Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

 

 

 

 

2023          01          16                                        2023/ШЦТ/81

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

          улсын яллагч Ц.Төгөлдөр,

          шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан эрүүгийн 2209006281960 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, Г.Ш, /регистрийн дугаар ..../, ... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Г.Ө” уран зургийн дэлгүүрт худалдагч, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Г.Шнь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 28 дугаар байрны тоотод үйл ажиллагаа явуулдаг “N.T” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрийн орлогын мөнгө болох 4.873.800 төгрөгийг завшиж, хохирогч Б.Б 4.873.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Ш-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Шнь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 28 дугаар байрны тоотод үйл ажиллагаа явуулдаг “N.T” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрийн орлогын мөнгө болох 4.873.800 төгрөгийг завшиж, хохирогч Б.Б 4.873.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ш дээрх бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

шүүгдэгч Г.Ш-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Би “N.T” дэлгүүрт 7 дугаар сарын сүүлээр ажилд орж 10 дугаар сарын эхэн хүртэл ажилласан. Дээрх ажиллаж байх хугацаандаа кассад бэлэн байсан мөнгөнөөс хувьдаа авч ашиглаж байсан. Энэ үйлдлийг маань захирал Баясгалан мэдэж надтай уулзсан. Би тухайн үедээ өөрийн учруулсан хохирлоо бүрэн барагдуулах хүсэлт захиралд бичиж өгсөн. Бас захирлын хамт бараагаа тоолж үзсэн. Нийт 4.873.800 төгрөгийн хохирол учирсан байсан. Би “N.T” дэлгүүрийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо 28 дугаар байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг салбар дэлгүүрт нь худалдагч кассчин албан тушаалд ажиллаж байсан. Хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би учруулсан хохирлоо барагдуулах болно...” гэх мэдүүлэг /xx-ийн 60/,

 

хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 8 дугаар сард Шинэзаяа гэх охиныг Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 28-2 тоотод байрлах “N.T” гэх дэлгүүрийн салбарт худалдагчаар авсан. 10 сарын сүүлээр Шинэзаяа нь аавын бие муудсан. Ажлаасаа гармаар байна гэж хэлсэн. Тэгвэл 1 хоногийн чөлөө өгч байна. Аав дээрээ очоод ир. Эргэж ирээд ажиллаарай гэсэн. Тэгээд би хяналтын камерын бичлэгийг шүүгээд үзэхэд Шинэзаяа өдрийн орлогыг хэсэгт хувааж тавиад нэг хэсгийг өөртөө авч байгаа харагдсан. Өмнөх өдрүүдийн камерын бичлэгийг шүүж үзэхэд Шинэзаяа найз залуугийн хамт суучхаад кассаас мөнгө авч байсан. Энэ тухай өөрт нь хэлж бичлэгийг үзүүлэхэд хийсэн хэргээ хүлээж, амлалт бичиж өгсөн. Хэдэн төгрөг авсан юм бэ гэж асуухад хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна гэж хэлээд байсан хэлээд байсан. Би бараагаа Шинэзаяагийн хамт тоолоход 4.873.800 төгрөгийн бараа дутсан. Ийм мөнгө дутаж байна. Энэ авсан чинь үнэн юм уу гэхэд Шинэзаяа тиймээ үнэн. Би үнэнчээр ажиллаж хохирлоо барагдуулна гэж хэлсэн. Гэвч бие өвдөөд байна гэсэн шалтгаанаар ажилдаа хэд хоног ирээгүй. Гар утас руу нь залгахад өөр газар ажил орсон. Эндээсээ мөнгөө өгье гэж хэлсэн. Мөнгөө өгөхгүй удаад байхаар нь цагдаад хандсан. Ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажилд авсан гэсэн гэрээ байгуулаагүй. 4.873.800 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын дүнг электрон моон гэх программыг ашиглаж гаргасан. Шинэзаяаг ажилд орох үед нь тоолж өгсөн барааг гарах үед нь дахин тоолсон. Зөрүү мөнгө дутагдал нь энэ юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Тооллогын тайлан /хх-ийн 17-21/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Шнь 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 28 дугаар байрны тоотод үйл ажиллагаа явуулдаг “N.T” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрийн орлогын мөнгө болох 4.873.800 төгрөгийг завшиж, хохирогч Б.Б4.873.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.Ш дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Б4.873.800 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс дээрх 4.873.800 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Шүүгдэгч Г.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Ш-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Г.Шнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Г.Шнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-аас 4.873.800 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б(РД:)-д олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР