Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А** овгийн Д.Б-гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210023111428 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А*** овгийн Д.Б нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1 ганцаараа, *** аймгийн *** сумын *** 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, тус хаягт оршин суудаггүй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Д.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ** дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дүгээр байрны гаднаас хохирогч Б.Б-ын эзэмшлийн Giant АТХ850 маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ мэдүүлэхдээ Тухайн өдөр архи уусан байсан тул би болсон асуудлыг сайн мэдэхгүй байгаа. Маргааш өдөр нь цагдаа дээр дуудаад надад бичлэг үзүүлэхэд дугуй унаж яваа хүн би мөн байсан. Би *** аймгийн *** сумын *** дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч энэ хаягт 10 жилийн өмнө амьдардаг байсан. 2000 оны эхээр Улаанбаатар хотод ирсэн. Хэрэгт холбогдох үедээ барилгын ажил хийж байсан. Байрлан ажиллуулах барилгын ажилд орж ажил хийж, тухайн газраа байрлаж амьдардаг байсан. Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяг байхгүй. Хохирогчид учирсан хохирлыг миний дүү төлнө гэж байгаа, хохирогч хүн утсаа авахгүй байна гэж хэлж байсан. Гэм буруу дээр маргахгүй, бичлэг хараад би мөн байсан болохоор би хэргийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Эрүүгийн 2210023111428 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 23:44:35 цагт “Хан-Уул дүүргийн ** хороо, ** хотхоны ** дүгээр байрны гаднаас унадаг дугуй алдсан” гэсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 8 дугаар хуудас), Б.Б-ын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

2.Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

3.Яллагдагч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

4.Дамно ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ХУ1-22-908 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, үнэлгээ хийгдсэн дугуйны гэрэл зураг (хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас),

5.Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дүгээр байрны гадна тал руу харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг буулгасан гэрэл зураг (хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас),

6.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А*** овгийн Д.Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А*** овгийн Д.Б-гийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 25 (хорин тав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны ** дүгээр байрны 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 880,000 (найман зуу наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Б-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс тоолсугай.

9.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА