| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2023/0011/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/29 |
| Огноо | 2022-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/29
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208034941874 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Х.********г хардаж үсдэн пийшин мөргүүлж, цээжин тус газарт өшиглөх, хоолойг боох зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний буруу болохоор шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Энэ хэргээс хойш хохирогч ирэхгүй байгаа. Би уучлалт гуйсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөртөө маш их гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2208034941874 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ********: “Миний бие ********хамтран амьдраад 4 жил болж байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй. 2022 оны 10 дугаар сарын 01-ний орой манай гэрт хамтран амьдрагчийн найз ******** ирсэн. ...“********” караокед орсон. Бид гурав пиво уусан. Тэнд 1 цаг орчим болоод “********” бааранд орсон. Нэг настай ах ширээ дүүрчихсэн учир хамт суусан. Суулгаад байж байтал манай нөхөр дургүйцээд тэр хүнтэй маргаан үүсгээд байсан. Бид гурав гэртээ ирсэн. Гэртээ ороод байж байтал намайг ********гэнэт пийшин мөргүүлээд, үсдээд, дээрээс дэвсээд элэгдэж унагаахаар нь би орилоод хадам ээжийнх рүү орох гээд явж байтал гүйцэж барьж аваад чирээд буцаж гэрт оруулж ирээд хоолой боогоод би яаж ч чадахгүй хоолой боогдоод амьсгаа түгжигдээд байж байтал ********охин дүү ********орж ирээд ахыгаа барьж аваад гараад явсан. Тэгээд би цагдаа дуудсан. Надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Ахиж уулзахгүй гээд тусдаа амьдарч байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.10-ны өдрийн 19702 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ******** биед баруун зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
Шүүгдэгч ********яллагдагчаар өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ...21 цаг өнгөрөөгөөд нийтийн караоке ороод пиво уугаад гэртээ ирсэн. Ирээд эхнэр бид хоёр хардалтаас болж маргалдсан. Тухайн үед тасарчихсан зарим зүйлээ санахгүй нэг сэрэхэд манай дүү ******** болиоч гээд орилж байсан. Тэгээд ******** цагдаа дуудаж намайг эрүүлжүүлэх байранд хийсэн. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан, гэхдээ яаж учруулснаа санахгүй байна. Гараараа цохиж байснаа санаж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-51), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-76), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-50), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-52), Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “********нь тус хорооны Бага нарангийн 43-10а тоотод амьдардаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-53), дансны хуулга (хх-54-69), 2019.05.08-ны өдрийн 19/293 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хх-49), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-102, 103), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-107-108), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-112) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ********** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Х.********г хардаж үсдэн пийшин мөргүүлэн, цээжин тус газарт өшиглөх, хоолойг боох зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ******** “...Бид нар пиво уусан. ...********гэнэт пийшин мөргүүлээд, үсдээд, дээрээс дэвсээд элэгдэж унагаахаар нь би орилоод хадам ээжийнх рүү орох гээд явж байтал гүйцэж барьж аваад чирээд гэрт оруулж хоолой боогоод...” гэх мэдүүлэг (хх-29-30), шүүх эмнэлгийн 19702 дугаар “1. ******** биед баруун зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-32-33), шүүгдэгч ********“...нийтийн караокед ороод пиво уугаад, 2 цаг орчим болоод гэртээ ирсэн. Тухайн үед тасарчихсан зарим зүйлээ санахгүй нэг сэрэхэд манай дүү ******** “болиоч” гээд орилж байсан. ...гараараа цохиж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг (хх-43-44) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогч Х.********г үсдэж пийшин мөргүүлж, цээжин тус газарт өшиглөх, хоолойг боон зодож хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-29-30, 102)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ********** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Х.********г хардаж пийшин мөргүүлэн, үсдэж, цээжин тус газар нь өшиглөх, хоолойг боох зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун зулайд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун доод зовхи, баруун хацар, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Өөртөө маш их гэмшиж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ********нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, хардсан гэх үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу хохирогчийг үсдэх, пийшин мөргүүлэх, цээжин тус газарт өшиглөх, хоолой боох үйлдлээр хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт **********н ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********800,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР