайн дураараа эвлэрсэн нь  түүний “ Намайг хутгалсан Д.Одхүүтэй би сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэг маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй болсон тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэх мэдүүлгээр нотлогдох ба Д.Одхүү нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  үзлээ.  

 

Д.Одхүү нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь түүний өөрийнх нь болон хохирогч Д.Атарбаатар, гэрч Д.Золзаяа нарын мэдүүлгүүд дээр хэрэгт тогтоогджээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй талаар заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан хийгээд хуулийн дээрх зүйл хэсгүүдэд өөрөөр ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ гарч буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Д.Одхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо. 

 

Шүүгдэгч Д.Одхүү энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэрээр энэ тогтолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Д.Атарбаатар сайн дураараа эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай, 15 см ажлын хэсэгтэй шар бор судал бүхий бариултай, “хортиця” гэсэн бичигтэй хутгыг  устгана.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Доржсүхбаатарын Одхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Д.Одхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Ялтан Д.Одхүү энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Атарбаатар сайн дураараа эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай, 15 см ажлын хэсэгтэй шар бор судал бүхий бариултай, “хортиця” гэсэн бичигтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Д.Одхүүд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.Ренчиндорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Даваажаргал бид хоёр уулзаад 1 жил гаруй болж байгаа. Бид хоёр гэрлэх гэж байсан юм. 2016 оны 08 сарын 22-нд Даваажаргал бид хоёр хамт унтаад өглөө явахдаа намайг сэрээчихээд яваарай гэж хэлсэн. Тэгтэл намайг сэрээхгүй явсан байсан. Би очоод намайг сэрээхгүй яасан юм бэ гээд түлхсэн чинь босож ирэхдээ над руу шороо цацсан. Тэгэхээр нь би өшиглөсөн. Би нүүр рүү нь өшиглөе гэж бодоогүй. Даваажаргал надаас эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлээгүй. Хэрэв нэхэмжилбэл би төлнө. Бид одоо эвлэрсэн... гэв. 

 

           - Хохирогч Ж.Даваажаргалын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Т.Ренчиндорж гэдэг залуутай танилцаад бараг жил болж байгаа бөгөөд хамтран амьдарч өөр өөрсдийн гэр орноор ирж очоод явдаг. Гэтэл 2016.08.21-ний шөнө 23 цагийн орчимд манай гэрт Ренчиндорж согтуу ирчихээд намайг янхан, гичий, завхай эм хаагуур юу хийгээд яваад байгаа юм гээд хэл амаар доромжлоод, дарамтлаад байсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед “Мөнгөн зуузай” худалдааны төвийн лангуун дээр сууж байхад Ренчиндорж ажил дээр ирээд хэл амаар доромжлоод байхаар нь гараад “Жаахан шарга” театрын баруун хойд талын сандал дээр сууж байхад мөн хэл амаар доромжлоод байхаар нь босоод явах гэтэл Ренчиндорж миний гар цүнхийг булаагаад зугтаасан. Тэгэхээр нь би хойноос нь гүйж очоод цүнхээ авах гэтэл намайг түлхэж унагаад хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн. Өмнө нь намайг зодож байсан би гомдол гаргаж байгаагүй. Ренчиндоржид зодуулахад хажууд хүн байгаагүй. Намайг зодохдоо бол архи уугаагүй харин түрүү өдөр нь архи уусан байсан. Т.Ренчиндорж надтай сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэг маргаангүй болсон гэх мэдүүлэг. /хх-3,6/

- Гэрч Ж.Нямцэцэг хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016.08.21-ний өдөр юу болсон талаар мэдэхгүй байна. Харин шөнө 3 цагийн үед унтаж байхад манай хойд талын байшинд Даваажаргал, Ренчиндорж нар шөнөжингөө хэрэлдэж муудалцаад байхаар нь би очоод хаалгыг нь тогшиход хаалгаа тавихгүй чимээгүй болохоор нь цонхны цаанаас нь та хоёр яагаад байгаа юм хэрэлдэж муудалцаад байвал хоёулаа эндээс яв гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа дахиад хэрэлдэж муудалцаад байсан. Маргааш нь манай Замын-Үүдэд байдаг дүү Амаржаргал утасдаж Даваажаргал зодуулсан байна гэж хэлсэн. Даваажаргал дуу муутай, хүйтэн царайтай ямар ааш араншинтайг мэдэхгүй. Түүнийг дүү Даваажаргалаас холдуулмаар байна гэжээ. /хх-07/  

           - Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 370 тоот актын дүгнэлтэнд: 1.Ж.Даваажаргалын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ... гэжээ. /хх- 09/

 

- Т.Ренчиндоржийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх- 21/

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016.08.31-ний өдрийн 176 тоот тодорхойлолт. /хх-18 /

 

-  Т.Ренчиндоржийн иргэний үнэмлэхний хуулбар. /хх-19/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2011.08.24-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-22-23/

 

  - Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014.07.01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар./хх-24-30/

 

- Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамж /хх-34-35/

 

- Т.Ренчиндоржийн зан байдлын тодорхойлолт. /хх-38/

 

-   Суллагдсан хүмүүст олгодог справка. /хх-36-37/

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал. 2016.09.09 /хх-33/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Ренчиндорж нь 2016 оны 08 сарын 22-ны өдөр 10.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд “Жаахан шарга” театрын хойд талд хамтран амьдрагч Ж.Даваажаргалтай маргалдаж, улмаар түүний нүүрэнд өшиглөж бие махбодид нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл “ бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Ренчиндоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Даваажаргал, гэрч Ж.Нямцэцэг нарын мэдүүлгүүд, Шинжээч эмчийн 370 тоот акт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Т.Ренчиндорж нь хамтран амьдрагч Ж.Даваажаргалыг “өглөө явахдаа сэрээсэнгүй” гэж хоорондын таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд энэ нь хохирогчийн “ 2016.08.21-ний шөнө 23 цагийн орчимд манай гэрт Ренчиндорж согтуу ирчихээд намайг янхан, гичий, завхай эм хаагуур юу хийгээд яваад байгаа юм гээд хэм амаар доромжлоод дарамтлаад байсан. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед Мөнгөн зуузай худалдааны төвийн лангуун дээр сууж байхад Ренчиндорж ажил дээр ирээд хэл амаар доромжлоод байхаар нь гараад “Жаахан шарга” театрын баруун хойд талын сандал дээр сууж байхад мөн хэл амаар доромжлоод байхаар нь босоод явах гэтэл Ренчиндорж миний гар цүнхийг булаагаад зугтаасан. Тэгэхээр нь би хойноос нь гүйж очоод цүнхээ авах гэтэл намайг түлхэж унагаад хөлөөрөө нэг удаа өшиглөчихөөд яваад өгсөн ” гэх, шүүгдэгч Т.Ренчиндоржийн “ 2016.08.21-ний орой хөдөөнөөс найз ирээд гадуур явж байгаад 2 шил 0.5 литрийн Ерөөл архи уучихаад хадмынх руу 23 цагийн үед очоод маргалдаж байгаа унтсан. Маргааш өглөө нь сэрэхэд эхнэр Даваажаргал намайг сэрээлгүй явчихсан байхаар нь уур хүрээд араас нь очоод ажил дээр нь маргалдаж байгаад над руу шороо цацаад хэл амаар доромжлоод байхаар нь би түлхчихсэн чинь газар унаад өгөхөөр нь уурандаа нүүр лүү нь нэг удаа өшиглөчихсөн юм” /хх-15/ гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдсон байна. 

Т.Ренчиндорж нь гэмт хэргийг хамтран амьдрагчтайгаа маргалдсан хоорондын маргааны улмаас буюу хувийн, тодорхой сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлджээ.

 

Шүүгдэгч Т.Ренчиндоржид холбогдох хэрэгт бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Ренчиндоржийн ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болох боловч түүний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Тухайлбал, энэ хэргийн хохирогч Ж.Даваажаргал нь “ Т.Ренчиндорж надтай сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэг маргаангүй болсон ” гэж мэдүүлэх ба тэрээр урьд нь хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж хорих ялыг биечлэн эдэлж байгаад Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 59 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 09 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн байна.

Тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлджээ.  

Шүүгдэгч Т.Ренчиндорж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, хохирогч Ж.Даваажаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оймууд овгийн Төмөрийн Ренчиндоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Т.Ренчиндоржийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нээмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1.152.000 / нэг сая нэг зуун тавин хоёр мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 

 

4. Ялтан Т.Ренчиндорж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ж.Даваажаргал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.Ренчиндоржид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН