Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч П.Эрдэнэбат,

шүүгдэгч, хохирогч ********,

шүүгдэгч, хохирогч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********, ********нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000002013 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **********

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ********, ********нар согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн буудлын нийтийн караокед хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зодолдож, харилцан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч, хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. 11 сарын 09-нд Тахилтын караокед пиво уугаад тооцооноос болж маргалдахад ******** миний нүд рүү цохисон, хоолой боосон. Би нэлээд согтуу байсан тул сайн санахгүй байгаа Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Ийм зүйл хийсэндээ харамсаж байна. Энд тэнд очиж ажилладаг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч, хохирогч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Караокед энэ залуутай тооцоон дээрээс муудалцсан. Хэн аль нь согтуу байсан. Шатаар уруудаад гарч явахад араас ирж цохисон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Ажил гэрийн хооронд явахаас гадна заримдаа гааль дээрээс машин авах ажилтай байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2208000002013 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.********ын: “2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цаг 30 минутын орчимд үеэл дүү ********хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцэст байх нийтийн караоке орсон. Дүүтэйгээ нэг ширээнд очоод суусан, урд талын ширээнд 3 залуу архи, пиво тавьчихсан сууж байсан. ...бид 2 явахаар болоод текэн дээр очоод тооцоогоо хийх гэж байтал нөгөө үл таних залуу “чи надад юм авч өгөхгүй юм уу” гэхээр нь “би яахаараа чамд юм авч өгөх ёстой юм” гээд эргээд гарах гэтэл нөгөө залуу намайг араас татаад заамдаад “чи ямар том юм бэ” гээд хараагаад байхаар нь би караоке дотор элдэв янзын зодоон хийж байхаар гадаа гаръя гээд нөгөө залуутай хамт гарах гээд шатаар уруудаж байхад араас барьж аваад миний хамар луу гараараа 1 удаа цохисон. 2, 3 гар орж ирээд намайг цохисон. Би нүүр, амаа дараад “намайг аваарай” гээд орилсон, дүү түрүүлээд шатаар буусан байсан. ...Хамар луу нэг цохисон, цээж рүү өшиглөсөн, цохисон, гуя руу дэвссэн, хамар луу цохиход би унахдаа хана мөргөсөн. Би хамартаа 2 оёдол тавиулсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-12 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.11.15-ны өдрийн 15448 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. П.********ын биед дээд зүүн 1,2-р шүдний эмтэрэл, хамрын нуруу, доод уруулын салстад няцарсан шарх, дух, хамрын нуруу, хамрын баруун угалз, баруун чихний урд, нуруунд зулгаралт, хамрын нуруу, баруун дээд, доод зовхи, доод уруулын салст, дагзны хэсгийн хуйх, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, нуруу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 3. Дээрх гэмтлүүд нь 2022.11.09-ний өдөр үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэжээ (хавтаст хэргийн 94-95 дахь тал),

Хохирогч ********ын: “2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ...Тахилтын эцэст байх нийтийн караокед ганцаараа ороод 2 шил пиво аваад ууж байсан. Тухайн үед үл таних 2 залуу миний хажуугийн ширээн дээр сууж байсан санагдаж байна. Би пивоо ууж байгаад ******** дуудсан. Нөгөө үл таних 2 залуутай текэн дээр тооцооноос болоод маргалдсан. Цаашаа юу болсныг би сайн санахгүй байна, ямар ч байсан нэг санаж байгаагаар караокены шатан дээр явж байхад ******** гэх залуутай зодолдсон. Манай дүү болон ********тай хамт явж байсан залуу салгаад гадаа гарсан. Нэг мэдсэн чинь цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн. Миний хоолойг боосон, баруун нүд рүү 2-3 удаа цохисон санагдаж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.11.16-ны өдрийн 15465 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********ын биед дух, хүзүү, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтлүүд байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 89-90 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн: “Гэмт хэргийн улмаас П.********ын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ********оос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022.05.19-ний өдрийн 01/2453 дугаар “...Иймд тус прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан нэхэмжлэх, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү” гэх албан бичгийн хуулбар (хх-134),

шүүгдэгч ********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-70), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-65), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-75), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-77),

шүүгдэгч П.********ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-86), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-66), эд хөрөнгө бүртгэлтэй байсныг шилжүүлсэн лавлагаа (хх-82), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-83), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-84), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-85), АСАП сангийн лавлагаа (хх-59-64), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хх-87) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн шүүгдэгч нарын өмнөх шийтгэх тогтоолын хуулбарууд,  

шүүгдэгч ********оос гаргаж өгсөн “Эрүүл мэндийн даатгалын санд 209,000 төгрөг төлсөн” гэх баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********, ********нар согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн буудлын нийтийн караокед хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зодолдож, харилцан хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.********ын “...Би 3 лааз пиво уусан. ...нөгөө үл таних залуутай хамт гарах гээд шатаар уруудаж байхад араас барьж аваад миний хамар луу гараараа 1 удаа цохисон..., цээж рүү өшиглөсөн, цохисон, гуя руу дэвссэн...” гэх мэдүүлэг (хх-10-12), шүүх эмнэлгийн 15448 дугаар “1. П.********ын биед дээд зүүн 1,2-р шүдний эмтэрэл, хамрын нуруу, доод уруулын салстад няцарсан шарх, дух, хамрын нуруу, хамрын баруун угалз, баруун чихний урд, нуруунд зулгаралт, хамрын нуруу, баруун дээд, доод зовхи, доод уруулын салст, дагзны хэсгийн хуйх, хүзүү, баруун, зүүн бугалга, цээж, нуруу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжилгээ (хх-94-95), хохирогч ********ын “...Би архи, пиво уусан. Нөгөө үл таних 2 залуутай текэн дээр тооцооноос болоод маргалдсан. Тэгээд цаашаа юу болсныг би сайн санахгүй байна, санаж байгаагаар шатан дээр ******** гэх залуутай зодолдсон...” гэх мэдүүлэг (хх-17-18), шүүх эмнэлгийн 15465 дугаар “1. ********ын биед дух, хүзүү, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжилгээ (хх-89-90) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ********ын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж хохирогч П.********ын бие махбодид хэд хэдэн удаагийн цохих, өшиглөх үйлдлээр халдан хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй,

шүүгдэгч П.********ын согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж хохирогч ********ын нүүр лүү хэд хэдэн удаа цохиж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********, ********нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч ********, ********нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин хохирогч ********нь гэмт хэргийн улмаас 2 удаагийн үйлдлээр нийт 209,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож улмаар дээрх төлбөрийг шүүгдэгч ******** төлсөн болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ******** согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн буудлын нийтийн караокед 2022 оны 11 дугээр сарын 09-ний өдөр хохирогч П.********ыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч ********согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцсийн буудлын нийтийн караокед 2022 оны 11 дугээр сарын 09-ний өдөр хохирогч ********ыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт зэрэг шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ********, ********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч тус бүрийг 3 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч ******** “Энд тэнд очиж ажилладаг байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэж,

шүүгдэгч ********“Ажлын байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч П.********ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

шүүгдэгч ********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, бие биедээ гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар өөрсдийн хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирогч нар “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх, 209,000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч ******** төлсөн), шүүгдэгч ********ын хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодохой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг, шүүгдэгч П.********ын хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан шүүгдэгч нарын “Торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлж буюу шүүгдэгч нарын үйлдэл, учруулсан хохирлын шинж чанар, хохирол төлсөн байдлыг үндэслэн ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, П.********ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж (эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ийг тус тус харгалзан шүүгдэгч ********ыг 450,000 төгрөгөөр, П.********ыг 650,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ********урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 600 цагаар тогтоож шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.28-ны өдрийн 3/22556 дугаар “П.********ад холбогдох нийтэд тустай ажил хийлгэх ялын мэдээлэл тус газрын цахим санд 2022.11.25-ны өдрийн байдлаар бүртгэлгүй байна” гэх албан бичгээр шүүгдэгч ********дээрх ялыг эдэлсэн болох нь хангалттай нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********, ********нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт *************, ********** овогт ******** ******** тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, П.********ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ********нарыг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********, ********нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********, ********нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.********ын урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/90 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********, ********нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР