| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 182/2019/01310/и |
| Дугаар | 102/ШШ2019/01054 |
| Огноо | 2019-04-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2019/01054
| 2019 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2019/01054 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ДБИХХК
Хариуцагч: П
Гэрээний үүргийн биелэлт 6.636.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ДБИХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхтүвшин шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ДБИХХК-ийн агуулахад 100 мкв талбайг П нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан түрээслэн ажилласан. Талбайн хэмжээ 100 мкв, 1мкв талбайн үнэ 5500 төгрөг сарын төлбөр 550.000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохирсон. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. П нь 2013, 2014 оны түрээсийн төлбөрийг төлсөн. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн төлбөрт 1.650.000 төгрөг хамгийн сүүлд төлснөөр тухайн жилийн төлөх ёстой төлбөрөөс 526.000 төгрөгийн илүү төлөлт хийсэн тул энэ мөнгийг 2015 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт тооцож оруулснаар 24.000 төгрөгийн дутуу төлөлт байгаа. Түрээсийн гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан боловч үргэлжлүүлэн 2016 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэл түрээсэлсэн ба энэ өдрөөр түрээсийн гэрээ дуусгавар болж, байр хүлээлцсэн акт үйлдсэн байдаг. П нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1.100.000 төгрөг төлсөнг 2, 3 сарын төлбөрт тооцсон. 2015 оны 04, 05 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөөгүй явж байгаад 2015 оны 07, 08 дугаар сарын түрээсийн төлбөр төлөгдөж, 09-12 дугаар саруудын түрээсийн төлбөрөө төлөөгүй. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1.100.000 төгрөг, мөн өдрөө дахин 550.000 төгрөг төлсөнг 1, 2, 3 дугаар сарын төлбөрт тооцсон. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 550.000 төгрөг төлсөнг 04 дүгээр сарын төлбөрт нь тооцсон. Хариуцагч тал төлөгдсөн үнийн дүн, одоо нэхэмжилж байгаа түрээсийн төлбөр болон 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тухайн түрээсийн газар үйл ажиллагаа явуулсан талаар маргадаггүй. Энэ хугацаанаас хойш иргэн Л.Ч түрээсэлсэн асуудал нь өөр харилцаа учир энд яригдахгүй. Бид хариуцагчийн төлсөн саруудыг төлөөгүй саруудад урагш нь гүйлгэх, төлөөгүй сараар тооцход үлдэгдэл төлөх төлбөрийн үнийн дүнд өөрчлөлт орохгүй байгаа. Гэрээнд зааснаар төлөөгүй саруудын алдангийг 0,5 хувиар тооцсон. Иймд хариуцагч П-наас 4.424.000 төгрөгийг алданги 2.212.000 төгрөгийн хамт нийт 6.636.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П-ийн захирал Л.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Т.Цэен-Ойдов шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурьдсан нэхэмжлэгчийн хаяг, гэрчилгээний хаягтай зөрүүтэй байна. Үүнийг шүүх яаж шийдэх гэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад аж ахуйн зориулалтаар түрээслэсэн бол Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээгүй байж орлого олсон тул бид энэ талаар гомдол гаргах болно. Олсон орлогоо улсад тайлагнадаг байсан уу үгүй юу гэдэг дээр бид дараагийн шатанд гомдол гаргана. Энэ нь хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл юм. Хоёрдугаарт 2015 оны 4, 5, 6 сарын төлбөрт 1.650.000 төгрөг төлсөн гэж байгааг шүүх үнэлэнэ. Төлбөрүүд төлөгдсөн тул хариуцагч төлсөн гэж тайлбар гаргаад байгаа. Энэ талаарх баримтууд ч хэрэгт авагдсан. Эднийх баримтаа нотариатаар баталгаажуулж өгсөн тул би нэмж нотлох баримт гаргаж өгөөгүй. Нотариатаар батлуулсан баримт манайд эх хувираа байна. Хариуцагч тооцоо нийлсэн боловч үнийн дүн дээр тохироогүй тул дахин тооцоо нийлэхээр болсноо гараар бичсэн баримт байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр П нь түрээсийн төлбөрт 2 удаагийн төлөлтөөр 1.650.000 төгрөг төлсөн. Энэ нь 3 сарын түрээсийн төлбөр бөгөөд 2015 оны түрээсийн төлбөрт тооцогдоно. 2016 онд гэрээний хугацаа дууссан. Гэрээг нэг л удаа сунгасан. Түрээсийн гэрээ бичгээр байгуулагддаг тул түрээсийн гэрээний хугацаа дууссан. Гэхдээ П төлөөд байгаа. 2016 оны 07, 09, 11 дүгээр сард түрээсийн мөнгө төлсөн. Нэг ёсондоо илүү төлсөн мөнгө нь түрээсийн гэрээтэй байсан хугацаанаас илүү гараад явсан. Нэхэмжлэгч 2015 оны 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг нэхдэг боловч энэ хугацаанд түрээсийн гэрээний хугацаа дууссан тул алдангийн хамт ямар үндэслэлээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2016 онд төлсөн төлбөрийг 2015 онд шахаад харвал бланслаад таарна. Төлсөн баримтаар урагш нь хөөгөөд үзвэл бүгд төлөгдсөн. Ер нь түрээсийн гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан тул үүнээс хойш иргэн Л.Чоор явах ёстой. Иргэний хэрэг П-нд холбогдуулж үүссэн байхад энэ хүн ашиглаж байсан, энэ хүн төлөх ёстой гэсэн Иргэний хуулийн ямар заалт байдаг юм. 2016 оны 07 дугаар сарын 31-нийг хүртэл П, Л.Ч ч бай тэнд үйл ажиллагаа явуулсан дээр маргахгүй. 2015 оны 01 дүгээр сарын төлбөрөөс 24.000 төгрөг дутуу төлөгдсөнд маргахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ДБИХХК нь хариуцагч П-нд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 6.636.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч П нь нэхэмжлэгч ДБИХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 100 мкв талбайг 1 мкв-ыг 5.500 төгрөг сарын төлбөр 550.000 төгрөг төлөхөөр 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан байна. Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээрзүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. П нь агуулахыг түрээсийн гэрээний хугацаанд ашиглаж, 2013, 2014 оны төлбөрийг төлсөн, энэ талаар зохигч маргаагүй.
Хариуцагч нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээний хугацаа дуусч гэрээ сунгагдаагүй. 2016 оноос эхлэн хувь хүнээр үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацааны төлбөрүүд төлөгдсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан боловч П нь түрээсийн гэрээний хугацаанд болон гэрээ дуусгавар болсноос хойш үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулан ашиглаж, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ДБИХХК-нд хүлээлгэн өгч энэ өдрөөс 53 мкв талбай эзэмшихээр харилцан тохиролцож байр хүлээлцсэн акт үйлдэж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан, хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогийн баримтаар түрээсийн төлбөрийг П-наас 2016 оны 09 дүгээр сар хүртэл төлж байсан зэргээс дүгнэхэд П түрээсийн гэрээ дууссанаас хойш үргэлжлүүлэн эд хөрөнгийг ашиглан хөлсийг төлж байсан болох үйл баримт зохигчийн тайлбар, бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон ба нэхэмжилсэн хугацааны түрээсийн төлбөр, эд хөрөнгө ашигласны хөлс бүрэн төлөгдсөн гэх баримтгүй тул тайлбар нь үндэслэлгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.
Талуудын байгуулсан Агуулахын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон боловч хариуцагч үргэлжлүүлэн эд хөрөнгийг ашигласан тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул хариуцагч П нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу байр хүлээлцэх хүртэл хугацаанд агуулахыг эзэмшиж, ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч П-наас түрээсийн гэрээний үүрэгт 2015 оны 01 дүгээр сарын дутуу төлбөр 24.000 төгрөг, 2015 оны 04, 05, 06, 09 сарын төлбөр 2.224.000 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар үнийн дүнгийн 0,5%-ийн алданги 1.112.000 төгрөг нийт 3.336.000 төгрөг, эд хөрөнгө ашигласны хөлс 2015 оны 10, 11, 12, 2016 оны 05 дугаар сарын хөлс 2.200.000 төгрөг бүгд 5.536.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДБИХХК-нд олгож, үлдэх 1.100.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.126 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын хөлсийг нэхэмжилсэн боловч хэрэгт 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр П-наас түрээсийн төлбөр 550.000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт авагдсан, хариуцагчаас 2016 оны 04 дүгээр сарын төлбөрийг төлсөн баримтгүй тул энэ сарын хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болсон хугацааны төлбөр, хөлсийг төлсөн гэж маргасан болохоос үнийн дүнд нь маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч П-наас 5.536.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ДБИХХК-нд олгож, үлдэх 1.100.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.126 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П-наас 103.526 төгрөг гаргуулж ДБД-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйболох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА