Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0448

 

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр  захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц******* нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “ Д.О миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 01 сарын 04-ний өдрийн Б/01 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны 2017 оны 7 сарын 17 өдрийн 04 тоот тогтоол, 2018 оны 4 сарын 14 өдрийн 03 тоот тогтоол, шийдвэрээр тус хороо, тосгоны Засаг даргаар томилуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад хүргүүлж, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 тоот захирамжаар 20 хорооны Засаг даргаар албан ёсоор томилогдсон.

Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний  өдрийн ******* тоот  захирамжаар  ажлаас  чөлөөлөгдсөн тул уг нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх хугацаанд Д.О миний бие албан ёсоор ээлжийн амралттай байсан бөгөөд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлээгүй, мөн Ковид-19 цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдал зарласан онц нөхцөл байдал үүссэн цаг хугацаанд ажлаас чөлөөлсөн.гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээрх нэхэмжлэлийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Д.О нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 тоот Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Иргэн Д.Оаас өмнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан иргэн Х.Ц нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагатай нэхэмжлэл гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/******* дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Цыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эргүүлэн тогтоосон болно.” гэв. Уг шийдвэрт хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/******* тоот магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ныөдрийн 128/ШШ2017/******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/******* тоот магадлалыг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл 12.2-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу биелүүлж, иргэн Х.Цыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/81 дугаар захирамжаар эргүүлэн томилсон болно.

Иргэн Х.Цыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаар эргүүлэн томилж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/******* тоот шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/******* тоот магадлалыг биелүүлэх шаардлагатай байсан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Д.Оыг чөлөөлсөн. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.3.14-д заасаар нэхэмжлэгч Д.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.О нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр  захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч Д.Оыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар Иргэдийн нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхийн саналыг авсан үндэслэлээр 20 дугаар хорооны Засаг даргаар томилсон.

            Маргаан бүхий акт болох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 632 дугаар магадлалыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

            Нэхэмжлэгч “...миний бие албан ёсоор ээлжийн амралттай байсан бөгөөд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлээгүй, мөн Ковид-19 цар тахлын үеийн бүх нийтийн бэлэн байдал зарласан онц нөхцөл байдал үүссэн цаг хугацаанд ажлаас чөлөөлсөн” гэж,

            Хариуцагчаас “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/******* тоот магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасны дагуу биелүүлсэн” гэж тус тус маргажээ.

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/******* дугаар шийдвэрээр ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.*******ыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/******* тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

            Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/526 дугаар захирамжаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын “Х.Цыг ажлаас чөлөөлөх тухай” Б16 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

            Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргад 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 04/1502 тоот “Хууль тогтоомж мөрдөж ажиллах тухай” албан бичгээр дээрх шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын А/526 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар чиглэл өгсөн байна.

            Үүнээс үзэхэд хариуцагч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу шат шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газар нь доод шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийн биелэлтэд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавина.” 133 дугаар зүйлийн 133.1-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно”, 135 дугаар зүйлийн 135.2-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно” гэж тус тус заажээ.

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна.”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө”, 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ.” тус тус заасан.

            Дээр дурдсан хуулиудад зааснаар захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ захиргааны байгууллага болох Баянзүрх дүүргийн Засаг дарга хэрэгжүүлсэн, ийнхүү хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.

            Хэдийгээр хариуцагч байгууллага маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсгох ажиллагаа хийгээгүй боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нэгэнт гарсан, уг шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзлээ.

            Иймд нэхэмжлэгч Д.Оын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр  захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 128 дугаар зүйлийн 128.1, 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оын гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дүгээр  захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН