| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/01323/И |
| Дугаар | 102/ШШ2019/01255 |
| Огноо | 2019-05-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2019/01255
| 2019 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2019/01255 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Г.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б бид хоёр 2017 оны 02 сард гэрлэж, 2017 оны 8-р сарын 27-нд охин Б.Т төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаанд нөхөр Б.Б ажил хийдэггүй, халамжгүй байсан. Гэтэл 2018 оны 7-р сараас эхлээд өөр хүнтэй болсон, О гэх хүүхэн нь залгаад танай нөхөртэй чинь явад 1 жил болж байна гэж хэлсэн. Би нэгэнт бие биендээ хайртай юм бол хамт амьдар гэж хэлсэн, надад тийм хүнтэй хамт амьдрах хүсэл байхгүй. Одоо тэд хүүхэдтэй болсон. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Э-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа, татгалзах зүйлгүй. Охин Т-ийг ээжийн асрамжинд үлдээхийг зөвшөөрнө, эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь Б.Бт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г.Э, Б.Б нар нь 2010 онд гэр бүл болж, 2017 онд гэрлэлтээ батлуулан амьдрах хугацаандаа 2017 оны 8-р сарын 27-нд охин Б.Т-ийг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаанд нөхөр Б.Б нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харьцаа тогтоож гэр бүлдээ үнэнч байх, бие биеэ халамжлах үүргээ биелүүлээгүйгээс хоорондоо таарамжгүй харьцаатай болсон, улмаар 2018 оны 7-р сараас тусдаа амьдарч байгаа, нөхөр нь өөр хүнтэй хамт амьдарч хүүхэдтэй болсон болсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөх талаар тохирсон байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 11-р сарын 22-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Э, Б.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2017 оны 8-р сарын 27-нд төрсөн охин Б.Т-ийг эх Г.Эын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Тодгэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Бар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Бас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА