Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1044

 

Н.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Батбаяр,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Л.Нинжбат,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2019/ШЦТ/1337 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, Л.Нинжбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Тт холбогдох 1902005930208 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т р, 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, Шар хад .. дугаар гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /

 

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 5 дугаар гудамж 90 тоот хашаанд байх амбаар дотор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 552 граммын жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ нийт 38,09 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

Нийслэлийн прокурорын газраас: Н.Тт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Т-ыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тыг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Н.Тт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлж, Н.Т урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 51 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 18.8 грамм нунтаг ургамал, 52 гэж дугаарласан цаасанд ороосон зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 1.7 грамм нунтаг ургамал, 50 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 18.4 грамм нунтаг ургамал, 55 гэж дугаарласан шар өнгийн гялгар уутны хамт 133.5 грамм нунтаг ургамал, 58 гэж дугаарласан хар өнгийн цаасан хайрцаг, хайрцагны тагны хамт 535.3 грамм нунтаг ургамал, 54 гэж дугаарласан хар өнгийн гялгар уутны хамт 91.8 грамм нунтаг ургамал зэрэг эд зүйлсийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, АF3768937 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэртийг Монгол Улсын банкинд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Т давж заалдах гомдолдоо: “...Нансалмаа овогтой Тамир ...миний энэ үйлдэл нь тохиолдлын шинжтэй, анх удаа хэрэглэж үйлдсэн үүнийгээ буруу гэдгийг ухамсарлаж, хэргээ үнэн зөвөөр хүлээж, хэргийн газрын үзлэгт өвс нуусан газраа зааж өгч, гэм буруугаа бүрэн ухаарсан зэргийг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул дээрх зүйлийг харгалзан үзэж одоо оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж шийдэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Н.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийтгэснийг эс зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан. Н.Т анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй.

Н.Тын хувийн байдлын талаар: Улаанбаатар чуулгад дууны техникчээр 2018 оны 9 дүгээр сарын 03-наас хойш ял шийтгүүлэх хүртэл ажиллаж байсан, ам бүл 2, эх Нансалмаагийн хамт амьдардаг зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байгааг анхааран үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү... ” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Шүүхийн 1337 дугаартай шийтгэх тогтоолд “Н.Тын... гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хүссэн шүүгдэгчийн тайлбар болон түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм” гэжээ.

Шүүхээс Н.Тт 3 жилийн хорих ял оногдуулж түүнийгээ тэнсэж хянан харгалзахгүй гэсэн дүгнэлтийн үндэслэл нь хэт бүрхэг, ерөнхийлсөн байгааг зориуд тэмдэглэж байна. Гэмт хэргийн яг ямар нөхцөл байдал нь эсвэл нийгмийн яг ямар аюул, хор уршиг нь, ямар хэр хэмжээ нь оногдуулсан хорих ялыг тэнсэж болохгүй байгаа вэ?

Хэргийн нөхцөл байдлаас харахад, Н.Т хамгийн анхны мэдүүлгээсээ л эхлээд сайн дураараа өөрийн биеэр түүсэн өвснийхөө байршил, хэмжээ, хадгалж байсан байр савыг зааж өгч, мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч ажилласан гэж хэлэхэд болохоор байдлаар биеэ авч явсан байдаг. Тэрээр гэмт хэргээс зугтах, бултах, эрүүгийн хариуцлагаас зайлах ямар ч үйлдэл гаргаагүй. Түүнчлэн түүсэн өвсөө хэн нэгэнд өгөөгүй, дамжуулаагүй, борлуулаагүй бөгөөд зөвхөн өөрөө сонирхож хэрэглэж үзсэнээ хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн аюул, хор уршгийн хэмжээг яг ямар хэмжээтэй гэж шүүх ямар нотлох баримтаар хэрхэн тогтоосон, хэрхэн тодорхойлсон эсэх нь ойлгомжгүй байна. Хэдийгээр шүүгдэгчийн хувийн байдал нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал шууд болохгүй ч гэсэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээсэн, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харин шүүх харгалзан үзэхэд буруугүй байсан болов уу.

            ... Н.Т нь хэрэгт дуртай, саваагүй зангаасаа болж хууль бус зүйл сонирхож анх удаа гэмт хэрэгт холбогдсон байна. Н.Т хийсэн гэмт үйлдэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Монгол Улсын шүүх түүнд нэг удаа боломж олгож, энэрэнгүй байдлаар хандаж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзвал дөнгөж амьдралын гараагаа эхлэж байгаа, залуу зандан насан дээрээ яваа энэ залууг цааш түлхэх биш харин нааш нь татаж нэг ч гэсэн иргэнээ зөв зам дээр гарахад нь том боломж олгох буйзаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4-д “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасны дагуу Н.Тт анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу тэнсэж өгнө үү...” гэв.

 

            Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1337 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шудрага ёсны зарчим болох “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт” тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Н.Т нь 2019 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 5 дугаар гудамж 90 тоот хашаанд байх амбаар дотор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 552 граммын жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ нийт 38,09 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Түүний 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...би сонирхоод хэрэглэж үзмээр санагдаад ...өвснөөс нэг зуугийн гялгар уутаар түүсэн... би уг өвсөө хатааж байгаад цаасанд ороогоод тамхи шиг татаж хэрэглэсэн. Уг өвсийг хэрэглэхэд надад тайвшрах мэдрэмж төрсөн. Бас бүх зүйл удаашраад байгаа юм шиг санагдсан. Би уг өвснөөсөө нийт 10 гаруй удаа хэрэглэсэн. ...би одоогоос 1 жилийн өмнө анх удаа хэрэглэж байсан. Тэрнээс хойш хэрэглээгүй байж байгаад Борнуур явахдаа дахин сонирхож үзмээр санагдаад өвс түүсэн юм...” гэх мэдүүлэг /хх 83-86/,

“...Н.Таас “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байгаа газраа сайн дураараа зааж өгөхөд татгалзах зүйл байна уу” гэж асуухад “би өөрөө заагаад өгье, зааж өгөхөд татгалзах зүйл байхгүй” гэж хариулаад, хашааны баруун хойд хэсэгт байсан модон амбаарыг зааж өгөв... хаалгыг нээж ороход хулдаасаар бүтээсэн ширээний доод хэсэгт шалан дээр саарал өнгийн дөрвөлжин цаасан хайрцагтай 2 ширхэг, гялгар ууттай нэг хэсэг “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг, дотроо үлдэгдэлтэй 7 ширхэг газ... хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авав...” гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийг бэжхүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/,

“... Н.Таас “танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл, хууль бус ямар нэг эд зүйл байна уу” гэж асуухад “миний үүрч яваа хар өнгийн цүнхэн дотор өвс байгаа” гэж хариулав. “Цүнхэн доторх эд зүйлээ ширээн дээр гаргаж тавина уу” гэхэд ...зип лок түгжээ бүхий 2 ширхэг гялгар ууттай өвс, “Хаан банк” гэсэн цаасанд ороож тамхи болгосон өвс 1 ширхэг ... хураан авав...” гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/,

 “...Нансалмаа овогтой Тамирыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тестэр ашиглаж, шээлгэж үзэхэд ...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ ...гэж зааж байгаа нь ...мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав...” гэх Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 11-12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3955 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. 55 гэж дугаарласан шар өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 54 гэж дугаарласан хар өнгийн гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 58 гэж дугаарласан саарал өнгийн цаасан хайрцагтай өвс, ургамал тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинолын илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 34-38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 3956 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. 50 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 51 гэж дугаарласан гялгар ууттай өвс, ургамал мэт зүйл, 52 гэж дугаарласан гялгар ууттэй “Хаан” банк гэсэн ногоон бичиглэлтэй цагаан өнгийн цаасанд хуйлж ороосон ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэц нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна ...” гэх дүгнэлт /хх 42-44/,

эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх 22-27/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Н.Тын Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 552 граммын жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг, өөрийн биедээ нийт 38,09 граммын жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

Анхан шатны шүүхийн Н.Тын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Н.Т “...оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү...”, шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч Б.Оюунбилэг, Л.Нинжбат нар тус тус “...хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш тул шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй.

Н.Тын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт ургамлыг өөрөө түүж, бэлтгэсэн хувийн байдал, Н.Таас хураагдсан тухайн ургамлын хэмжээ /590,9 гр/, түүний үйлдсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэрэгт анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Харин анхан шатны шүүх хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтуудыг устгахыг шууд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй гэж зөвтгөх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1337 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт...” гэснийг “...Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ