Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1555/Э |
Дугаар | 2023/ШЦТ/37 |
Огноо | 2022-12-28 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | Б.Соёлмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл,
шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202005470406 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **********
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн унаж явсан ********улсын дугаартай “Тоёота спасио” маркын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 17.7 гр хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорихоос өөр төрлийн ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 2202005470406 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Т.Спасио маркын бор шаргал өнгийн, ********улсын дугаартай машины ...урд 2 суудлын голын хэсэгт улаан эрээн өнгийн уутанд өвс мэт ногоон өнгийн ургамал мэт зүйл байх ба шинжээч 4 дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Зүүн урд талын суудлын доор шалавч дээр тунгалаг цаасаар хийсэн зүйл байгааг 5 дугаар тавьж хураан авав. Машины арын хэсэгт зүүн урд суудлын доод хэсгээс Sprite нэртэй ногоон өнгийн шошготой, 500 гр-н ундааны хуванцар сав байх ба шошгоны доод хэсэгт нүх гаргаж 10-тын мөнгөн дэвсгэрт хуйлсан байдалтай яндан гаргаж, түүний дээд хэсэгт ундааны савыг дахин цоолсон байдалтай байх ба ундааны савны доод хэсэгт харлан түлэгдсэн байдалтай байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дахь тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.09.01-ний өдрийн 4149 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “********ЕО00301814” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, фенциклидин /PSP/ тус тус илрэв. 3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн I жагсаалтад багтдаг. Фенциклидин /PSP/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтдаг” гэжээ (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.09.09-ний өдрийн 4146 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. “Тээврийн хэрэгслээс хураан авсан жин тодорхойгүй өвч мэт ногоон ургамлыг хүргүүлэв СХД-2” гэж хаягласан 17,7 грамм жинтэй нунтаг ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илрэв. 3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг” гэжээ (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.09.09-ний өдрийн 4147 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2. ***** Тээврийн хэрэгслээс хураан тугалган /мөнгөлөг/ цаас, хуйлж хийсэн зүйл болон Sprite нэртэй 500 гр-ын ундааны хуванцар сав зэргийг шилжүүлэв СХД-2” гэж хаягласан зүйлийг задлахад бортого хэлбэртэй мөнгөлөг цаас, AJ9559096 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж соруул хэлбэрт оруулсан, бохирлогдсон, хажуу хэсэгтээ цоолсон байдалтай Sprite нэртэй 500 гр-ын ундааны хуванцар сав зэрэгт дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илрэв. 3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг” гэжээ (хавтаст хэргийн 78-80 дахь тал),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022.09.01-ний өдрийн 4148 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “************” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. 3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн I жагсаалтад багтдаг” гэжээ (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
Гэрч ********дахин өгсөн: “Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ айж сандраад Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос өвс түүсэн талаар мэдүүлсэн. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу аяллаар явсан нь үнэн. Тэгээд цагдаа нар чи хаанаас түүсэн юм бэ, хөдөөнөөс л түүгээ биз гээд байхаар нь найзуудынхаа хамт Түнхэл тосгон явсан тухайгаа хэлээд тэндээс түүсэн гэж худлаа мэдүүлэг өгсөн. Би ямар нэгэн өвс түүгээгүй. Өвсний талаар мэдэхгүй. Тухайн үед цагдаа нар намайг “Чи түүсэн, хурдан хэл” гээд айлгаад байхаар нь Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос түүсэн гээд худлаа мэдүүлчихсэн. Хэрэг болох өдөр буюу 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед найз ********тааралдаад машинд нь сууж байхад ******** өвс гаргаж ирээд “хэрэглэж үзэх үү” гэхээр нь зөвшөөрөөд хамт хэрэглэж үзсэн. Тэгээд цагдаад баригдсан. Тэр өвс минийх биш, ********ий өвс байгаа юм. Хэрэглүүрийг ******** бид хоёр хамжаад хийсэн. Интернетээр бичлэг үзэж байгаад хийх аргыг сурсан. Би тэр өдөр л анх удаа өвс хэрэглэж үзсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56, 57 дахь тал),
Шүүгдэгч С.********ий яллагдагчаар өгсөн: “Би цагдаад баригдахаас 7 хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Баруунсалаанаас хойшоо байдаг Бумбатын рашаанаас рашаан авах гээд ганцаараа өөрийн Тоёота маркын ********улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Рашаанаас авч байтал хажуухан талд мансууруулах үйлчилгээтэй өмнө фейсбүүкээс бичлэгээс харж байсан өвс ургасан байхыг олж хараад нэг атга хэрээний түүж аваад халааслачихсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз ******** дуудаж машиндаа нөгөө өвсөө хэрэглэж үзсэн. Яг өвсөө хэрэглээд машиндаа сууж байтал цагдаагийн алга машин ирээд бид хоёр баригдсан. Фейсбүүк дээр бичлэг үзэж байгаад ундааны саваар хэрэглүүр хийгээд хуйлсан мөнгөөр сорж хэрэглэсэн. Өвсийг хэрэглэх үед надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Би анх удаа хэрэглэж үзээд баригдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 дэх тал),
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хх-10, 7, 11), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хх-8, 9), ********ий биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хх-10-11), мөрдөгчийн “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” санал (хх-12), прокурорын 2022.08.21-ний өдрийн 102 дугаар “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол (хх-32-33),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-126), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-103), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-107), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-124), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-127) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн ********улсын дугаартай “Тоёота спасио” маркын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 17.7 гр хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь шинжээчийн 4149 дүгээр “********” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, фенциклидин /PSP/ тус тус илрэв. 3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн I жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт (хх-41-42), шинжээчийн 4147 дугаар “...бортого хэлбэртэй мөнгөлөг цаас, AJ9559096 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж соруул хэлбэрт оруулсан, бохирлогдсон, хажуу хэсэгтэй цоолсон байдалтай Sprite нэртэй 500 гр-ын ундааны хуванцар сав зэрэгт тус тус дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илрэв...” гэх дүгнэлт (хх-78-80), гэрч ********“...2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагийн үед найз ********тааралдаад машинд нь сууж байхад ******** өвс гаргаж ирээд хэрэглэж үзэх үү гэхээр нь зөвшөөрөөд хамт хэрэглэж үзсэн. Тэгээд цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг (хх-56), шүүгдэгч С.********ий “...Бумбатын рашаанаас авч байтал хажуухан талд мансууруулах үйлчилгээтэй фейсбүүкээс бичлэгээс харж байсан өвс ургасан байхыг олж хараад нэг атга хэрээний түүж аваад ...найз ******** дуудаж машиндаа хэрэглэж үзсэн. Яг өвсөө хэрэглээд сууж байтал цагдаагийн алга машин ирээд баригдсан...” гэх мэдүүлэг (хх-98-99), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-3-6) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч ********ий “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн унаж явсан ********улсын дугаартай “Тоёота спасио” маркын тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 17.7 гр хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ********сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч анхнаасаа гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг анхаарч хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч “өвс” нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (Эрүүгийн хуулиар хамгаалагдсан болон хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих талаар хуулиар тогтоосон журам), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага насны 2 хүүхэдтэй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч С.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх Тоёота Спасио маркын ********улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан гэх 17,7 грамм жинтэй нунтаг ургамал, бортого хэлбэртэй мөнгөлөг цаас, хажуу хэсэгтэй цоолсон байдалтай sprite нэртэй 500 гр-ын ундааны хуванцар сав зэргийг зохих журмын дагуу устгахыг, AJ9559096 серийн дугаартай 10 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж байна.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ****** овогт ******** ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч С.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч С.********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх “Тоёота Спасио” маркын ********улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан гэх 17,7 грамм жинтэй нунтаг ургамал, бортого хэлбэртэй мөнгөлөг цаас, хажуу хэсэгтэй цоолсон байдалтай sprite нэртэй 500 гр-ын ундааны хуванцар сав зэргийг зохих журмын дагуу устгахыг, AJ9559096 серийн дугаартай 10 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР