| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2019/00853/и |
| Дугаар | 1088 |
| Огноо | 2019-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 1088
| 2019 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2019/01088 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ТБ ХХК
Хариуцагч: Б.Э
Хариуцагч: О.Ц
Гэрээний үүргийн биелэлтэд 103.046.791.90 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Бүднам, хариуцагч О.Ц, өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Б.Э төлөөлөгч О.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТБны төлөөлөгч А.Бүднам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч О.Ц, Б.Э нар нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ТБнаас 109200117374 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэж авсан. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 80.050.451.12 төгрөг хүүний өр 22.619.793.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 376.547.13 төгрөг, нийт 103.046.791.90 төгрөг болж хуримтлагдсан. Банкны зүгээс зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлага мэдэгдлийг удаа дараа хүргүүлж хугацаатай мэдэгдэл өгч байсан. Хариуцагч нар зээл авснаас хойш хоёр хоногийн дараа зээлийн төлбөрт 30.000.000 төгрөг төлсөн нь үндсэн зээлээс хасагдаж 70.000.000 төгрөг болсон. Нэхэмжлэл гаргахдаа банк зээл, зээлийн хүүгийн тооцоололд алдаа гарсан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Иймд үндсэн зээл 69.995.035.15 төгрөг, үндсэн хүү 28.568.358.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.047.65 төгрөг нийт 98.627.441.55 төгрөгийг О.Ц, Б.Э нараас гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Ц, Б.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд О.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг нар тайлбарлахдаа: ТБнаас зээл авсан нь үнэн, буцааж төлөх нь ч үнэн. Биднийг зээл авснаас хойш 14, 15 хоногийн дараагаас эхлэн бид хоёрын дансныг банкны зүгээс битүүмжилж байсанд гомдолтой байна. Бид урагшаа хойшоо наймаанд явж гар утасны сэлбэг, хэрэгсэл оруулж ирж зарж бизнес хийдэг байсан. Данс битүүмжилснээс бизнесийн алдагдалд орсон. Бид чадах ядхаараа зээлээ төлөх гэж хадам хөгшнийг тэтгэврийн зээл авхуулж, хашаа байшин, машин тэргээ зарж зээлээ төлж байсан. Хамгийн сүүлд банк 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дуудаж гэрээ цуцлагдсан гэж нийт 88.424.058.74 төгрөг төлөхөөр тооцсон тул зээлээс 88.424.058.74 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Энэ дүнд хувийн сууцаа тооцон өгч зээлээ хаалгах хүсэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТБ ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч О.Ц, Б.Э нараас гэрээний үүргийн биелэлтэд 103.046.791.90 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан боловч, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 98.627.441.55 төгрөг шаардсан байна.
Зохигчийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 100.000.000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд О.Ц, Б.Э нарын өмчлөлийн СХД байрлах хувийн сууц мөн хаягт байрлах 306 мкв талбайтай гараж, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус тус барьцаалсан болох нь зээл, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Нэхэмжлэгч ТБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.
Хариуцагч нар зээлийн 100.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хоёр хоногийн дараа зээлээс 30.000.000 төгрөгийг төлж, хувиарийн дагуу зээлийн төлөлт хийж явсан боловч 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 20, 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 05, 10 дугаар сарын 25, 11 дүгээр сарын 15, 12 дугаар сарын 18, 12 дугаар сарын 26, 2017 оны 04 дүгээр сарын 21, 04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 05, 05 дугаар сарын 19, 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл тус тус хүргүүлжээ.
2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлээр нийт 88.424.058.74 төгрөгний төлөлт хийхийг мэдэгдэж, үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж тооцохыг дурдсанг хариуцагч нь гэрээнээс татгалзсан тул 88.424.058.74 төгрөгийг төлнө гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд дээрх хугацаанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч төлөх үндэслэлтэй.
Хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1, 3.2.4-т зааснаар зээлийн төлбөрийг зээл хүү эргэн төлөх хугацааны дагуу дансанд төвлөрүүлэх, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.
Иймд хариуцагч О.Ц, Б.Э нараас үндсэн зээл 69.995.035.15 төгрөг, үндсэн хүү 28.568.358.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64.047.65 төгрөг нийт 98.627.441.55 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүрэг хувийн сууц, мөн хаягт байрлах 306 мкв талбайтай гараж, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч О.Ц, Б.Э нараас 98.627.441.55 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч О.Ц, Б.Э нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг тайлбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 306 мкв талбайтай гараж, 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 743.383.96 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Ц, Б.Э нараас 721.287 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА