Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/30

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Б.Одонтуяа,

хохирогч ********,

шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2203006210593 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 8 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Оргил” худалдааны төвийн урд замд “Тоёота Приус-20” маркын ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн  заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч ********г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө ажилдаа явж байсан. Урдаас нар гялбаад цагаан хувцастай хүн харагдах шиг болохоор нь тоормос гишгэтэл мөргөсөн. Тэгээд 102, 103-т дуудлага өгөөд ирэхгүй болохоор нь өөрийн машинаар эмнэлэгт хүргэсэн. Хохирогчийг тулж ирээд л харсан. Хохиролд нийт 1,886,080 төгрөг төлсөн. Таксины мөнгө гэж 40,000 төгрөг бэлэн өгч байсан. Цаашид баримттай зардлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 08 цаг 30 минутын үед осолд орсон. Одоог хүртэл хэвтрийн дэглэмтэй байгаа. 12 сарын 10-нд эмчид үзүүлэхэд дахиад 1 сар хэвтрийн дэглэмтэй бай гэсэн. Өтгөн цустай гараад, зовиур ихтэй байгаа. Хэвтрийн дэглэмээ сайн сахьчихвал хагалгаанд орно гэж эмч хэлсэн. 4 сарын цалин, эмчилгээний зардал 1 сая, нийт 5 сая төгрөг нэхэмжилж байна. Баримтаар 1,500,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийн төлбөр авсан. Ажиллаад сар болж байсан” гэв.

Эрүүгийн 2203006210593 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч ********гийн: “2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 08 цаг 50 минутын орчимд Оргил” худалдааны төвийн урд замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зүгт явган хүний гарцаар гарч яваад зүүн гар тийш хартал нэг машин нэлээн хол ирж яваа харагдсан. Тэгээд урагшаа алхаад баруун гар талаас эсрэг урсгалд машин явж байна уу гэж хартал миний зүүн талаас машин мөргөх шиг болсон. Би юу билээ гэж бодоод хөөрөөд байх шиг хамаг бие өвдөөд цээжээр элэгдүүлсэн юм шиг маш их өвдсөн, хаана унаснаа мэдээгүй. Элгээ тэврээд харсан чинь намайг мөргөсөн машины жолооч бууж ирэхгүй хараад байсан. Би 103 мөд ирэхгүй гэж бодоод “ахаа намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өг” гэж хэлсэн чинь машиндаа суулгаад эмнэлэгт хүргэсэн. Эмч үзээд ахар сүүл хугарсан, зүүн талд шингэнтэй, зүүн талын хөл, гар зөөлөн эдийн гэмтэлтэй хэвтрийн дэглэм барь гэсэн. Жолооч гар утасны дэлгэц янзлуулахад 80,000 төгрөг, нүдний шил 220,000 төгрөг өгсөн. ...Цалингаа нэхэмжилнэ. Сард 1,798,200 төгрөгийн цалин авдаг, 27 хоног ажилладаг, 1 өдрийн 66,600 төгрөгөөр боддог. Бонус цалин 200,000 нэмэгддэг. Нийт 1,998,200 төгрөг болж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.04-ний өдрийн 13412 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********гийн биед тархи доргилт, баруун зүүн гуя, зүүн тохой, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт, баруун гуянд зулгаралт, зүүн хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох, мөргөгдөх, унах үйлчлэлээр, 2022.09.28-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2022.10.21-ний өдрийн 870 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1. ********гийн биед ахар сүүлний 1,2,3 дугаар нугалмын бяцарсан далд хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун зүүн гуя, зүүн тохой, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт, баруун гуянд зулгаралт, зүүн хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022.09.28-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 2. Дээрх ахар сүүлний далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно. Тархи доргилт, зүүн хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох, мөргөгдөх, унах үйлчлэлээр, тухайлбал автомашинд мөргөгдөж унах үед үүсэх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримт, зургуудад илэрсэн өөрчлөлтөөр гэмтлийн зэрэгт өөрчлөлт орно” гэжээ (хавтаст хэргийн 39-42 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.11.17-ны өдрийн 1311 дүгээр магадлагаанд: “1. “Toyota prius 20” маркын ********маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ********нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч ******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 52-53 дахь тал),

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хх-5-6), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-7-10), хохирлын баримтууд (хх-20-24), “********” ХХК-ийн “******** тус компанид дэлгүүрийн кассаар ажилладаг байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-29), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх авто техникийн хяналтын төвийн 2022.10.19-ний 38928570 дугаар дүгнэлт (хх-46-51),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-58), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-80), жолоодох эрхийн лавлагаа (хх-59), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-73), прокурорын 2022.11.23-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол (хх-82-83), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-92), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-93), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-98) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 8 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Оргил” худалдааны төвийн урд замд “Тоёота Приус-20” маркын ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирээд уг гарцаар гарч байсан явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас явган зорчигч хохирогч ********г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ********гийн “...Оргил” худалдааны төвийн урд замаар явган хүний гарцаар гарч яваад зүүн гар тийш хартал нэг машин нэлээн хол ирж яваа харагдсан. Тэгээд урагшаа алхаад баруун гар талаас эсрэг урсгалд машин явж байна уу гэж хартал миний зүүн талаас машин мөргөх шиг болсон...” гэх мэдүүлэг (хх-26-28), шүүх эмнэлгийн 870 дугаар “1. ********гийн биед ахар сүүлний 1,2,3 дугаар нугалмын бяцарсан далд хугарал, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун зүүн гуя, зүүн тохой, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт, баруун гуянд зулгаралт, зүүн хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх ахар сүүлний далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно...” гэх шинжилгээ (хх-39-42), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1311 дүгээр “1. “Toyota prius 20” маркын ********маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч ********нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч ******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа (хх-52-53) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч хохирогч ********г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч эмчилгээний зардалд баримтаар 1,538,450 төгрөг, бусад зардалд баримтгүй 361,550 төгрөг нэхэмжилж, шүүгдэгч ********1,900,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ********энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******** “Ажилгүй байсан 4 сарын цалин 4,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ажил олгогчийн “********гийн нэг сарын үндсэн цалин 1,000,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтоос өөр нотлох баримт гаргаж өгөөгүй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал хэрэгт авагдаагүй, мөн өвчтэй байсан хугацааг нотолсон эмчийн магадлагаа, түүнтэй холбоотой бусад нотлох баримт байхгүй тул иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй гэж шүүх үзээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоо (цаашид хийгдэх эмчилгээ, ажилгүй байсан хугацааны цалин)-той бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 8 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Оргил” худладааны төвийн урд замд “Тоёота Приус-20” маркын ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч ********г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

хохирогч “Хэлэх зүйл байхгүй” гэж,

шүүгдэгч “Шийдвэрийг бүрэн дүүрэн биелүүлнэ” гэж дүгнэлтээ тус тус танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ********нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зохицуулдаггүй гарцаар гарч явсан хохирогчийг мөргөж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, баримттай хохиролд 1,900,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ****** овогт ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ******** “Ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээ”-тэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР