Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар   2023/ШЦТ/97

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208035632034 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ********  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ********нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн нэг ширхэг “Алтайн хойлог шувуу”-г тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн гэм буруутай үйлдлээ мэдэж байгаа тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хойлог шувууг хориотой гэж мэдээгүй. Шарханд сайн гэхээр нь нутгийн улсуудад захисан. Дахин ийм асуудал гаргахгүй” гэв.

Эрүүгийн 2208035632034 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн төлөөлөгч ********: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.10.27-ны өдрийн 2976 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хөлдөөсөн шувууны хүйс нь эр Тахиатан-Galliformes (Gelbler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gelbler, 1836) гэдэг зүйл байна. 2. Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gelbler, 1836)-н экологи-эдийн засгийн нэг толгойг 130,000 төгрөгөөр үнэлэгддэг. 3. Шинжилгээнд ирүүлсэн шувуу нь бие гүйцсэн байна. 4. Агнагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй. 5. Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gelbler, 1836) нь Ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номонд орсон зүйл” гэжээ (хавтаст хэргийн 52-54 дэх тал),

Гэрч ********: “Би Завхан аймгийн Цагаанхайрхан суманд амьдардаг. Улаанбаатар хотод болох нутгийн зөвлөлийн ахмадын баярт оролцохоор гарсан. Манай нутгийн ******** гэх танил ахын хамаатны хүн Улаанбаатар хотод очихдоо ******** ахад энэ зүйлийг өгөөч гээд надад ачаа дайсан юм. Уг ачаа нь овор багатай, жижиг хайрцагтай байсан учир юу байгааг нь мэдэлгүй авсан. Тэгээд сая 22-ын товчоогоор орж ирэхэд цагдаагийн алба хаагчид шалгахад хойлог шувууны мах байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

Гэрч ********: “Би өөрөө хойлог шувуугийн махыг худалдаагүй. ********надаас “бие муу хэрэглэх гэсэн юм, хойлог шувууны мах мэдэж байгаарай” гэсэн. Сумын төвд нэг танихгүй хүн “шатахуун, масло авах гэсэн мөнгөгүй болчихлоо, хойлог шувууны мах зарах гэсэн юм” гэхээр нь би ********руу ярьсан чинь “авья” гэхээр нь би 300,000 төгрөгөөр авч өгсөн. Нөгөө махыг ********“нэг хайрцагт хийчих” гэхээр нь хийсэн байсныг ******** гэх хүн ********ын нэг юм байгаа гээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

Гэрч Б.********гийн: “2022 оны 10 дугаар сард манай хүргэн ********над руу яриад “********гэх хүнд нэг жижиг хайрцагтай юм байгаа, тэрийг аваад ********дайгаад явуулаач, би ********ярьсан байгаа” гэхээр нь би нэг жижиг цаасан хайрцагтай, скочтой, дээр нь ********ын нэр, утасны дугаарыг бичсэн зүйл байхаар аваад явсан. Тэр хайрцаг дотор юу байсан талаар мэдээгүй. Дараа нь хотод шалгуулаад хойлог шувууны мах байсан, цагдаад баригдлаа гэж сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

Шүүгдэгч Д.********ын яллагдагчаар өгсөн: “Би ********гэдэг нутгийн залууд “Ах нь мэс засалд орох гээд хойлог шувууны мах хэрэгтэй байна, зарах хүн байвал хэлээрэй” гэж хэлсэн байсан. Тэгж байтал 2022 оны 10 дугаар сарын эхээр ********“замын машины хүн хэдэн төгрөг хэрэг болоод байна, нэг хойлог шувууны мах байна зарна гэнээ” гэхээр нь би 300,000 төгрөгийг ******** данс руу шилжүүлээд худалдаж авсан. Түүнээс 7-8 хоногийн дараа ********дайж явууллаа гэсэн. Би хориотой болохыг мэдээгүй, ямар нэгэн асуудалтай юм гэж бодсонгүй. Тэгсэн цагдаа нар хураачихлаа гэж хэлсэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...********улсын дугаартай, “Тоёота эстима” маркын хар өнгийн тээврийн хэрэгслийн ...багажинд хойлог шувууг тээвэрлэн явсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Уг шувууг бор өнгийн хайрцагт цэнхэр өнгийн торонд хийсэн шувуу байсныг бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-5-8),

Эд зүйл түр хураан авсан: “...Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас Улаанбаатар хот руу нэн ховор Хойлог шувуу 1 ширхэг тээвэрлэж явсан тул түр хураан авав...” гэх тэмдэглэл (хх-9-10),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-80), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-73), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-81), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-82), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-83), дансны хуулга (хх-86-90), хохирол төлсөн баримт (хх-93), мөрдөгчийн “эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-21), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-97), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-98), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-99) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн нэг ширхэг “Алтайн хойлог шувуу”-г тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн төлөөлөгч ******** “...хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан...” гэх мэдүүлэг (хх-27), шинжээчийн 2976 дугаар “1. Шинжилгээнд ирүүлсэн хөлдөөсөн шувууны хүйс нь эр Тахиатан-Galliformes (Gelbler, 1836) баг, Гургуулынхан-Phasianidae овгийн Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gelbler, 1836) гэдэг зүйл байна. 2. Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gelbler, 1836)-н экологи-эдийн засгийн нэг толгойг 130,000 төгрөгөөр үнэлэгддэг. 5. Алтайн хойлог-Tetraogallus altaicus, (Gelbler, 1836) нь Ховор амьтны жагсаалт, Монгол Улсын улаан номонд орсон зүйл” гэх шинжилгээ (хх-52-54), гэрч ******** “...Нутгаасаа гарахын өмнө ******** гэх танил ахын хамаатны хүн ачаа дайсан юм. Дотор нь юу байгааг мэдэлгүй аваад гарсан. Тэгээд сая 22-ын товчоогоор орж ирэхэд цагдаагийн алба хаагчид шалгахад хойлог шувууны мах байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-29-30), гэрч ******** “...********надаас “бие муу, хэрэглэх гэсэн юм, хойлог шувууны мах мэдэж байгаарай” гэсэн. Тэгсэн сумын төвд нэг танихгүй хүн “...хойлог шувууны мах зарах гэсэн юм” гэхээр нь би ********руу ярьсан чинь “авья” гэхээр нь би 300,000 төгрөгөөр авч өгсөн...” гэх мэдүүлэг (хх-47), шүүгдэгч Д.********ын “...********надад “замын машины хүн хэдэн төгрөг хэрэг болоод байна, нэг хойлог шувууны мах зарна гэнээ” гэхээр нь би 300,000 төгрөгийг ******** данс руу шилжүүлж худалдаж авсан. Би хориотой болохыг мэдээгүй болохоор ямар нэгэн асуудалтай юм гэж бодсонгүй...” гэх мэдүүлэг (хх-72), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-5-8) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг гэж, 7 дугаар зүйлийн 7.6-д “Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэж тус тус хуульчилжээ. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-ын шувууны төрөл зүйлийн 17-д “Алтайн хойлог Tetraogallus altaicus” гэж бүртгэгджээ.    

Иймд шүүгдэгч Д.********ын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн “Алтайн хойлог шувуу” нэг ширхгийг худалдан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан. Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон Алтайн шувууны амьтны аймаг, хүрээлэн буй орчинд хохирол учирсан бөгөөд Алтайн хойлог-Tetraogallus altaicus гэх ховор шувууны нэг толгойг 130,000 төгрөгөөр экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч ********мөрдөн шалгах ажиллагааны явцад Төрийн банк дахь Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 дугаар дансанд 260,000 төгрөг төлсөн (хх-93) байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалтад заасан Алтайн хойлог шувууг 300,000 төгрөгөөр худалдан авсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн зэргийг харгалзсан...” гэж,

шүүгдэгч “Гэм буруугаа ойлгосон” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч ********нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ховор амьтан буюу Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, байгаль орчинд хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (Амьтны аймаг, хүрээлэн буй орчинд хохирол учирсан, хохиролд 260,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн төлөөлөгч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдал, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нэг ширхэг “Алтайн хойлог шувуу”-г уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт ********н ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.********од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа нэг ширхэг “Алтайн хойлог шувуу”-г уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР