| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0034/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
2023 1 26 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Г.А,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.М холбогдох эрүүгийн 2225006030012 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.М
Шүүгдэгч Г.М нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 42-14 тоот хашааны гадна байсан Б.А-гийн эзэмшлийн Sonata7 маркийн тээврийн хэрэгслийн онгорхой орхисон байсан цонхоор хаалгыг нь онгойлгон, зөөврийн компьютер, цүнхэнд байсан тэмдэглэлийн дэвтэр, 2 ширхэг гар утасны цэнэглэгч, эмэгтэй хүний нүүрний будаг, үнэртэй ус, бэлэн 46.000 төгрөг, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.981.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;
хохирогч Б.А-гийн: “... 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 42-14 тоот хашааны гадна байсан Sonata7 маркийн тээврийн хэрэгслээс өөрийн эзэмшлийн зөөврийн компьютер хулгайд алдсан. ...Цүнхэнд дотор тэмдэглэлийн дэвтэр, 2ш гар утасны цэнэглэгч, эмэгтэй хүний нүүрний будаг, 55.000 төгрөгөөр авсан үнэртэй ус, урд талд нь бэлэн 46.000 төгрөг байсан, үзэгний сав, mouse, зөөврийн компьютерын power bank байсан. Би машинаа цоожилсон, жолоочийн ар талын хаалганы цонх онгорхой байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
“...алдсан эд зүйлээ 90.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би эд зүйлээ буцааж авсан тул ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Г.М сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт дэлгүүрээс хоёр шил 200гр архи авч уугаад тэр хавиар хэсэг явж байхдаа...хашааны гадаа цагаан өнгийн Sonata7 маркийн тээврийн хэрэгслийн цонх онгорхой байхаар нь хаалгыг нь онгойлгоод суудал дээр байсан цүнхтэй эд зүйлийг аваад явсан. Тэгээд горд ороод “Tedy” төв дээр очоод цүнхэнд байгаа эд зүйлийг харахад саарал өнгийн зөөврийн компьютер байсан ба 100.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи авч уусан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48, 53 дахь тал/,
хохирогч Б.А-гийн “...2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 42-14 тоот хашааны гадна байсан Sonata7 маркийн тээврийн хэрэгслээс өөрийн эзэмшлийн Samsung Dell маркийн зөөврийн компьютер хулгайд алдсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
хохирогч Б.А-гийн өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 42-14 тоот хашааны гадна талд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7, 8-9 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байх нэг цонхны үйлчилгээний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10, 11-13 дахь тал/,
хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/,
“Бэйкер тилли Далайван аудит” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 02/02-55 дугаартай; “...нийт үнэлгээ 1.855.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ- ОРХ/5394 дугаартай; “...андройд цэнэглэгч хоёр ширхэг 10.000 төгрөг, тэмдэглэлийн дэвтэр нэг ширхэг 5000 төгрөг, повер банк нэг ширхэг 20.000 төгрөг, үзгийн сав нэг ширхэг 5000 төгрөг, сормуусны будаг нэг ширхэг 10.000 төгрөг, уруулын будаг нэг ширхэг 10.000 төгрөг, контер нэг ширхэг 10.000 төгрөг нийт 80.000 төгрөг.” гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 35-37 дахь тал/,
Г.М иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, холбогдох бусад баримтууд /хавтаст хэргийн 55, 74 дэх тал/,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 58-62 дахь тал/,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 63-66 дахь тал/,
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/2073 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 227 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 69-73 дахь тал/,
хохирогч Б.А-гийн “...Өөрийн алдсан гэх эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан тул ямар нэгэн гомдол саналгүй. Уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 87 дахь тал/,
Г.М “...Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, мөн Г.М мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч Г.М гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Г.М нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 42-14 тоот хашааны гадна байсан Б.А-гийн эзэмшлийн Sonata7 маркийн тээврийн хэрэгслийн онгорхой орхисон байсан цонхоор хаалгыг нь онгойлгон, Samsung Dell маркийн зөөврийн компьютер, цүнхэнд байсан тэмдэглэлийн дэвтэр, 2 ширхэг гар утасны цэнэглэгч, эмэгтэй хүний нүүрний будаг, үнэртэй ус, бэлэн 46.000 төгрөг, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.981.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Б.А-гийн: “... 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 42-14 тоот хашааны гадна байсан Sonata7 маркийн тээврийн хэрэгслээс өөрийн эзэмшлийн Samsung Dell маркийн зөөврийн компьютер хулгайд алдсан.” гэх,
Г.М өөрийнх нь өгсөн “...Би 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ...хашааны гадаа цагаан өнгийн Sonata7 маркийн тээврийн хэрэгслийн цонх нь онгорхой байхаар нь хаалгыг нь онгойлгоод суудал дээр байсан цүнхтэй эд зүйлийг аваад явсан.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 42-14 тоот хашааны гадна талд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байх нэг цонхны үйлчилгээний хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
“Бэйкер тилли Далайван аудит” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 02/02-55 дугаартай, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ТХҮ-ОРХ/5394 дугаартай хохирлын үнэлгээнүүд зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Шүүгдэгч Г.М хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснөөс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч Г.М холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудал;
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.М оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,
нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байх нэг цонхны үйлчилгээний хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ