Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

мөрдөгч С.Дэмбэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********, өмгөөлөгч Ж.Төмөрхуяг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Б.Жаргал,

шүүгдэгч ********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2203005330542 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ************

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ********нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 21 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Тэс Петролиум” ШТС-ын зүүн замд “Тоуоtа Prius” маркын ********улсын дугаартай, ойрын гэрэл бүдэг асдаг болсон буюу стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган зорчигч ********мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 7,766,000 төгрөг өгсөн. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээгүй. Маш их харамсаж байна. Чадах чинээгээрээ туслана” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ганц хүүтэй байсан. Маш их гомдолтой байгаа. Жолоогоо жаахан хажуу тийш дарсан бол миний хүү амьд байх боломжтой байсан гэж бодож байна. Гүйцээчихсэн юм биш байгаа гэж бодож байгаа. 40 гаруй минутын дараа түргэн дуудсан байсан. Анхны тусламж үзүүлээгүй. Сэтгэл санааны хохирол 500 саяаас 1 тэрбум төгрөг нэхэмжилж байна. Банкны зээл 20 сая төгрөгийг чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Мөрдөгч С.Дэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл жолоодох ёстой. Гэрлийн тусгал шаардлага хангаагүй байсан. 10,000cd байхаас 5,300cd байсан нь жолоочид үзэгдэх орчныг хязгаарласан гэж үзсэн. Уг үзэгдэх хүрээндээ тохирох хурдаа тохируулаад явах ёстой. Гэрлийн тусгал шаардлага хангаж байсан бол явган зорчигчийг харах боломжтой байсан. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Явган зорчигч замын хөдөлгөөнд санаатай саад учруулахгүй байх үүрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн техникийн шинжээчийн дүгнэлтэд ослын өмнөх гэмтэл, ослын үндэслэл болох эсэхийг тогтоох боломжгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд зааснаар мөрдөгчийн магадлагаа гаргасан” гэв.

 

Эрүүгийн 2203005330542 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********гийн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 16-нд биеэ эмчлүүлэхээр ирсэн. Осол болох өдөр талийгаач хүү маань ...15 цагийн орчимд “лагерь явлаа, эхнэр дээрээ очно” гээд гарсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад цагдаагаас залгаад ослын талаар хэлсэн. ...Би гомдолтой байна, ганц хүүгээ алдчихлаа, би нойр булчирхайн хавдартай, эмчилгээ хийлгэдэг, хүү маань намайг эмнэлэгт үзүүлж дагуулж явдаг байсан. Буяны ажилтай холбоотой гарсан зардал, бусад цаашид гарах зардлыг нэхэмжилж байна. Талийгаач хүү маань утас, цахилгааны төлбөр гээд бүхнийг төлдөг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2022.09.26-ны өдрийн 2382 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Талийгаачид гавлын суурь ясны салсан хугарал, их болон бага тархины орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний зүүн талын олон хавирганы хугаралууд, зүүн, баруун уушгины уг, дэлбэн хоорондын цус хуралт, няцрал, уушгины авчийлт, зүүн өвдөгний үений салсан хугарал, хэлэн доорх яс, төвөнхийн мөгөөрсний хугарал, нүүрний яснуудын салсан ил хугаралууд, нэг шүдний булгаралт, дух, зүүн хацар, зовхи, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун эгэм, бугалганд цус хуралт, баруун ташаа, бүсэлхий, зүүн шилбэнд зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн мөргөгдөх үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн, амь насанд аюултай, шинэ гэмтлүүд байна. 3. Шууд үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5.Ходоод шинжлэхэд 20.0-30.0мл хар сааралдуу өнгийн өтгөндүү агууламжтай байна. 6. В/3/ бүлгийн цустай байна. 7. Талийгаачийн цусанд 3.1, ходоодны шингэнд 7.1 промилл спиртийн зүйл илэрсэн байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэжээ (хавтаст хэргийн 90-96 дахь тал),

Шинжээч Ө.Сарангэрэлийн: “Амь хохирогч ********цусанд 3.1, ходоодны шингэнд 7.1 спиртийн зүйл илэрсэн. Би дүгнэлтэд илрээгүй гэж оруулсан байна. Химийн шинжилгээний 7253 дугаартай хариуг бичих гэж байгаад андуурч бичсэн байна. Энэ хариунд хорт бодис, эмийн бодис илрээгүй гэж бичих байсан. Энэ хариу нь хавсрагдсан байгаа. Согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

Гэрч ********: “Би 2022 оны 09 сарын 06-ны орой 21 цаг 10 минутын орчимд Daewoo маркийн ********улсын дугаартай бохирын автомашиныг жолоодоод Баянхошууны Хөтөл рүү өгсөөд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Эсрэг урсгалын голын тасархай шугаман дээр нэг согтуу эрэгтэй зогсож байсан. Тэр хүн миний талаас харахад цаашаа хараад зогсож байсан. Эсрэг урсгалын автомашинууд 2 эгнээгээр явж байсан бөгөөд явган зорчигчийн 2 талаар нь гараад явсан. Би “энэ хүн машинд мөргүүлчихвий дээ” гэж бодож байтал эсрэг урсгалд 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин явган зорчигчийг зүүн урд хэсгээрээ мөргөөд 1 дүгээр эгнээ рүү дараад зогссон. Явган зорчигч мөргүүлэх үедээ миний явж байсан эгнээ чиглэлтэй нэг алхам алхах шиг болсон тэгэхэд хойноос 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин мөргөсөн. Мөргүүлсэн явган зорчигч миний машины урдхан хэсэгт үргэлжилсэн хос шугаман дээр унасан. Би шууд машинаа зогсоогоод буугаад очиход явган зорчигчийг мөргөсөн машины жолооч эрэгтэй бууж ирсэн. Би тэр хүнд “Чи хараагүй юм уу, дуудлага өгөөрэй” гээд би цагдаа руу, тэр хүн эмнэлгийн байгууллага руу дуудлага өгсөн. Тухайн үед мөргөсөн автомашины жолооч ар гэрийнхэн рүүгээ залгаж байсан. Намайг ослын газарт байхад түргэн тусламжийн автомашин ирээд эмч нь машинд мөргүүлсэн хүнийг үзээд “амьсгал хураасан байна” гэж хэлсэн. Дараа нь дүүргийн замын цагдаа ирээд миний мэдээллийг аваад намайг явж болно гэж хэлсэн. ...Машинд мөргүүлсэн эрэгтэй агаар дээр 2, 3 эргээд газарт унасан, хувцас шидэж байгаа юм шиг л унасан. Явган зорчигчийг замын голд зогсож байхад 2, 3 машин хоёр талаар нь тойроод гарч байсан. Замын гэрэлтүүлэг асаж байсан хэдий ч бүдэг асаж байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022.09.20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “1. Т.Рrius 20 маркын ********улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь ...Баруун талын дугаарын гэрэл асахгүй, ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй, салхины шил зүүн хэсгээр нэлэнхүйдээ хагарсан, зүүн талын толь байхгүй, зүүн талын их гэрлийн дээд шинж хугарсан, каподны зүүн урд ирмэгээр бага зэрэг хонхойсон зэрэг эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 3. Баруун талын дугаарын гэрэл асахгүй, ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй зэрэг нь ...хуучин гэмтэл байна. Эдгээр гэмтлүүд нь осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэжээ (хавтаст хэргийн 79-84 дэх тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022.10.25-ны өдрийн 1203 дугаар магадлагааны дүгнэлтэд: “1. Т.Рruis-20 маркын ********улсын дугаартай автомашины жолооч ********нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, ...гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон; мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. 2. Явган зорчигч ********нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. 3. Осол, хэрэг үйлдэгдэх үед Т.Рruis-20 маркын ********улсын дугаартай автомашины жолооч ********нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 4 дүгээр хавсралтын 5.3, мөн дүрмийн 12.2-т заасан заалтыг зөрчсөн нь осол, хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэжээ (хавтаст хэргийн 161-163 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч ********: “Би Т.Приус маркын ********улсын дугаартай автомашиныг 2018 оны 10 дугаар сард худалдан авсан. 2022 оны 09 сарын 06-ны орой 21 цаг 20 минутын орчимд манай бэр ******** над руу залгаад ******** зам тээврийн осол гаргачихлаа гэж хэлсэн. Надад автомашины эвдрэл хохиролтой холбоотой санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Ослын улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах үүргээ хүлээнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 35 дахь тал),

Гэрч ********: “2022 оны 09 сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд талийгаач “ээжийгээ эмнэлэгт үзүүлнэ” гээд гарсан. Сүүлд 20 цаг 09 минутад би талийгаачтай утсаар ярихад “Миний нэг ажил бүтсэн, охиноо гадагш тэмцээнд явуулах мөнгөө олчихлоо, удахгүй очиноо” гээд салгасан. 19 цагт утсаар ярихдаа Их дэлгүүрээс гарч явна гэж байсан. Тухайн өдрийн өглөө талийгаач Хайлаастад лагерьт байх гэрээсээ гарсан. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

дуудлагын лавлагааны хуудас (хх-3), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-12), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-13),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-120), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-41), жолоочийн “B,C,CE,D ангиллын, хүчинтэй, зөрчлийн 10 оноотой” гэх лавлагаа (хх-124), хохирлын баримтууд (хх-141-160, 180-186) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн мөрдөгч С.Дэмбэрэлийн сертификатны 1 хуудас хуулбар,

хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролтой холбоотой гэх 23 хуудас баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч ********нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 21 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Тэс Петролиум” ШТС-ын зүүн замд Тоуоtа prius маркын ********улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5.3-т Гэрлийн бүрхүүл бохирдсон /гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон/, мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ********мөргөж, түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Бодит хохирлын 13 баримт, нийт 13,916,453 төгрөг нотлох баримтын шаардлага хангана. Шүүгдэгч 7,7 сая төгрөг төлсөн...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчтай санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх мөрдөгчийн магадлагаа нь Сонгинохайрхан дүүргийн техникийн төвийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Ойрын гэрэл шаардлага хангахгүй байгаа нь хуучин гэмтэл, осолд нөлөөлөхгүй гэсэн. Иймээс Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Оршуулгын зардлыг төлөхөө илэрхийлж байгаа. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг үлдээж өгөх гэж найдаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргал “Шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаар “нөлөөлөх эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн байхад боломжтой гээд мөрдөгчийн магадлагаа гаргасан нь үндэслэлгүй. Үзэгдэлт хангалтгүй үед гэсэн байгаа. Замын хөдөлгөөний дүрэмд давуу эрхийн ойлголт байгаа. Хууль зөрчиж магадлагаа гаргаж болохгүй. Хуулийг нэг мөр мөрдөх ёстой. Буруутай үйлдлийг тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэрэл муутай машин замын хөдөлгөөнд орохыг хязгарлаагүй байгаа...” тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргал, Б.Энх-Эрдэнэ нарын “Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. мөрдөгчийн магадлагаа нь хууль бус тул шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022.09.20-ны өдрийн шинжээчийн “...баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6300 cd, хол дээрээ 20900 cd, зүүн талын их гэрэл ойр дээрээ 5100 cd, хол дээрээ 22100 cd, (стандарт 10,000-225,000cd) байна. 1. Т.Рrius 20 маркын ********улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь ...ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй, ...эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна... ” гэх дүгнэлт (хх-79-84)-ээр шүүгдэгч Б.********ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогджээ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дугаар зүйлийн а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” үүргийг жолоочид хүлээлгэхийн зэрэгцээ тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглож, хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө гэж тус тус заасан байна.

Уг дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-д “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу дор дурдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно” гээд тухайн хавсралтын 5 дугаар зүйлийн 5.3-т “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэжээ.

Өөрөөр хэлбэл гэрэл нь бүдэг асдаг болсон буюу тээврийн хэрэгслийн стандартын шаардлагыг хангахгүй байгаа гэмтэлтэй, техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь бүрэн дүүрэн, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Улмаар техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл буюу гэрэл нь бүдэг асдаг болсон тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй нь гэрч ******** “...өгсөөд явж байхад эсрэг урсгалын голын тасархай шугаман дээр нэг согтуу эрэгтэй хүн зогсож байсан. Тэр хүн миний талаас харахад цаашаа хараад зогсож байсан. Эсрэг урсгалын автомашинууд явган зорчигчийн 2 талаар нь гараад явсан. Би “энэ хүн машинд мөргүүлчихвий дээ” гээд бодож байтал эсрэг урсгалын 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин явган зорчигчийг зүүн урд хэсгээрээ мөргөөд...” гэх мэдүүлэг (хх-46), дуудлагын лавлагааны хуудас (хх-3), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч (хх-5-6, 7, 8), мөрдөгчийн магадлагаа (хх-161-163) зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт шинжилгээ журмыг зохицуулсан бөгөөд 27.11 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж заасан байх бөгөөд улмаар мөрдөгчийн магадлагаанд шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих зүйлийг тусгах, магадлагааг хэрхэн танилцуулах зэргийг хуульчилсан байна. Шүүх хуралдаанд оролцсон мөрдөгч С.Дэмбэрэл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасны дагуу мөрдөгчийн магадлагаа гаргасан. Тухайн тээврийн хэрэгслийн ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй байсан. Шаардлага хангаж байсан бол явган зорчигчийг харах боломжтой байсан. Гэрлийн тусгал нь 10,000cd байхаас 5100cd болж бүдэг асаж байсан нь жолоочид үзэгдэх орчныг хязгаарласан байна гэж үзсэн” гэх мэдүүлгийг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэм буруугийн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.             

Шүүх хуралдаанаар шүүгдэгч ********нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 21 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Тэс Петролиум” ШТС-ын зүүн замд “Тоуоtа Prius” маркын ********улсын дугаартай, ойрын гэрэл бүдэг асдаг болсон буюу стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас хохирогч ********мөргөж, амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********гийн “...Шөнө 00 цаг өнгөрч байхад цагдаагаас залгаад ослын талаар хэлсэн. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-23-24), шүүх эмнэлгийн 2382 дугаар “1. Талийгаачид гавлын суурь ясны салсан хугарал, их болон бага тархины орой болон суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний зүүн талын олон хавирганы хугаралууд, зүүн, баруун уушгины уг, дэлбэн хоорондын цус хуралт, няцрал, уушгины авчийлт, зүүн өвдөгний үений салсан хугарал, хэлэн доорх яс, төвөнхийн мөгөөрсний хугарал, нүүрний яснуудын салсан ил хугаралууд, нэг шүдний булгаралт, дух, зүүн хацар, зовхи, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шарх, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун эгэм, бугалганд цус хуралт, баруун ташаа, бүсэлхий, зүүн шилбэнд зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо. 4. Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт (хх-90-96), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн “1. Т.Рrius 20 маркын ********улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь ...Баруун талын дугаарын гэрэл асахгүй, ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй ...эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна...” гэх шинжилгээ (хх-79-84), гэрч ******** “...эсрэг урсгалын голын тасархай шугаман дээр нэг согтуу эрэгтэй хүн зогсож байсан. Тэр машинууд явган зорчигчийн 2 талаар нь гараад явсан. ...эсрэг урсгалд 2 дугаар эгнээгээр явж байсан автомашин явган зорчигчийг зүүн урд хэсгээрээ мөргөөд 1 дүгээр эгнээ рүү дараад зогссон...” гэх мэдүүлэг (хх-46), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 1203 дугаар магадлагаа (хх-161-163) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.********ийн ойрын гэрэл стандартын шаардлага хангахгүй буюу бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигчийг мөргөхгүй байхаар харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган хүний гарц, гарамгүй, хайс, хашилтгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан хохирогч ********мөргөж амь насыг нь хохироосон болгоомжгүй үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.  

Иймд шүүгдэгч ********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Оршуулгын зардал 14,814,000 төгрөг, эмийн хэрэглээний зардал 2,758,000 төгрөг, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.2-т зааснаар 21,172,000 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 500 саяас 1 тэрбум төгрөг гаргуулах, ипотекийн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан хохирлын баримт (хх-141-160, 181-186)-уудаар нийт 7,470,513 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд 147 дугаар хуудсанд байгаа Төрийн банкны 90,000 төгрөгийн, огноо, цаг хугацаа ижил 2 ширхэг баримтыг давхардсан гэж үзэн дүнг 90,000 төгрөгөөр хохиролд тооцов. Түүнчлэн хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа буюу эх баримт биш хуулбар, тамга, тэмдэг, гарын үсэггүй, ахуйн хэрэглээний хүүхдийн шампунь, ванны хөөс, оймс, “Юнител” ХХК-ийн хэрэглэгчийн төлбөр, ариун цэврийн хэрэглэл, бичиглэл бүхий баримт дээр гараар нэмж бичсэн тэмдэглэл бүхий баримтуудыг энэ хэрэгт хамааралтай эсэхийг тогтоох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.     

Шүүх хуралдаанд гаргж өгсөн баримтуудаас УБТЗ-ын 7 ширхэг тийзний үнэ 165,200 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаж байна гэж дүгнэн, бусад баримтууд цахилгаан, төлбөр, байрны мөнгө, үүрэн телефоны буюу утасны төлбөр, эмнэлгийн 2022.08.19-ний өдрийн 300,000 төгрөгийн, 2022.08.29-ний өдрийн 105,000 төгрөгийн, сэтгэл санааны хохирлын 500 саяас 1 тэрбум төгрөг, гэм хорын хохирлын талаарх нотлох баримтууд нь иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул дээрх хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа хуулийн шаардлага хангуулан цуглуулж, бэхжүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж байна.

“Өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хохирогч сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

Шүүгдэгч Б.********оос нотлох баримтаар тогтоогдсон хохиролд нийт  7,470,513+165,200 төгрөг буюу нийт 7,635,713 төгрөг төлөхөөр тогтоосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч 7,766,247 төгрөг төлсөн нь шүүх хуралдаанд оролцогчдын мэдүүлэг, тайлбараар тогтоогдсон тул төлбөл зохих хохирлыг төлсөн байна гэж шүүх үзээд шүүгдэгч ********энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэж, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч төрийн албан хаагч, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн асуудлаар хэлэх зүйлгүй. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргал “Хэлэх зүйлгүй” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвшөөрөхгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа харанхуй үед, үзэгдэлт хангалтгүй үед хурдаа тохируулж яваагүйн улмаас явган хүний гарц, гарамгүй, хайс, хашилтгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, оршуулгын зардалд баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдолтой, сэтгэл санааны хохирол, цаашид гарах бусад зардлаа нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа, цаашид хохирол төлөхөө илэрхийлж байгаа)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасч, 2 (хоёр) жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй үзлээ. Тухайлбал шүүгдэгч ********гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон буюу үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн боловч учруулсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, 1 хүний амь нас хохироосон хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг сонгож, ялын хэмжээг 3 жилээр тогтоосон бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Б.********ийн жолоочийн В, C, D, E ангиллын *******дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *********ын ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.********ийн жолоочийн В, C, D, E ангиллын ********* дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож, “Сэтгэл санааны хохирол, тэжээн тэтгэхтэй холбоотой” болон хохирлын бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР