Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шинжээч О.Болороо (цахимаар),

гэрч ******,

шүүгдэгч, хохирогч ******, өмгөөлөгч Ц.Амар,

шүүгдэгч, хохирогч ******, өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ******, ****** нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208012251423 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **********

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******, ****** нар согтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ******** тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шүүгдэгч ****** хохирогч ******ын нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь “хоёр нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч ****** хохирогч ******ын нүдэн тус газар цохин, түлхэж унагаан зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, судсан бүрхүүлийн хавчуулагдалтын улмаас нүдний хараа 0,015-с гэрэл мэдрэх болж буурсан бууралт, бүсэлхий, баруун гуяны цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 3 дугаар сарын 16-нд ****** руу залгаж байгаад очсон. Тэгээд архи уусан. ****** гэрийн эзэн хоёр согтоод унтаад өгсөн. ****** өөдөөс хараад сууж байсан. Хөдөө аж ахуйн атаман ...гээд байхаар нь “болиоч” гэхэд цохисон. Би ариун цэврийн өрөөнд ороход араас орж ирээд цохисон, би унасан. Би ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд нүд рүүгээ цохиулсандаа уурлаад цохисон. Хохирогчийн зүгээс нүдээ хэвэндээ оруулмаар байна. Ар гэрийн байдлыг харгалзан торгох ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч, хохирогч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар ууж байхад ******ирээд нэмж архи уусан. Гэтэл ******агсам тавиад байсан. “Боль” гэхэд миний нүд рүү цохиод байхаар нь түлхсэн. Намайг унагаж дэвссэн. ******ер нь тавьтаргүй хүн. Би хүн цохиогүй, цохих тэнхэлгүй байсан. Гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн хувьд гомдол саналгүй” гэв.

Гэрч ****** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар байхад ******утсаар яриад ирсэн. Нэмж юм уусан. Яг юу болсныг мэдээгүй, миний нүдэнд цохиж зодож байгаа зүйл харагдаагүй. Намайг сэрж байхад энэ 2 маргалдаад дээр доороо орсон байсан. Би болиулсан. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. ******ын биед шарх, гэмтэл байгаагүй. ******орж ирэхэд зүүн нүд нь улайсан байсан. ******архи уухаараа овилгогүй” гэв.

Шинжээч О.Болороо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэрэл мэдрэхгүй болсон үед сохорсон гэж үзнэ. Хохирогчийн нүд нь энэ тохиолдолд харааны чадвар буурсан байгаа, гэрэл мэдрэх төдий буурсан. Нүдний гэмтлийг эцэслэн тогтоох боломжгүй байдаг. Эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална. Оношлогоо, эмчилгээнд цаг хугацаа их шаарддаг. Гэмтлийн улмаас уг гэмтэл хавчуулагдалт үүснэ. Нүдний алимыг оноод цохисон байхад гадна талд зовхинд хөхрөлт, цус хуралт, шарх үүсээд байх албагүй. Нүд улайж, өвдөнө, алим цус харвасан байна” гэв.

 

Эрүүгийн 2208012251423 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ******ын: “2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гараад танил ****** гэх залуу руу залгаад “Юу хийж байгаа” талаар асуусан чинь “******гийн гэрт байна, хүрээд ир” гэсэн. Очиход ******, ******, ****** нар архи уугаад бараг дуусаж байсан. ****** надад “Архи авах гэсэн юм, мөнгө байна уу” гэж асуусан. Тухайн үед  1 шил архи авч ирсэн. Ингээд дөрвүүлээ архи ууж байхад гаднаас үл таних хоёр хүн орж ирсэн. Бид нар хөзөр тоглоод архиа уугаад дууссан. ...Бид нар архиа уугаад дуусаж байхад ****** агсам тавиад “Би Хөдөө аж ахуйн атаман, та нар шиг бацаануудыг ална” гэхээр нь би “Одоо сонин яриагаа болиоч” гэсэн. Тэгтэл ****** босож ирээд миний хамрын хэсэгт нэг удаа цохиход цус гарахаар нь түүнийг түлхэж холдуулаад 00-н өрөө лүү ороод угааж байхад ардаас нэг хүн орж ирж байгаа чимээ гарахаар нь эргээд харсан чинь ****** миний зүүн талын нүдний хэсэгт нэг удаа цохисон. Би уурлаад ******той барьцалдаж авахад намайг түлхэж ванн руу унагаагаад гарч явсан. Би гарч очоод уурандаа ******ын духны хэсэгт нэг удаа цохиод сандал дээр суугаад цагдаад дуудлага өгсөн. ...2019 оны 2 дугаар сард зүүн талын нүдээ юманд цохиод ...Орос улсад 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хагалгаанд орсон. 2021 оны 11 дүгээр сард зүүн талын нүдний болорын хагалгаанд орсон. Бүх эмчилгээ болсон, дусаагуур дусааж гам бариад хараа сайжирна гэдгийг хэлсэн. Хагалгааны дараа нүдний оношилгоонд ороход баруун талын нүд 0.700, зүүн талын нүд 0.65 харах өнцөгтэй байна, цаашдаа зүүн талын нүдний хараа сайжирна гэж хэлсэн, энэ талаарх эмчийн бичиг байгаа. Би хэрэг гарсны дараа “Болор мэлмий” нүдний эмнэлэгт үзүүлэхэд нүдийг авах шаардлагатай, нүд чинь бүүр юм харахгүй, хэлбэргүй болсон гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17, 30-31 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.23-ны өдрийн 4497 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “Дүгнэлт гаргахад эмнэлгийн бичиг баримт зайлшгүй шаардлагатай тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

Материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.24-ний өдрийн 453 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******ын зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, судсан бүрхүүлийн хавчуулагдалтын улмаас нүдний хараа 0,015-с гэрэл мэдрэх болж буурсан бууралт, бүсэлхий, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5.6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн нүдний битүү гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ (хавтаст хэргийн 66-67, 68-75 дахь тал),

Шинжээч О.Болороогийн: “Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулж байгаа учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Мөн нүдний хараа нь С.Н.Федоровын нэрэмжит нүдний мэс заслын хүрээлэнгийн нүдний эмчийн үзлэгээр 0,015 гэж нүдний хараа тогтоогдсон. Дээрх нүд нь гэмтлийн улмаас нүдний хараа гэрэл мэдрэх төдий болж буурсан энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.34.11-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонгид 10% алдагдуулна гэж заасан. Ерөнхий хөдөлмөр алдагдуулах нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-81 дэх тал),

Гэрч ******: “...2019 онд хүнд цохиулаад гэмтсэн түүнээс хойш Оросын холбооны улсын Эрхүү хотод 3 удаа нүдний хагалгаанд ороод амжилттай болсон. Манай ******ын нүдний хамгийн сүүлийн хагалгаанд амжилттай болж хоног өнгөрөх тусам харах чадвар нь сайжирч байсан. 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ...хадам ээж ******надтай утсаар холбогдоод “манай нөхөр ******нүдээ хүнд цохиулсан байна” гэж хэлсэн. Хадам ээжийн хамт очиход нөхрөөс гадна гурван хүн архи уусан байдалтай байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуусан чинь “****** буюу ****** миний зүүн талын нүд рүү цохисон, нүд бүүр юм юм харахгүй, жижиг болоод шалчийсан” гэж хэлсэн. Тухайн үед нөхрийн хамраас цус гарсан зүйл байхгүй, хамар дээр нь улайгаад халцарсан, зүүн талын нүд нь улайгаад шалчийсан байсан. ...****** “би нүд рүү нь цохисон уучлаарай” гээд байсан. Тэр асуудал болсны дараа ****** манай нөхөр лүү залгаад байхаар нь утсаар яриагүй, “хоёулаа тохиролцож болох уу, намайг уучлаарай, нүд нь зүгээр үү, ёстой муухай юм боллоо” гэх зэргээр мэссэж бичсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дэх тал),

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл (хх-10), дуудлагын лавлагааны хуудас (хх-13), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 82-84 дэх тал), дуудлага мэдээлэл шалгасан илтгэх хуудас (хх-14),

Хохирогч ******ын: “2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр найз ******гийн хамт ******гийн гэрт 11 цагийн үед очиход ****** буюу ****** ганцаараа байсан. Бид гурав архи ууж байхад ************ руу залгаад ирэхээр болоод ирсэн. Бид дөрөв 2 шил архи аваад уугаад дуусгаж байсан. Тэгтэл ******надад “****** п... минь чамайг ална шүү, чамайг би алдаг биз дээ” гэхээр нь “хэрүүл маргаан хийх шаардлага байхгүй” гэж хэлсэн. Тухайн үед ******зүгээр сууж байснаа дахин намайг хараагаад байхаар нь “боль” гэхэд босож ирээд нүүр лүү 3 удаа цохиж унагаагаад цээж хэсэгт нэг удаа дэвссэн. Би босож ирээд 2 гараараа ******цээж рүү түлхэж холдуулаад сандал дээр суусан. ******над дээр ирээд нүүр лүү нэг удаа гараараа цохиход ****** босгоод бид хоёрыг салгасан. ******“миний нүд сонин болчихлоо” гээд ээжийнхээ утас руу залгаад дуудаад байсан. ****** ******ээжид “Танай хүү өөрөө эхэлж ******ыг цохиж хараагаад байсан” гэдгийг хэлсэн чинь цагдаад дуудлага өгсөн. Би ******цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 38-39 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.03.28-ны өдрийн 4743 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******ын биед хоёр нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. ыДээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

Гэрч ******гийн: “...******гийн гэрт очсон. Тухайн үед ****** буюу ******, ****** байсан. Тэр хоёртой хамт архи ууж байхад ******над руу 3 удаа залгаад байхаар нь авахгүй байж байгаад аваад түүнтэй ярьсан. ******“хаана байгаа юм бэ, уулзах уу, би яваад очъё” гэхээр нь түүнд “******гийнд байна, эхнэр хүүхэд чинь уурлах юм биш биз дээ” гэж хэлсэн. Тэр үед ******“зүгээр зүгээр би яваад очъё” гээд удалгүй ирээд хамт архи уусан. Бид нар 3 шил архи ууж байгаад ************ руу агсраад агсам тавих гээд байсан. Би тэр үед нилээн согтоод доошоо хараад сууж байхад ******, ****** хоёр маргалдаад чанга чанга дуугараад байхаар нь харсан чинь ************ын нүүр лүү 2, 3 удаа цохиж байгаа харагдсан. ************од “Чи миний зүүн талын нүд рүү цохидог нь яаж байгаа юм бэ” гээд уурлаад ******ын нүүр лүү цохисон. Би ****** ******цохиж байхыг хараагүй. ...Удалгүй ******гийн гэрт ******ээж, эхнэр ирээд ******ыг загнаад байсан. ****** юу ч дуугарахгүй суугаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

Гэрч **********гийн: “2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Бүргэд-114 чиглэлийн автомашин дээр үүрэг гүйцэтгэж байсан. 17 цагийн үед “хүмүүс зодолдоод байна” гэсэн утгатай дуудлага мэдээллийн дагуу очсон. Уг дуудлага мэдээлэл ирсэн *** тоот руу ороход нэг эрэгтэй хүн хаалга нээж өгсөн. Цаана нь 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан. Тэр хүмүүсээс юу болсон талаар асуухад нүд рүүгээ цохиулсан гэх эрэгтэй “Энэ залуу миний нүд рүү цохисон” гэж ****** гэх залуу руу заасан. ****** нь “намайг наад залуу чинь зодсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

шүүгдэгч ******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-87), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-99), Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны “****** тус хорооны **** тоотод амьдардаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-88), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-89), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-90), дансны хуулга (хх-91-98),

шүүгдэгч ******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-100), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-104), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-101), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-102), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-103) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Болор мэлмий” эмнэлгийн тодорхойлолт, нүдний зураг, хохирлын 2 хуудас бүхий 18 ширхэг баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ****** согтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ******** тоотод хохирогч ******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэнд цохиж зодож эрүүл мэндэд нь “хоёр нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ****** нь мөн өдөр, цаг хугацаанд хохирогч ******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүдэн тус газар нь цохих, түлхэж унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, судсан бүрхүүлийн хавчуулагдалтын улмаас нүдний хараа 0,015-с гэрэл мэдрэх болж буурсан бууралт, бүсэлхий, баруун гуяны цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, гэрч ******, ********* нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээчийн мэдүүлэг зэрэг шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******, ****** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид “Гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Гэрч ****** нь ******той найзууд, ******таньдаг гэдэг. Нүд улайсан гэдгийг ****** хэлсэн нь эргэлзээтэй. Гэрч ******, *******, ****** нарын мэдүүлгээр ****** ******цохисон гэж үзэх үндэслэлтэй. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр мөн тогтоогдоно. 03 сарын 21-нд гомдол гаргасныг анхаарах ёстой...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “Шүүгдэгч ****** анхнаасаа үнэн зөв, тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн. ******ын мэдүүлэг гэрч ******гийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хамар луу цохисон, цус гарсан гэх хохирогч ******мэдүүлдэг ч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, үгүйсгэгдэнэ. ******нүдний гэмтэл дээр цус хуралт, хөхрөлт үүсээгүй нь эргэлзээ төрүүлж байна. Том өрөөнд зодуулаад ариун цэврийн өрөө орсон, цус байсан эсэх нь тогтоогдоогүй. Гэрч Тэмүүжин, ******** нарын мэдүүлэг дамжмал эх сурвалжтай. Эх сурвалж нь ******. ********** нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т зааснаар нягтлах ёстой. ******мэдүүлэг өөр нотлох баримтаар тогтоогдох ёстой. Мессеж бол маргаан болсны хувьд л бичсэн зүйл. Түүнээс биш цохисон гэдгийг нотлохгүй. Иймээс хангалттай нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүгдэгч ******ын өмгөөлөгч Ц.Амар “******ыг цохиогүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хохирогч ******ын мэдүүлэг бусад эх сурвалжаар буюу гэрч ****** “...****** “би нүд рүү нь цохисон уучлаарай” гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-43), гэрч ******гийн “...************од хандаж “чи миний зүүн талын нүд рүү цохидог нь яаж байгаа юм бэ” гээд уурлаад байсан...” гэх мэдүүлэг (хх-48), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Мөн хохирогч ******ын нүдэнд хөхрөлт үүсээгүй байсан, цохисон бол хөхрөлт үүсэх ёстой гэж байгаа ч шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нүдний алиманд шууд цохисон үед гадна талд хөхрөлт, цус хуралт үүсэхгүй байж болно” гэх мэдүүлгээр цохисны дараа заавал нүдний гадна талд хөхрөлт үүснэ гэдэг нь үгүйсгэгдлээ.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ****** согтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **** дүгээр хороо, ******** тоотод хохирогч ******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэнд цохиж зодож эрүүл мэндэд нь “хоёр нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ****** согтуурсан үедээ 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ********* тоотод хохирогч ******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүдэн тус газар цохин, түлхэж унагаан зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, судсан бүрхүүлийн хавчуулагдалтын улмаас нүдний хараа 0,015-с гэрэл мэдрэх болж буурсан бууралт, бүсэлхий, баруун гуяны цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ******ын “...****** агсам тавиад “би хөдөө аж ахуйн атаман, та нар шиг бацаануудыг ална” гэхээр нь би түүнд хандаж “одоо сонин яриагаа болиоч” гэж хэлсэн. Тэгтэл ****** босож ирээд миний хамрын хэсэгт нэг удаа цохиход хамраас цус гарахаар, ...эргээд харсан чинь ****** миний зүүн талын нүдний хэсэгт нэг удаа цохисон. ****** намайг түлхэж ванн руу унагаагаад гарч явсан...” гэх мэдүүлэг (хх-30-31), шүүх эмнэлгийн 453 дугаар “1. ******ын зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн шарх, судсан бүрхүүлийн хавчуулагдалтийн улмаас нүдний хараа 0,015-с гэрэл мэдрэх болж буурсан бууралт, бүсэлхий, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4.5.6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 7.34.11-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-66-67), хохирогч ******ын “...******босож ирээд нүүр лүү 3 удаа цохиж унагаагаад цээж хэсэгт нэг удаа дэвссэн. ...******дахин нүүр лүү нэг удаа гараараа цохиход ****** салгасан...” гэх мэдүүлэг (хх-38-39), шүүх эмнэлгийн 4743 дугаар “1.******ын биед хоёр нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-55-56), гэрч ******гийн “...****** хоёр хоорондоо маргалдаад чанга чанга дуугараад байхаар нь харсан чинь ************ын нүүр лүү 2, 3 удаа цохиж байгаа харагдсан. ******“Чи миний зүүн талын нүд рүү цохидог нь яаж байгаа юм” гээд уурлаад байсан...” гэх мэдүүлэг (хх-47-48), гэрч ****** “...манай нөхөр *** надад “****** буюу ****** миний зүүн талын нүд рүү цохисон, миний нүд бүүр юм харахгүй, жижиг болоод шалчийсан” гэж хэлсэн. Тухайн үед хамар дээр нь цохиулаад улайгаад халцарсан, зүүн талын нүд нь улайгаад шалчийсан байсан. ...****** “би нүд рүү нь цохисон, уучлаарай” гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-42-44), гэрч *******гийн “...нүд рүүгээ цохиулсан гэх эрэгтэй надад “энэ залуу миний нүд рүү цохисон” гэж ****** гэх залуу руу заасан, ****** нь “намайг наад залуу чинь зодсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-51-52), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-82-84) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******ын согтуурсан үедээ хохирогч ******ын нүүрэнд цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч ******ын согтуурсан үедээ хохирогч ******ын зүүн нүдэнд нэг удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ******, ****** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч ****** шүүхийн хэлэлцүүлэгт нийт 487,180 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс 120,000 (шатахууны 50,000+50,000+20,000) төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хэлэлцэхгүй орхиж, үлдэгдэл 367,180 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгч ******оос гаргуулахаар шийдвэрлэснийг 380,000 төгрөг болгон төлсөн, хохирогч ****** “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч ******, ****** нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ****** “Цаашид гарах эмчилгээний зардал, шатахууны 120,000 төгрөгийн баримт”-тай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.  

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******, ****** нар харилцан зодолдсон нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид “Шүүгдэгч ******анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, нэхэмжлэх зүйлгүй тул 450,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ахуйн хүрээний маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, ам бүл 5, бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан 450,000 төгрөгөөр торгох ял өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч ******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

шүүгдэгч ******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч нар ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан шүүгдэгч ****** хохирогч ******ын нүүрэнд 2-3 удаа цохиж, шүүгдэгч ****** хохирогч ******ын нүүрэнд 1 удаа цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь тус тус халдан харилцан зодолдож гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч ******, ****** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч ****** хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, ****** хохирлын 487,180 баримт гаргаж өгсөн, хохиролд шүүгдэгч ****** 380,000 төгрөг төлсөн, хохирогч ****** “Гомдолтой, нүдээ хэвийн болгомоор байна” гэх, хохирогч ****** “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгч ******ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодохой ажилтай, орлоготой)-ыг, шүүгдэгч ******ын хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар “Би цохиогүй” гэж маргаж оролцсон, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэмтлийн шинж чанар, хэр хэмжээ)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр, шүүгдэгч ******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж (эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ийг тус тус харгалзан шүүгдэгч ******ыг 450,000 төгрөгөөр, ****** 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******, ****** нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт ******батын ******, **** овогт ******н ****** тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр, шүүгдэгч ******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ыг 450,000 төгрөгөөр, ******ыг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******, ****** нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******, ****** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ****** “Цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон шатахууны 120,000 төгрөг”-тэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******, ****** тус бүрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР