| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1527/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2022-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Энхбаяр,
шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001475 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ********* тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ********“гэрт архи ууж хүүхэд уйлууллаа” гэж хэлснээс хэрүүл маргаан үүсгэж, нүүр лүү 2 удаа алгадаж унагаан, хоолойг боож эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвууны цус хуралт, уруулын няцарсан шарх, ахар сүүлний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайд архи уусан. Би “охиныг битгий уйлуулаад бай” гэсэн чинь “Битгий гэрт архи уугаад бай” гэсэн. Тэгэхээр нь хэрэлдэж маргалдаад 2 удаа алгадсан. Би боогоогүй. Одоо эвлэрээд хамт байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2208000001475 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ********: “2022 оны 08 сарын 24-ний өдөр гэртээ өөрийн хамтран амьдрагч ********, 1 настай ******** хамт байсан. Би ахуйн хэрэглээний зүйл авахаар хүнсний дэлгүүр ороод 10-20 минутын дараа ирсэн. ********ын найз ******** ирчихсэн архи уугаад сууж байсан. Тэр үед 1 настай хүүхэд маань уйлаад байсан. Би уурлаж “Битгий гэрт архи уугаад бай” гэхэд “Чамд ямар хамаатай юм, би өөрийнхөө гэрт ууж байна” гээд 2 гараараа ээлжлээд 1, 1 удаа нүүр лүү алгадаж унагаасан. Унасны дараа дээр гарч суучхаад миний хүзүүн дэх сахиусаар хоолойг боосон. ...Миний бие эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй. Нүд хөхөрсөн байж байгаад эдгэсэн. Цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 10-11 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.30-ны өдрийн 11738 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******** биед баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвууны цус хуралт, уруулын няцарсан шарх, ахар сүүлний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Гэрч ********: “Би ******** том охин. Манай ээж бага дүүгийн хамт 2021 оны 7 дугаар сараас хойш ********гэдэг хүний гэрт амьдарч байгаа. Сүүлийн хэдэн сар ээж хамтран амьдрагчтайгаа нийлэн удаа дараа архидан согтуураад холбоо барих хүндрэлтэй байгаад байхаар нь өнөөдөр Говь-Алтай аймгаас ирээд амьдарч байгаа газар нь очиход дүүгийн толгой хагарсан, ээж согтуу, зодуулсан бололтой уруул ам нь хавдсан байсан. Хамтран амьдрагч нь бас согтуу байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-47-49),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-71), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-52), дансны хуулга (хх-75-84) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ******** тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч ********“гэрт архи ууж хүүхэд уйлууллаа” гэж хэлснээс хэрүүл маргаан үүсгэж, нүүр лүү нь 2 удаа алгадаж унагаан, хоолойг боож эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвууны цус хуралт, уруулын няцарсан шарх, ахар сүүлний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ******** “...********ын найз ******** ирчихсэн архи уугаад сууж байсан. Би уурлаж “битгий гэрт архи уугаад бай” гэхэд “чамд ямар хамаатай юм, би өөрийнхөө гэрт ууж байна” гээд 2 гараараа ээлжлээд 1, 1 удаа нүүр лүү алгадаж унагаан, унасны дараа дээр гарч суучхаад миний хүзүүн дэх сахиусаар хоолойг боосон...” гэх мэдүүлэг (хх-7-8), шүүх эмнэлгийн 11738 дугаар “1. ******** биед баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвууны цус хуралт, уруулын няцарсан шарх, ахар сүүлний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-23-24), гэрч ******** “...Сүүлийн хэдэн сар ээж хамтран амьдрагчтайгаа нийлэн удаа дараа архидан согтуураад холбоо барих хүндрэлтэй байгаад байхаар нь ...очиход ээж согтуу, зодуулсан бололтой уруул ам нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-12) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.********ын согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч ********маргалдаж нүүр лүү 2 удаа алгадаж унагаан, хоолойг боож хөнгөн хохирол санаатай учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-10-11)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч ********“гэрт архи ууж хүүхэд уйлууллаа” гэж уурлахад нь хэрүүл маргаан үүсгэж, нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж унагаан, хоолойг нь боож эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун сарвууны цус хуралт, уруулын няцарсан шарх, ахар сүүлний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилгүй, орлогогүйг харгалзсан...” гэж,
шүүгдэгч “Торгох ял өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар ахуйн хүрээнд архидан согтуурч, шүүгдэгч нь хамтран амьдрагч буюу хохирогчийн нүүрэнд 2 удаа алгадаж унагааж, хоолой боох үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй ч дансны гүйлгээг)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (эрхэлсэн тодорхой ажилгүй ч хувиараа хөдөлмөр эрхэлж тодорхой орлого олдог)-ийг харгалзан шүүгдэгч ********750,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Улсын яллагчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл нийтэд тустай ажил хийлгэх ял нь тодорхой цаг хугацаа, орон зайгаар шүүгдэгчийн ажил хөдөлмөр хийх, чөлөөтэй зорчин явах эрхийг хязгаарладаг ял бөгөөд тухайн шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж амжиргаагаа залгуулах нөхцөл байдал, амьдралын ахуй, нөхцөл (ам бүл 3)-ийг дордуулахаар байна гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт *******н ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********750,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР