Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

Улсын яллагч: Н.Энхтуяа

Иргэдийн төлөөлөгч О.Одбилэг

Хохирогч Ү.Мөнхжаргал

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тилэүбек

Насанд хүрээгүй шүүгдэгч Х.Айданбек түүний өмгөөлөгч А.Нацагдорж               нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031828 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол улсын иргэн, 1998 оны 12 сарын 20-ны өдөр Баян-Өлгийн аймгийн Сагсай суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч /хэрэг үйлдэх үедээ “Гялс” угаалгын газарт түр машин угаах ажил хийж байсан/ гэх, ам бүл 5, аав, ээж, ах дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Уахшога овгийн Халамханы Айданбек, РД:БИ98122015

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

             Шүүгдэгч Х.Айданбек нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гялс” нэртэй авто угаалгын газрын хажуу талд баригдаж байгаа барилгын хашаанд байрлах манаачийн байранд Ү.Мөнхжаргал, П.Содномдаржаа нартай хамт архи ууж байхдаа Мөнхжаргалыг “Казак нарт дургүй” гэж хэлснээс болж маргалдан, улмаар зодож, Ү.Мөнхжаргалын бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Х.Айданбек мэдүүлэхдээ: Тухайн өдөр би ажлаа тараад 4 ширхэг “Сэнгүр” пиво авсан. Тэгээд би ажил пиво уугаад дахиад дэлгүүр ороод 500 граммын “Ерөөл” нэртэй архинаас аваад уусан. Дараа нь манаач Содномдорж ах дээр орсон. Намайг ороход Содномдорж ах, Мөнхжаргал ах нар 1 архи ууцгаагаад 2-уулаа согтуу сууцгааж байсан. Намайг ороход Мөнхжаргал ах намайг чи казак юм уу гэж асуухаар нь би казак гэж хэлсэн. Тэгээд Мөнхжаргал ах намайг муу казак, би чамайг ална, казакуудад дургүй гэж хэл амаар доромжилоод босож ирээд миний цээж рүү 2, 3 удаа цохисон. Тэгээд миний уур хүрээд Мөнхжаргал ахыг цохисон гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.Мөнхжаргал: 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би ажлаасаа буугаад найзтайгаа таараад ажил төрлөө яриад байж байсан. Тэгээд бид уулзаад архи хувааж уугаад сууж байсан. Би өөрөө ч архи даахдаа муу, дээрээс нь хоол хийгээд өрөө халсан байсан. Халуудаа ч тэр юм уу манарсан байдалтай байж байхад насанд хүрээгүй шүүгдэгч ороод ирсэн. Би тухайн үед насанд хүрээгүй шүүгдэгчийг ороод ирсэн гэдгийг ч мэдээгүй. Тэгээд Содномдоржтой энэ ямар хүн байгаад байгаа юм гэж асуухад Содномдорж бид 2 алдаж явахдаа найз нөхөд явсан гэж хэлсэн юм билээ. Тэгээд энэ хүүхэд архи гаргаж ирээд бид нар тойруулж ууцгаасан юм билээ. Тэгээд энэ хүүхэд олон жил шоронгоор явсан, атаман гэсэн юм шиг байгаа юм. Би тэр хэлсэн юмыг ч сайн санахгүй байгаа. Би өөрөө согтуу байсан. Би согтуу байсан юм болохоор үг хэлсэн юм билээ. Ер нь насанд хүрээгүй шүүгдэгчийг хэлж байгаа зүйл үнэн байх. Маргааш нь миний бие муу байсан болохоор түргэн дуудсан. Хохирол машин оролцуулсан. Эхлээд 1.800.000 төгрөгийг 3 хувааж бэлнээр өгсөн. Дараа нь 300.000 төгрөг авсан. Машиныг 2.500.000 төгрөгөөр үнэлээд авсан. Одоогоор шилжүүлээгүй байгаа. Одоо гомдол саналгүй. Шүүгдэгч намайг эмнэлэгт эргэж байсан. Тэгээд нэг хэсэг алга болсон. Тухайн үед насанд хүрээгүй шүүгдэгчий хоригдсон юм шиг байсан. Тэгээд гарч ирээд 08 дугаар сарын сүүлээс хойш өнөөдрийг хүртэл надтай тасралтгүй харьцаатай явж байгаа. Одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Хохирол төлбөрөө өгсөн. Миний бие гайгүй болсон. Би шинжээчийн дүгнэлтэд итгэж байгаа гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тилэүбек: Насанд хүрээгүй шүүгдэгч архи уудаггүй хүүхэд. Хүүхдүүд уруу татсан байх гэж бодож байна. Манай дүү хичээлдээ сайн хүүхэд цаашдаа дүүдээ анхаарал халамж тавьна гэв.

 

         Мөрдөн байцаалтанд хохирогч Ү.Мөнхжаргал мэдүүлэхдээ: Би 2016 оны 07 дугаар сарын 29-ний 21 цагийн үед найз Содномдаржаагийн ажил буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Гялс угаалгын төвийн баруун талд баригдаж буй барилга дээр очсон. Содномдаржаа тэр барилгын манаачийн ажлыг хийдэг. Тэгээд тэнд Содномдаржаатай цуг 750 граммын Найрсаг нэртэй архи хувааж уугаад нэлээд согтчихсон байсан юм. Тэр үед 2016 оны 07 сарын 30-ны 03 цаг орчим болж байсан байх гэж бодож байна. Гаднаас үл таних эрэгтэй орж ирээд намайг шууд цохиод авсан… толгой нүүр хэсэгт цохьж байснаа дараа нь шууд хавирга руу цохиод унасан би аймаар өвдөөд одоо болио гэж хэлж байснаа санаж байна. /хх-19/… Айданбек архи бараг дуусаж байхад орж ирсэн юм. Айданбек архинаас уусан талаар санахгүй байна… Айданбек орж ирээд энэ юу хүн бэ гээд асуусан чинь надтай хамт олон жил шоронд явсан зовлон үзсэн хүмүүс байгаа юм аа гэж ярьсан чинь та нарын шорон оронд орж явсан чинь надад хамаагүй шүү гээд уурлаж босч ирээд намайг цохьж өшиглөн эхэлсэн юм…/хх-ийн 78/-д…би нэлээд согтсон байсан болохоор бас сайн санахгүй байна. Сүүлд эргээд санаад байхад Айданбек орж ирээд намайг дургүй үг хэлэхээр нь…хасаг казак гэдгээр нь хэрэлдсэн юм шиг байна лээ. Түүнээс болж л Айданбек намайг зодсон… Би зодуулсны өглөө нь Айданбекийг гарч явсны дараа эмнэлэг орохдоо 3 хуруу гарантай 500 граммын архи үлдсэн байсныг цээж өвдөөд байхаар нь уучихаад явсанаа сүүлд санасан юм. Тэгэхээр Айданбектэй архи хувааж уусан юм шиг байна лээ. Содномдаржаа бид хоёрын уусан архи бол 750 граммын Найрсаг гэдэг архи байсан. Тэгэхээр 500 граммын тэр архийг Айданбек авчирснаас зайлахгүй гэсэн мэдүүлэг. /хх-18/

 

            Мөрдөн байцаалтанд гэрч П.Содномдаржаа: Би 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед найз Мөнхжаргалтай уулзаад хоёулаа цуг блокны үйлдвэр ажиллуулъя гэж яриад хамт гадуур явж байгаад Мөнхжаргалтай 1 дүгээр хороололд ажил дээрээ бууж үлдээд би цаашаагаа Сонгинохайрхан дүүрэг ороод ажил хөөцөлдөж байгаад 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Гялс угаалгын төвийн баруун талд байрлах Блиү трак ХХК-ийн хашаанд байх манаачийн байран дээрээ ирсэн чинь Мөнхжаргал араас ирсэн юм.Тэгээд бид 2 байж байгаад 1 шил 750 граммын Найрсаг архи хувааж уугаад унтах гээд байж байтал 2016 оны 07 дугаар сарын 30-ны 03 цагийн үед манай хажуу талын гялс авто угаалгын Тика гэж залуугийн дүү нь орж ирээд ярьж сууж байснаа энэ юун ах юм гээд асууж байсан тэгсэн чинь Мөнхжаргал Тикагийн дүү залууд ах нар нь зовлон үзэж шоронд байсан юмаа гээд хэлж байсан.Тэгээд байж байснаа гэнэт та нар яасан их шорон оронд байсан атманууд юм бэ гэж босч ирээд Мөнхжаргалыг учир зүггүй зодоод эхэлсэн. Айданбек Мөнхжаргалыг тоолж мэдэхгүй маш олон удаа цээж хэсэг рүү нь 2 гараа атгаж байгаад ээлжлээд цохиод байсан гэсэн мэдүүлэг./хх-20-21/

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹10849 тоот акт

              1.Ү.Мөнхжаргалын биед цээжний шингэн /цус-250 мл/ хуралдалт, баруун 5,6,9,10 дугаар хавирга, зүүн талд 4,5,6,7,8,9,10,11,12 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны эдийн няцрал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн  ташаа, бүсэлхий, цээжний баруун доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн завжинд шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

                2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

                 Эмч шинжээч Г.Ханхүү /хх-29/, гэрч байцаасан тэмдэглэл хх-20-27,шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хх-29, төрсөний бүртгэлийн лавлагаа хх-58, ял шалгах хуудас хх-61 зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

     Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

     Шүүгдэгч Х.Айданбек нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хохирогч Ү.Мөнхжаргалын өгсөн… Айданбек архи бараг дуусаж байхад орж ирсэн юм…Айданбек архинаас уусан талаар санахгүй байна… Айданбек орж ирээд энэ юу хүн бэ гээд асуусан чинь надтай хамт олон жил шоронд явсан зовлон үзсэн хүмүүс байгаа юм аа гэж ярьсан чинь та нарын шорон оронд орж явсан чинь надад хамаагүй шүү гээд уурлаж босч ирээд намайг цохьж өшиглөн эхэлсэн юм…/хх-ийн 78/, гэрч П.Содномдаржаагийн өгсөн…2016 оны 07 дугаар сарын 30-ны 03 цагийн үед манай хажуу талын гялс авто угаалгын Тика гэж залуугийн дүү нь орж ирээд ярьж сууж байснаа энэ юун ах юм гээд асууж байсан…тэгсэн чинь Мөнхжаргал Тикагийн дүү залууд ах нар нь зовлон үзэж шоронд байсан юмаа гээд хэлж байсан…тэгээд байж байснаа гэнэт та нар яасан их шорон оронд байсан атманууд юм бэ гэж босч ирээд Мөнхжаргалыг учир зүггүй зодоод эхэлсэн...Айданбек Мөнхжаргалыг тоолж мэдэхгүй маш олон удаа цээж хэсэг рүү нь 2 гараа атгаж байгаад ээлжлээд цохиод байсан гэсэн мэдүүлэг хх-20-21, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн…Ү.Мөнхжаргалын биед цээжний шингэн /цус-250 мл/ хуралдалт, баруун 5,6,9,10 дугаар хавирга, зүүн талд 4,5,6,7,8,9,10,11,12 дугаар хавирганы далд хугарал, зүүн уушигны эдийн няцрал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, зүүн  ташаа, бүсэлхий, цээжний баруун доод хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн завжинд шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо…дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ…шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 10849 тоот актан хх-29, зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Х.Айданбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

        Шүүгдэгч Х.Айданбек нь бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.

 

     Иймд Х.Айданбекийг бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Шүүгдэгч Х.Айданбек нь бусдад төлөх төлбөргүй хохирогчид эмчилгээний зардал 1.780.000 төгрөгийг нөхөн төлсөн.

 

   Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтгүй байна.

 

            Шүүгдэгч Х.Айданбек нь насанд хүрээгүй 17 нас 11 сартай болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар /хх-58/, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудсаар тогтоогдож байх тул Х.Айданбекийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэж  шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах  нь зүйтэй гэж үзэв.