Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2019/01256

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2019/01256

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Л.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг тус хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ц, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 онд Б-тэй танилцсан. 2011 оны 06 сарын 26-нд хүү Х төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэтэл Б нь 2013 онд өөр эмэгтэйтэй болсон учраас салсан. Түүнээс хойш хүүдээ тэтгэлэг, тэтгэмж авч байгаагүй. Одоо хүү маань сургуульд орсон, мөнгөний хэрэгцээ байгаа учраас ааваас тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2011 онд хүүтэй болсон, 2013 онд салсан. Миний хариуцлага учраас тэтгэлэг төлнө, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ц нь А.Бд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Л.Ц, А.Б нар нь 2009 онд танилцаж, гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байгаад 2011 оны 6-р сарын 26-ны өдөр хүү Б.Х-ыг төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Харин талууд таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос тусдаа амьдарсан, хүү Б.Х-д нь эхийн асрамжинд байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж эцэг А.Бэр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 6-р сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Х-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг А.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч А.Б-с 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА