| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
2023 01 26 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл,
улсын яллагч Г.А,
шүүгдэгч О.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Н-т холбогдох эрүүгийн 2325000570031 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, О.Н
Шүүгдэгч О.Н согтуурсан үедээ, 2022 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хаан бууз” цайны газарт үйлчлүүлж байхдаа аяга шидэж, “Haiares” загварын 55 инчийн зурагтыг хагалан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-ийн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ажил дээрээ ирэхэд манай “Хаан бууз” хоолны газрын кассын дээр байдаг 55 инчийн Haiares загварын зурагтын дэлгэц нь хагарчихсан байсан. ...ажилтан Ганцэцэг “шөнө нэг согтуу залуу орж ирээд агсраад байхаар нь цагдаад дуудлага өгсөн, тэр залууг цагдаа нар авч явсны дараа тэр залуу хоолны газар дахин ирээд тус зурагт руу аяга шидэж хагалсан.” гэсэн. Компанийн зүгээс 800.000 төгрөгийг байгууллагын 5000103609 дугаарын Хас банкны данс руу авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
гэрч Б.Э “...2022 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 02 цагийн үед гаднаас нэг согтуу залуу ирж ирээд манайхаар үйлчлүүлэх гэхээр нь би түүнд шаардлага тавьж “та хэт их согтолттой, биеэ авч явах чадваргүй байна, манайхаас гарна уу.” гэж шаардлага тавихад тэрээр бид нарыг хараалын үгээр доромжлоод байсан, мөн кассан дээр ажилладаг хүүхэнтэй “мөнгө өгсөн, өгөөгүй.” гээд маргалдаад байсан. Би тэгэхээр нь цагдаа дуудсан, удалгүй цагдаа ирээд тэр залууг манай хоолны газраас авч гарсан...ахин үүрийн 04 цаг өнгөрч байхад манайд орж ирээд хоол аваад суусан, хоолоо идчихээд цайны аягаа барьж байгаад кассны дээд талд байдаг зурагт руу шидэж, зурагтыг онож хагалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
О.Н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад би ганцаараа “Хаан бууз” руу хоол идэх гэж орсон, хоол захиалах гэтэл тэр кассчин хүүхэн нь “согтуу хүнд үйлчлэхгүй, хоол байхгүй.” гэж хэлсэн, бид хоёр маргалдсан бөгөөд удалгүй цагдаа ирж намайг авч хоолны газраас гаргасан. Би цагдаад “одоо гэртээ харьчихъя” гэж хэлээд “Ивээл” зочид буудалд байсан найз Энхбаяр дээр очсон, хэсэг хугацааны дараа хоол идэх гээд ганцаараа “Хаан бууз” дээр очоод хоол захиалж идсэн, хоол идэх хугацаанд би кассчин хүүхэнд хандан “чи зүгээр хоол өгчихгүй, цагдаа дуудлаа” гэж хэлтэл “хоолоо идэж дууссан бол гар.” гэхээр нь миний уур хүрээд ууж байсан цайныхаа аягыг аваад тэр кассчин хүүхэн рүү шидсэн юм. Тэгтэл кассны хойно хананд байсан зурагтыг оноод хагалчихсан. Би хохирол болох 800.000 төгрөгийг байгууллагын хүнээс дансыг нь авч 5094084713 данс руу өөрийн Хаан банкны 5090714003 данснаас шилжүүлсэн, ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 30 дахь тал/,
“Хаан хүнс катеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Сарангийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хаан бууз” цайны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8 дахь тал/,
“Бэйкер тилли Далайван аудит” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02/02-01 дугаартай, “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар “Haiares” загварын 55 инчийн зурагт 800.000 төгрөгийн үнэлгээтэй байна.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,
хохиролд 800.000 төгрөг төлсөн баримт /хавтаст хэргийн 40 дэх тал/,
О.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/,
яллагдагч О.Н “...Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас, мөн О.Н мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч О.Н гэм буруутайд тооцох;
шүүгдэгч О.Н согтуурсан үедээ, 2022 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хаан бууз” цайны газарт үйлчлүүлж байхдаа аяга шидэж, “Haiares” загварын 55 инчийн зурагтыг хагалан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-ийн “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ажил дээрээ ирэхэд манай “Хаан бууз” хоолны газрын кассын дээр байдаг 55 инчийн Haiares загварын зурагтын дэлгэц нь хагарчихсан байсан. ...ажилтан Ганцэцэг “шөнө нэг согтуу залуу орж ирээд агсраад байхаар нь цагдаад дуудлага өгсөн, тэр залууг цагдаа нар авч явсны дараа тэр залуу хоолны газар дахин ирээд тус зурагт руу аяга шидэж хагалсан.” гэсэн.” гэх,
гэрч Б.Э “...2022 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө... цагдаа ирээд тэр залууг манай хоолны газраас авч гарсан...ахин үүрийн 04 цаг өнгөрч байхад манайд орж ирээд хоол аваад суусан, хоолоо идчихээд цайны аягаа барьж байгаад кассны дээд талд байдаг зурагт руу шидэж, зурагтыг онож хагалсан.” гэх,
О.Н өөрийнх нь өгсөн “...миний уур хүрээд ууж байсан цайныхаа аягыг аваад тэр кассчин хүүхэн рүү шидсэн юм. Тэгтэл кассны хойно хананд байсан зурагтыг оноод хагалчихсан. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хаан бууз” цайны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Бэйкер тилли Далайван аудит” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 02/02-01 дугаартай, “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Haiares загварын 55 инчийн зурагт 800.000 төгрөгийн үнэлгээтэй байна.” гэсэн үнэлгээний тайлан, О.Нхохиролд 800.000 төгрөг төлсөн баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Шүүгдэгч О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснөөс гадна гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулж, шүүх хуралдааныг хялбаршуулж явуулах хүсэлт гаргаж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсон байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Хоёр: Шүүгдэгч О.Н эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч О.Н холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилжээ.
Хавтаст хэргийн 45 дахь талд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зийн “...хохирлоо авсан тул санал, гомдолгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хаан бууз” цайны газрын хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хаан бууз” цайны газрын хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ