Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1159

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2019/01159

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б.А

Хариуцагч: Ч.Н.

Гэрээний үүргийн биелэлтэд 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ч.Нтай зээлийн гэрээ байгуулж 2.500.000 төгрөгийг 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааагаар зээлдүүлсэн. Мөнгийг Ч.Нын Хаан банкны 5023150602 дансанд шилжүүлсэн. Хариуцагч нь тохирсон хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээр 3.000.000 төгрөг шаардсан боловч бэлнээр 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Иймд хариуцагч Ч.Наас 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.А 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны 5023150602 дансаар 2.500.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Шилжүүлсэн мөнгөн дүнг өөрөө мэдэж байгаа. Харин 500.000 төгрөгийг шилжүүлээгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ч.Наас гэрээний үүргийн биелэлтэд 3.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 2.500.000 төгрөг шаардсан байна.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч Ч.Н нь нэхэмжлэгч Б.Аөөс 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн авсан болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож, хариуцагч 2.500.000 төгрөгийг зээлдэж авснаа зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээжээ.

Зээлдэгч Ч.Н нь зээлийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр буцаан өгөх үүрэг хүлээсэн боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1- заасан үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй буруутай байна.

Иймд хариуцагч Ч.Наас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.500.000 төгрөг гаргууулж нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Наас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Нд энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ч.Наас 2.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Наас 54.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА