Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208016141970 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********нь 2022 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********“таксины мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч ********машиных нь цонхыг хагалахад чулуугаар толгойд хэд хэдэн удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь “дух, дагзны хуйханд шарх, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “******** согтуу такси барьсан. Буухдаа “мөнгө байхгүй, юу хуцаад байгаа юм” гээд байсан. Буугаад явахаар нь би араас нь очсон. Миний машины шилийг хагалсан. Хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Миний буруу байсан байна, ойлголоо” гэв.

 

Эрүүгийн 2208016141970 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Х.********ын: “2022 оны 05 сарын 02-03-нд шилжих шөнө гадуур архи ууж явж байгаад Төмөр замаас такси бариад 5 шар дахь гэр лүүгээ суусан. 04 цагийн үед байсан. Ирээд таксины мөнгө өгөх гэсэн чинь (би ууж явж байхдаа түрийвчээ гээчихсэн байна лээ) мөнгө байхгүй байхаар нь “өглөө ирээд авчих” гэхэд “одоо авна” гээд байсан. Тэгэхээр нь би утасны дугаараа хэлчихээд шууд буугаад гарааш руу очоод машинд мөнгө байна уу гээд үзэхээр явж байхад “намайг бултах гэж байна” гэж бодоод араас тэврээд авахаар нь би тонгороод шидсэн. Тэгсэн чулуу авч босож ирээд миний толгойн ар дагз руу 2 удаа цохихоор нь би болиулаад “яасан их хүний толгой хагалдаг юм” гэж уурлаад “Соната 6” маркын машиных нь урд, жолоочийн талын хаалганы шилийг чулуугаар хагалсан. Тэгээд би орцны шатаар алхаж байхад хойноос мөн чулуу барьж ирээд дух руу цохисон. Би 350,300 төгрөгийн баримт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.06-ны өдрийн 6645 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Х.********ын биед дух, дагзны хуйханд шарх, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дух, дагзны хуйхны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 58-59 дэх тал),

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2022.05.04-ний өдрийн 90 дүгээр тайланд: “салхины шил урд 220,000 төгрөг, хаалганы шил 45,000 төгрөг, эд анги солих 20,000 төгрөг, нийт 285,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

Шүүгдэгч ********яллагдагчаар өгсөн: “Би мэдүүлэг өгөхгүй, өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дахь тал),

Зөрчлийн талаар амаар болон бичгээр ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-11), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-39-46), хохирлын баримтууд (хх-70-71), хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан “надад ********нэхэмжлэх зүйлгүй” гэх тэмдэглэл (хх-93), Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022.12.16-ны өдрийн 1/5855 дугаар “иргэн ****************машины цонх хагалсан үйлдэлд зөрчлөөр шалгуулахаар холбогдох материал хүргүүлэв” гэх албан бичгийн хуулбар (хх-140),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-83), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-67), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-84), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-85, 96-97), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-86), дансны хуулга (хх-87-92) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2022 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********“таксины мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч ********нь машины цонхыг хагалах үед газраас чулуу авч толгойн урд болон ар дагз хэсгүүдэд цохиж, зодон эрүүл мэндэд нь “дух, дагзны хуйханд шарх, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 350,300 төгрөгийг гаргуулах саналтай...” гэж,

шүүгдэгч “Байхгүй, миний буруу байсан байж, буруугаа ойлголоо” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********нь 2022 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ********“таксины мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч ********машиных нь цонхыг хагалах үед чулуу авч толгойд хэд хэдэн удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь “дух, дагзны хуйханд шарх, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Х.********ын “...машинд мөнгө байна уу гээд үзэхээр явж байхад “намайг бултах гэж байна” гэж бодоод араас тэврээд авахаар нь би тонгороод шидсэн. Тэгсэн чулуу авч босож ирээд миний толгойн ар дагз руу 2 удаа цохихоор нь би болиулаад “яасан их хүний толгой хагалдаг юм” гэж уурлаад машиных нь урд, жолоочийн талын хаалганы шилийг чулуугаар хагалсан. Тэгээд би алхаж байхад хойноос чулуу барьж гүйж ирээд дух руу цохисон...” гэх мэдүүлэг (хх-54), шүүх эмнэлгийн 6645 дугаар “1. Х.********ын биед дух, дагзны хуйханд шарх, баруун, зүүн өвдгөнд зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дух, дагзны хуйхны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-58-59), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-39-46) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********“таксины мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан хохирогч ********“машины цонхыг нь хагалахад” уурлан чулуугаар толгойнд хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 350,300 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд төлөгдсөн зүйлгүй боловч шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлд 285,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй, хохирогч ********зөрчлийн хэрэгт шалгагдаж байгаа, хохирогчийн “********нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт (хх-93)-ийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч, шүүгдэгч нар бусдад учруулсан хохирлоо харилцан нөхөн төлөх үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай. Шүүгдэгч эрхэлсэн ажил, орлогогүй, эхийгээ хардаг тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн” гэж,

шүүгдэгч “Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвшөөрч байна” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч хувиараа такси үйлчилгээнд явж байгаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогчийг хүргэж өгөөд “таксины мөнгө төлөх” асуудлаас маргалдан хохирогч шүүгдэгчийн машины цонхыг чулуугаар хагалсан, үүнд шүүгдэгч уурлан хохирогчийн толгойд чулуугаар хэд хэдэн удаагийн үйлдлээр цохиж эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын 350,300 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “********нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, өвчтэй эхийгээ асардаг гэх ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********1 (нэг) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ************* овогт ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********1 (нэг) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР