Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1045

 

Т.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Майбаяр,

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Г.Баярмаа, П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Мын гаргасан давж заалдах гомдлоор Т.Мт холбогдох 1811000120232 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М, 1986 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид Г-10 дугаар гудамж, 843 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /;  

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 31 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 518 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч Г.Мнь:

- 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 8-117 тоот хашаанд байх иргэн Г.Эрдэнэбаярын эзэмшлийн 65-42 УБН улсын дугаартай “Хьюндэй аксент” маркийн автомашинаас 15 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, автомашины аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 454,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, 

- 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн задгайд оршин суух иргэн Х.Нямгаваагийн эзэмшлийн монгол гэрт цоожийг нь эвдэн нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,  420,000 төгрөгийн хохирол учруулан,

- 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн задгайд оршин суух иргэн М.Бат-Эрдэний эзэмшлийн монгол гэрт хаалгыг нь эвдэн нэвтэрч, 300,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулан тус тус хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Мт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Т.Мт давхардуулан оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, Хальбин овогт Туваандоржийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мын цагдан хоригдсон 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Маас 260.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г задгай тоотод оршин суух Монгол овгийн Хажидсүрэнгийн Нямгаваад /РД:НК93032815/ олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Т.Мын бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.М давж заалдах гомдолдоо: “...Би 2003 онд Уртцагааны барилгачдын холбоонд барилгын засал чимэглэлийн мэргэжлээр суралцаж, 4 дүгээр зэрэгтэй төгссөн. Би одоо ээж, аавтайгаа хамт амьдардаг. Аав Туваандорж 78 настай хагас харвалтын байдалтай асаргаанд байдаг. Ээж Мажигмаа 74 настай, гэртээ байдаг. Би 2004 оноос эхлэн барилгын компанид хувиараа ажиллаж, гэр бүлээ авч явдаг байсан. Одоогоор аав, ээж нар болох миний гэр бүл тэжээгч, асрагчаа алдан маш хүндрэлтэй амьдарч байна. Би хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгож ухаарсан. Миний бие нь ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, чин санаанаас ухамсарлаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, засарч хүмүүжихээ амлаж байна. Иймд эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр ялыг минь бага ч гэсэн хөнгөрүүлж өгнө үү... ” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгч Г.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.М нь өөрийнхөө үйлдсэн хэргийг бүрэн хүлээн зөвшөөрч, гэм  буруугийн талаар маргаангүй. Шүүгдэгч Т.М нь анхан шатны шүүх хурлын өмнө зарим хохирлоо төлсөн. Хохирогч Х.Нямгаваагийн хохирлыг анхан шатны шүүх хурлын өмнө өгөх гэсэн боловч хохирогч Х.Нямгаваа нь хөдөө явсан байсан. Эхнэр нь нялх  хүүхэдтэй гэртээ байдаг болохоор холбогдож чадаагүй. Шүүх хурлын дараа хохирогчтой уулзаад Т.Мын эх Мажигмаа нь хохирлыг өгсөн байдаг. Шүүгдэгч Т.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн. Дахин ийм хэрэг хийхгүй байж чадна гэж давж заалдах гомдолдоо дурдсан байдаг. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

 Прокурор Ц.Майбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хохирлоо бүрэн төлсөн байхыг шаарддаг. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэргийг анхан шатны шүүхэд хянан хэлэлцэхэд хохирол бүрэн төлөгдөөгүй байсан учраас анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Мын үйлдсэн гэмт хэрэгт 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Тухайн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Шүүгдэгч Г.Мнь:

- 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 8-117 тоот хашаанд байх иргэн Г.Эрдэнэбаярын эзэмшлийн 65-42 УБН улсын дугаартай “Хьюндэй аксент” маркийн автомашинаас 15 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, автомашины аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 454,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан, 

- 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн задгайд оршин суух иргэн Х.Нямгаваагийн эзэмшлийн монгол гэрт цоожийг нь эвдэн нэвтэрч, “Самсунг” загварын 42 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 420,000 төгрөгийн хохирол учруулан,

- 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-ийн задгайд оршин суух иргэн М.Бат-Эрдэний эзэмшлийн монгол гэрт хаалгыг нь эвдэн нэвтэрч, 300,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” загварын 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулан тус тус хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Г.Эрдэнэбаярын “...Би хувиараа гоо сайханы бараа бүтээдэхүүн зардаг юм. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 хороо Зүүн тасганы 8-117 тоотод байрлах найз охиныхоо гэрт ирсэн юм. Тэгээд машинаа хашааны гадаа тавьчихсан байж байгаад орой 23 цагийн үед хашаа руу оруулж тавьсан. 2019 оны 3 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед босоод гадаа гараад машинаасаа юм авах гээд машин руугаа орсон чинь миний машины арын суудал дээр байсан гоо сайханы бүтээгдэхүүн байхгүй байсан. Тэгээд тэр нийтийн байрны хяналтын бичлэгийг үзээд манай хадам аавын таньдаг хүн байсан гэсэн. Тэгээд камерыг нь шүүж үзэхэд хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн машинаас аккумлятор аваад явж байгаа бичлэг байсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн...” /хх 92-94, 162-163/,

            хохирогч Х.Нямгаваагийн: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг өнгөрөөгөөд эхнэр хүүхдийн хамт гэрээсээ гарсан ба Дэнжийн 1000-д байх аавынхаа гэрт очиж цай, хоол идчихээд 17 цаг 40 минутын үед ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. ...Тэгээд би гайхаад гэртээ ороход гэрийн хамаг юм эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд эд зүйлээ бүртгэхэд гэрт байсан 42 инчийн Самсунг маркийн  LCD зурагт алга болсон байсан ...” /хх 18-21/,

            хохирогч С.Хүрэлтогоогийн: “...Миний санаж байгаагаар 2017 оны 12 дугаар сарын 19-өөс 20-ны өдөр манай гэрийн хаалгыг эвдээд хулгайч орж хар өнгийн Самсунг брэндийн 32 инчийн LCD зурагт алга болсон ба тэр даруй цагдаад хандаж байсан. ...хулгай гарсан өдөр манай гэрээс зурагт болон гар утас алдагдсан гэж бодож байтал дараа нь гэрээ цэвэрлэж байхдаа Самсунг маркийн гар утсаа олсон...” /хх 159-161/,

            гэрч Б.Энх-Амгалангийн “...дэлгүүр дээрээ ажлаа хийгээд байж байтал 40 орчим насны эрэгтэй хүн гаднаас гартай тортой юм барьчихсан, гоо сайхны бараа хямдхан зарна гэсэн. ...маргааш өглөө нь дэлгүүр дээрээ ирээд тухайн барааг үзэж амжаагүй байхад гаднаас цагдаа нар орж ирээд хураагаад аваад явсан...” /хх 95-96/,

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-14, 81-84/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 88-99/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 148-154/, эд зүйлийн үнэлгээ /хх 55, 121, 170/, М.Бат-Эрдэний гэрт хийсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гарын хээ нь Т.Мын зүүн гарын эрхий хурууны хээтэй тохирч байгааг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06/049 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 45-48/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Т.Мын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд түүний бусдын орон гэрт хаалгыг нь эвдэн нэвтрэн орж, тус гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Прокуророос Т.Мын үйлдсэн нэг төрлийн гэмт хэргийн гурван үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тусад нь зүйлчлэн шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх бүхэлд нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс Т.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ялын хэмжээ нь их биш төдийгүй, түүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт урьд 3 удаа ял шийтгүүлсэн атлаа дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байгаа хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул шүүгдэгч Т.Мын гаргасан “...оногдуулсан ялыг багасгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Харин шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Мын цагдан хоригдсон 148 хоногийг 142 хоног гэснийг зөвтгөсөн өөрчлөлтийг энэхүү магадлалаар оруулж, шүүгдэгч Т.Мын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор заасан хохирлыг хохирогч Х.Нямгаваад бүрэн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн 602 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч Т.Мын цагдан хоригдсон 142 /нэг зуун дөчин хоёр/ хоногийг...” гэснийг “...шүүгдэгч Т.Мын цагдан хоригдсон 148 /нэг зуун дөчин найм/ хоногийг...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад заасан 260,000 төгрөгийг хохирогч Х.Нямгаваад шүүгдэгч Т.М нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЧ

 ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ