| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0544/з |
| Дугаар | 221/МА2024/0743 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0743
Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Эын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж
Нэхэмжлэгч: дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У т” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхийг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0719 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч А.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0544/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У т” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхийг даалгах”[1]-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0719 дүгээр шийдвэрээр: Хуулийн этгээдийнэ улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана.(агуулгаар нь тоймлов) Үүнд:
3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00120 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “У т” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай гэж, 2 дахь заалтаар Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу “У т” ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-од даалгасугай” гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх иргэний хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /магадлал/-ийг хэрэгжүүлэх үүднээс хэрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан “У т” ХХК-ийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг шаардан татан буугдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан.
3.2. Ийнхүү татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон, татан буугдсан “У т” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэлээ тайлбарлахдаа, дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан бүрдүүлбэл зохих баримтуудыг хавсаргаагүй байна гэх зэргээр тус хуулийн 18.1, 24.3 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй.
3.3. Анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хууль /2002 он/, Дампуурлын тухай хууль /1997 он/, Компанийн тухай хууль /2009 он/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 он/ болон бусад хэм хэмжээг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь, дээрх хуульд заасан бүрдүүлбэл зохих баримтууд нь сайн дурын үндсэн дээр буюу Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдсан компанид хэрэглэгдэх зохицуулалтыг шүүхийн шийдвэрээр дампуурсанд тооцож, татан буугдсан “У т” ХХК-нд хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүд нь дампуурлын хэрэг гүйцэтгэгчид бус харин Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “татан буулгах комисс”-т, мөн Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан “банкны эрх хүлээн авагч”-д тус тус хамаарах юм. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэл хийх ёстой. Гэвч энэ асуудалд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй.
3.4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00120 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу “У т” ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгасугай” гэж шийдвэрлэсэн болон Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлд хариуцагчийн эд хөрөнгийг худалдах, 34 дүгээр зүйлд хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх, тоолох, 35 дугаар зүйлд мөнгөн хөрөнгийг хуваарилах харилцааг тус тус зохицуулснаас үзвэл, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т “Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна” гэсэн нөхцөл бүрдээгүй байхад захиргааны байгууллагад хандсан байна гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй болжээ.
Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлантай танилцаад 1/-т нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүрэн, эсхүл хариуцагчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн хэмжээнд нь хангасан бөгөөд цаашид хуваарилагдах эд хөрөнгө үлдээгүй, 2/-т эд хөрөнгийг бүрэн худалдаагүй боловч худалдсан хэсгээс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл татан буулгах ажиллагааг дуусгавар болгодог.
3.5. Хавтаст хэрэг авагдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр /магадлал/, дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12 тоот дүгнэлтэд “У т” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгөд тооцох эд хөрөнгийн эрхийн бүртгэл, арилжааны банкнууд дахь харилцах, хадгаламжийн дансны болон хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/268, А/1345 дугаар тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын 4.1, 4.1.2, 4.2, 4.1.2-т зааснаар дампуурсанд тооцогдсон хуулийн этгээдийн өр төлбөрийг гаргуулах шаардлагатай гэж дүгнэсэн нь Дампуурлын тухай хуулийн зорилго, үзэл баримтлалыг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
Эдгээрээс дүгнэвэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0719 дүгээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У т” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхийг даалгах” нэхэмжлэл гаргахдаа, ... улсын бүртгэлийн байгууллагаас Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 24.1-д заасан бүрдүүлбэрийг шаардаж байгаа нь хууль бус, шүүхийн шийдвэрээр татан буугдсан хуулийн этгээдэд сайн дураар татан буугдсан нөхцөлд тавигдах шаардлага хамаарахгүй, татварын өртэй гэх шалтгаанаар татвар төлөгчийн бүртгэлээс хасахгүй, хуулийн этгээдийн бүртгэлд тавьсан хориг цуцлагдахгүй байна гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
3. Харин хариуцагчаас “... хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.1, Иргэний хуулийн 32.2-т заасан баримтыг бүрдүүлнэ, шүүхийн шийдвэрээр татан буугдсан нөхцөлд эдгээрийг бүрдүүлэхгүй буюу хялбарчилсан журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргана.
4. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлохын зэрэгцээ “...захиргааны байгууллага хуульд бүрдүүлэхээр заасан баримтыг ирүүлэхийг шаардах, бүрдүүлж ирүүлээгүй бол бүртгэхээс татгалзах үүрэгтэй бөгөөд “У т” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх боломжгүй, дампуурсанд тооцогдсон хуулийн этгээдийн татварын өр төлбөрийг гаргуулах, татвар төлөгчийг бүртгэлээс хасуулах нь дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн хуулийн этгээдийн татан буулгах ажиллагааны нэг хэсэг ба ийнхүү дуусгавар болсныг нотлох баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгнө, хуулийн этгээдийн дампуурсанд тооцож татан буулгах харилцааг дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгасан агуулгатай иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах харилцаанд хамаарахгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;
5.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2021/00120 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 484 дүгээр магадлалаар “У т” ХХК /РД:5043522/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу татан буулгахтай холбоотой бүх ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Эод даалгаж шийдвэрлэсэн.
5.2. Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэрээр даалгасан ажиллагааг гүйцэтгэх хүрээнд хэрэг гүйцэтгэгч А.Э-оос 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар албан бичгээр, “У т” ХХК нарын нэр бүхий 42 хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “… харьяа татварын албанаас тухайн хуулийн этгээдийн татвар төлөх үүргийг нь дуусгавар болгож хасуулан, хуульд заасан баримтыг бүрдүүлэн хандах” шаардлагыг тодорхойлсон хариуг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дүгээр албан бичгээр өгчээ.
6. Дээрх үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй учир энэ хэсгийн 2-3 дахь хэсэгт заасан шаардлага ба татгалзлын үндэслэлийн хүрээнд буюу шүүхийн шийдвэрээр татан буугдаж буй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах бүртгэл хийлгэхэд дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн зүгээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай эсэх, дампуурсанд тооцсон хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах бүртгэл хийх харилцааг Иргэний хууль, Компанийн тухай хууль, Дампуурлын тухай хуулиудаар илүү нарийвчилан зохицуулсан гэж үзэх эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
7. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараахь үндэслэлээр татан буулгана: 32.1.1. өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан; 32.1.2. дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;”, 32.2-т “Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ”, 32.12-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг татан буулгахад энэ зүйлийг баримтална” гэж,
Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана”, 26.2-т “Шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана: 26.2.1. дампуурсан;”, 26.3-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдүүлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсны дараа компанид үлдэх эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах төслийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ” гэж тус тус заасан нь компанийг татан буулгах үндсэн төрөл, хэлбэрийг тодорхойлсон агуулгатай зохицуулалт бөгөөд дампуурсанд тооцсон тохиолдолд шүүхийн шийдвэрээр томилогдсон хэрэг гүйцэтгэгч, бусад нөхцөлд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас томилсон комисс нь татан буулгах үйл ажиллагааг эрхлэн шийдвэрлэхээр байна.
8. Харин Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шүүх дараахь үндэслэлээр хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргана: 33.1.1. энэ хуулийн 23.1-д заасан этгээд дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй;”, 36 дугаар зүйлийн 36.3-д “Татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц хэрэг гүйцэтгэгч энэ тухай бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулна” гэж,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна.”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 18.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 24.1.5.татвар төлөгчийн хасалтын карт;” 24.3-д “Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ” гэж тус тус заасан.
10. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь татан буугдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байх бөгөөд компанийг хэний шийдвэрээр, ямар үндэслэлээр татан буулгахаас үл хамааран, улсын бүртгэлээс хасах бүртгэл хийхэд бүрдүүлэх баримтын хувьд нэгэн адил шаардлагыг, тухайлбал аль ч тохиолдолд татвар төлөгчийн хасалтын картыг хүсэлтэд хавсарган бүрдүүлэхээр тусгасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 11 дүгээр бүлэгт дээрх агуулгаар нарийвчлан зохицуулжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар хуулийн этгээдийг татан буулгах зэргээр үйл ажиллагааг дуусгавар болгосны бүртгэл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрөлд хамаарах бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтан нь улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг хангах шаардлагатай тул компанийг татан буулгах харилцааг нарийвчлан зохицуулж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн холбогдох зүйл заалтыг улсын бүртгэлийн хууль тогтоомжийн зорилго, зарчимд нийцүүлэн дээрх байдлаар тайлбарлах нь зүйтэй гэж дүгнэв.
11. Баянзүрх дүүргийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1/4231, Татварын ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 06/2018 дугаар албан бичиг болон 240905001829 дугаартай татвар төлөгчийн хасалтын карт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “У т” ХХК /РД:5043522/ нь татварын өр төлбөргүй буюу татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан болох нь тогтоогдож байгаа нөхцөлд ч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “… сайн дурын үндсэн дээр татан буугдсан компанид хэрэглэгдэх зохицуулалтыг шүүхийн шийдвэрээр татан буугдаж, дампуурсанд тооцогдсон компанид хамаарахгүй” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдвал зохино.
12. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн өргөдөл, анхан шатны шүүхийн хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрт “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4/6584 дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, шүүхийн журмаар дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн “У т” ХХК-ийг улсын бүртгэлээс хасаж бүртгэн Монгол Улсын шүүхийн шийдвэрийг даалгах” гэж томъёолсон ч нэхэмжлэгч талаас “... Монгол Улсын шүүхийн шийдвэрийг даалгах” нь бие даасан шаардлага биш гэж шүүх хуралдаанд тайлбарласан.