Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1189

 

 

 

 

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2019/01189

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: СК ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо ҮТИС

Үйлчилгээний төлбөр, нотариатын зардалт 377.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батмөнх, хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэжаргал, М.Бямбаахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СК ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Г.Батмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ҮТИСнь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 38288 тоот Ск гурвалсан үйлчилгээний гэрээг СК ХХК-тай байгуулсан. Гэрээгээр ҮТИСнь интернетийн үйлчилгээ аваад явж байсан. Хариуцагч гэрээний 9.3 дахь заалтыг зөрчиж 2018 оны 3, 4 дүгээр сарын интернетийн төлбөрийн үйлчилгээ 372.040 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Интернетийн нэг сарын суурь хураамж 198.000 төгрөг байдаг. 2018 оны 03 дугаар сарын суурь хураамж 198.000 төгрөг, үүн дээр утасны төлбөр 6.791 төгрөг, 4 дүгээр сарын суурь хураамж 165.000 төгрөг, үүн дээр 2.240 төгрөгийн нэмэлт зардал гарч 167.249 төгрөг болсон. Ингээд 2018 оны 03, 04 дүгээр сарын үйлчилгээний төлбөр 372.040 төгрөг болсон. Гэрээнд заасны дагуу интернетийн үйлчилгээ авсан байгууллага гэрээнд заасны дагуу үйлчилгээний төлбөр болох суурь хураамж, нэмэлт үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. ҮТИСсургууль нь интернетийн үйлчилгээгээ цуцлах талаар СК ХХК-нд албан ёсоор хандаж, мэдэгдсэн зүйл байдаггүй. Интернетийн үйлчилгээ чанар муутай, доголдолтой байгаа тохиолдолд заавал гэрээнд заасны дагуу Скайтел ХХК-ийн төв байранд бичиг баримттайгаа ирж, эсвэл хуулийн этгээд учраас албан ёсоор албан бичгээр хүсэлт гаргаж гэрээгээ цуцлах үүрэгтэй. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй, гэрээ цуцлах асуудал яригдаж байгаагүй. Нэхэмжлэгч төлбөр төл гэж удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй учир 2018 онд гэрээгээ цуцалсан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Мэйл явуулсан гэж бүрхэг юм яриад байгаа. Энэ талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй. Интернетийн чанар, үйлчилгээний талаар гомдол гаргасан баримт хэрэгт байхгүй. Манайд санал хүсэлт гаргаж байгаагүй. ГэрээгҮТИСбайгуулж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Иймд гэрээ зөрчиж, үүргээ биелүүлээгүй ҮТИС2018 оны 03, 04 дүгээр сарын үйлчилгэний төлбөр 372.040 төгрөгийг, нотариатын зардал 5.000 төгрөг нийт 377.040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ҮТДС шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Г.Эрдэнэжаргал, М.Бямбаахүү нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр СК ХХК-тай гурвалсан үйлчилгээг ашиглах гэрээ байгуулсан. Үйлчилгээг авч байх хугацаанд интернет гацах, хурд удаашрах, сүлжээгүй болох, тасалдах зэрэг талаар олон удаа асуудал гарч ирдэг. Тэр болгонд сард тогтмол 3-аас доошгүй удаа үйлчилгээний лавлах утас руу дуудлага өгч гомдол гаргаж байсан. Гэсэн хэдий ч бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу сар бүр төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байсан. Скаймедиа компаний зүгээс доголдолын талаар хэн, хэзээ, ямар арга авч байгаа нь тодорхойгүй байсаар сүүлдээ 2018 оны 01 дүгээр сараас эхлэн интернет үйлчилгээ бидний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй болсон. Тухайлбал гэрээний 4.1-т заасан үйлчилгээг тасралтгүй шаардлагын өндөр түвшинд үзүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй. Мөн 4.8-д үйлчлүүлэгчийн талд үйлчилгээ тасалдсан тохиолдолд 2 цагийн дотор үйлчилгээг сэргээхийн тулд бүх талын арга хэмжээ авна гэж заасан. Дээрхи хугацаанд манай сургуулийн цахим харилцаа бүрэн зосгож эдийн засгийн хувьд сөргөөр нөлөөлж, гадаад дотоод харилцааны олон бизнесийн боломжуудаа алдсан. Цахим орчин, сургуулийн мэдээлэл сурталчилгаа интернетийн доголдолоос болж тогтмол бус цацагдаж байснаас элсэгчдийн тоо буурсан, ажилтнуудийн ажлаа хэвийн явуулахад хүндрэл учирч илүү цагаар ажиллуулах шаардлага гарч байсан. Ск компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үйлчилгээг тасралтгүй шуурхай, шаардлагын түвшинд үзүүлэх, үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс үйлчилгээгээ түр таслах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, мөн үйлчлүүлэгчээс ирүүлсэн гомдлыг 4 цагт багтаан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, үйлчлүүлэгчид шаардлагатай техникийн болон хэрэглээний зөвлөгөө өгөх зэрэг үүргүүдээ биелүүлээгүй. Бид энэ байдлыг утсаар байнга мэдэгдэж байсан. Гэрээний 5.5-д үйлчлүүлэгчийн эрх үүргийг заасан. Үйлчлүүлэгч үйлчилгээний талаар санал гомдлоо илэрхийлж үйлчилгээнд доголдлыг дуудлага өгч засварлуулах эрхтэй гэж заасан. Энэ эрхээ бид эдэлж чадаагүй 4 жил гаруйн нүүрийг үзсэн. Байгууллага дээр байгаа гэрээг харахад байгуулсан тал дээр манайх гэрээ зураагүй байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СК ХХКнь хариуцагч ҮТИСхолбогдох үйлчилгээний төлбөр 372.040 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг нийт 377.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Үндэсний текникийн их сургууль нь 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр СК ХХК-тай скаймедиа гурвалсан үйлчилгээний гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар нотлогдож байна.

Скаймедиа гурвалсан үйлчилгээний гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч Үндэсний текникийн их сургууль нь скаймедиа гурвалсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, гэрээнд зааснаар төлбөрийг төлж ирсэн боловч 2018 оны 03, 04 дүгээр сарын үйлчилгээ, утасны төлбөрийг тохирсон хугацаанд гэрээний хавсралтад зааснаар төлөөгүй болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, төлбөрийн нэхэмжлэх гэсэн баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч шүүх хуралдаанд интернет байнга тасалддаг, үйлчилгээгээ шуурхай үзүүлдэггүй, үүргээ биелүүлдэггүй, энэ талаар албан бичиг явуулж, утсаар мэдэгдэж байсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан боловч тайлбар нь баримтаар нотлогдоогүй, хуулиар хүлээсэн нэхэмжлэлийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

ҮТИД нь Скаймедиа гурвалсан үйлчилгээний гэрээний 3.4-т заасан сар бүрийн нэхэмжлэхийн дагуу өмнөх сарын үйлчилгээний төлбөрийг тухайн сарын 22-ны дотор төлнө гэсэн үүргээ биелүүлээгүй, 2018 оны 03, 04 дүгээр сарын суурь хураамж, утасны төлбөр нийт 372.040 төгрөгийг төлөөгүй тул хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд 372.040 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Нэхэмжлэгч нотариатын зардал 5.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч нэхэмжлэлийг нотолсон баримтгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч372.040 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СК ХХК-нд олгож, үлдэх 5.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.961 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ҮТИС11.811 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СК ХХК-нд олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА