| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01125/И |
| Дугаар | 102/ШШ2019/01253 |
| Огноо | 2019-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2019/01253
|
2019 оны 05 сарын 03 өдөр |
Дугаар 102/ШШ2019/01253 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: В.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.Б-т холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Б нь 2016 оны 11 сарын 29-нд Баянхошууны Жанцан төвийн 4-р давхарт бүжгийн клуб хамтарч ажиллуулъя гэдэг санал тавьсан. Хоёр талаасаа мөнгө гаргахаар болж, надад бэлэн мөнгө байхгүй байсан учраас машинаа барьцаанд тавьж 3 000 000 төгрөгийг би өгсөн. Зээлийн хүүг Б төлнө гэсэн боловч 850 000 төгрөгийг төлөөд бусдыг нь төлөөгүй. Би машинаа алдахгүйн тулд сар бүр 315 000 төгрөг төлж машинаа авсан. Манай нөхөр клубыг онгойлгож, хааж, хөгжмийг нь зөөдөг байсан. Гэтэл нөхрийн аав хөдөөнөөс бие нь муудаад ирсэн учраас 2,3 өдөр очиж чадаагүй, энэ тухайгаа Б-т хэлсэн. Тэгтэл Б нь клуб ажиллуулахаа больсон гэж хэлсэн. Миний өгсөн 3 000 000 төгрөгийг клуб ажиллуулахад хэрэглээгүй, түрээсийн мөнгөнд ч өгөөгүй, засварыг манай нөхөр ахаараа хийлгэсэн. Тухайн үед Б-тай тооцоо хийгээд 2 000 000 төгрөгийг надад буцааж өгөхөөр болсон. Гэтэл өгөөгүй. Үүнээс цувуулаад 850 000 төгрөгийг өгсөн. Мөнгө өгөхгүй болохоор нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргахад баталгаа гаргаж 1 500 000 төгрөгийг 2017 оны 06 сар, 09 сард хувааж өгхөөр тохиролцсон. Гэвч өгөхгүй байгаа тул Б-гаас 1 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 сарын 29-нд талууд Баянхошууны Жанцан төвийн 4 давхарт цэнгээнт бүжгийн клуб ажилуулахаар тохирсон. Хамтран ажиллах гэж байгаа учраас хөрөнгийг хамтарч гаргах, Э нөхөртэйгээ 3 000 000 төгрөг, Б 2 000 000 төгрөг гаргахаар болсон. Энэ 5 000 000 төгрөгийг Б хувьдаа ашиглаагүй, хөгжим, тохижилт, хулдаасан хэвлэл, гэрэл зэрэг үйл ажиллагаа явуулхад шаардлагатай зүйлд зарцуулсан. Үүнийг хэн хэн нь мэдэж байгаа. Б нь бар, ресторан зэрэг өөрийн орлогын эх үүсвэртэй байсан учраас энэ клубыг нэхэмжлэгчид хариуцуулсан. 2 сар гаруй үйл ажиллагаа явуулаад тогтвортой болж байтал Б нь архи уугаад, клубээ хааж, хүмүүс төлбөрөө авмаар байна гэдэг гомдол гарсан. Ингээд 2017 оны 01 сарын сүүлээр түрээсийн гэрээний харилцааг дуусгаж, 2 талаасаа эрсдэлээ тооцоод дуусгахаар тохирсон. Нэхэмжлэгч 3 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч оруулсан нь үнэн, гэхдээ 3 000 000 төгрөгөө буцааж авмаар байна гэдэг. Б хүнийг хохироогоод яахав гээд 850 000 төгрөгийг төлсөн. Чингэлтэй дүүргийн цагдаа дээр 700 000 төгрөгийг төлөөд энэ хэрэг хаагдсан. Үүний дараа 1 500 000 төгрөгийг төлнө гэсэн бичиг хийж өгсөн нь Э ах нарыгаа дагуулж ирээд дарамталсан учраас хийж өгсөн. Хамтарч ажиллахаар нийлүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Э нь И.Бт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 150 000 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
В.Э, И.Б нар нь 2016 оны 11-р сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошуунд байрлах Жанцан төвийн 4-р давхарыг түрээслэн бүжгийн клуб ажиллуулах зорилгоор В.Э 3 000 000 төгрөгийн, И.Б 2 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохирчээ.
Талууд тохирсон хэмжээгээр хөрөнгөө оруулсан боловч тодорхой шалтгааны улмаас гэрээгээ цуцалсан, нэхэмжлэгч нь 1 500 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хамтран ажиллах гэрээгээр талууд гарсан алдагдлыг хамтран хариуцах, хоорондын хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах бөгөөд талуудын тайлбараас дүгнэвэл, нэхэмжлэгчийн оруулсан 3 000 000 төгрөгөөс алдагдлыг тооцож 2 000 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохирсон гэж үзэхээр байна.
Үүнээс төлсөн 850 000 төгрөгийг хасч, үлдэх 1 150 000 төгрөгийг хариуцагч И.Б төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...ах нарыгаа авчирч дарамталсан учраас 1 500 000 төгрөг төлнө гэж бичиг хийж өгсөн гэх боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Хэргийн 6-7 дахь хуудсанд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 479-р зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Б-гаас 1 150 000 /нэг сая нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж В.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 350 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, И.Б-аас 32 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА