| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01104/И |
| Дугаар | 102/ШШ2019/01254 |
| Огноо | 2019-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2019/01254
| 2019 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2019/01254 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.Э-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Б нь А.Э-оос 2018 оны 5-р сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 5-р сарын 16-нд УНД 00-92 дугаартай Приус 20 машиныг барьцаалуулж 3 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. И.Б нь 7 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлсэн, харин 2018 оны 5-р сарын 17-нд 10 000 000 төгрөг зээлсэн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Ингэхдээ 7 000 000 төгрөгийг 10 000 000 төгрөг болгож өгөхөөр хүү тооцож гэрээ хийсэн. Гэвч өнөөдрийг хүртэл мөнгөө төлсөнгүй. Машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавьсан, хүү, алданги өндөр байсан учраас хүнээс хүүтэй мөнгө зээлж машинаа авсан. Зээлийн гэрээний 5 дахь заалтын дагуу алданги нь 5 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг И.Баас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 7 000 000 төгрөгийн зээлийн асуудал байгаа. И.Б зээлээс төлөлт хийгээгүй гэж яриад байна. Гэтэл 3 715 000 төгрөг, үүнээс 3 115 000 төгрөгийг дансаар, 600000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээлийн гэрээг 10 000 000 төгрөгөөр байгуулсан боловч 7 000 000 төгрөгийг зээлсэн. Энэ гэрээг хийхдээ талууд ноцтой төөрөлдсөн, өөрийн хүсэл зоригоос гадуур хийсэн гэж үзэж байна. Бид 7 000 000 төгрөгөөс буцааж төлсөн 3 715 000 төгрөгийг хасаад 3 225 000 төгрөгийг 2019 оны 07 сар хүртэл хугацаанд төлөхөөр эвлэрч болно гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь И.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 835 000 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
А.Э нь И.Бт 2018 оны 5-р сарын 15-ны өдөр 4 000 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 5-р сарын 16-нд 2 950 000 төгрөгийг дансаар шилжүүлж зээлүүлсэн /хх 21/ байх ба талууд 2018 оны 5-р сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, хүүгүй зээлүүлэхээр тохирсон зээлийн гэрээг бичгээр /хх 6/ хийжээ.
Харин зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 10 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, урьд нь шилжүүлсэн 6 950 000 төгрөгийг 14 хоногийн хугацаанд хүү тооцож 10 000 000 төгрөг болгож төлөхөөр тохирсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь хүү тохирсон бол зээлийг ашигласан хугацааны хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд 6 950 000 төгрөгийг шилжүүлсэн, өөрөөр хүү төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор бичгээр тохироогүй, 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.
Үүнээс зээлдэгч нь 2018 оны 6-р сарын 22-ноос 2018 оны 12-р сарын 3-ны хооронд нийт 3 115 000 төгрөгийг зээлдүүлэгчийн дансанд шилжүүлсэн нь дансны хуулга /хх 21-23/, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон, харин 600 000 төгрөг бэлнээр өгсөн нь тогтоогдоогүй байна. Иймд 6 950 000 төгрөгөөс 3 115 000 төгрөгийг хасч 3 835 000 төгрөгийг И.Б төлөөгүй гэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч 2018 оны 5-р сарын 16-нд 3 000 000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн гэх боловч дансаар 2 950 000 төгрөг шилжүүлсэн, нөгөө талаас, А.Э нь 2018 оны 5-р сарын 16-ны өдөр Транскапитал ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 3 200 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, фидуцийн гэрээгээр автомашин болон бусад эд зүйлийг шилжүүлэхээр тохирсон, үүгээр зээлдэгчийн хувьд үүргээ гүйцэтгэж гэрээгр шилжүүлсэн машинаа өөрийн өмчлөлд шилжүүлсэн гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Б-гаас 3 835 000 /гурван сая найман зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж А.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 11 165 000 /арван нэгэн сая нэг зуун жаран таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 100 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч И.Б-аас 76 310 төгрөг гаргуулж А.Э-т олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА